БНХАУ-ын Эрээн хотноо 2018 оны 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд болж буй “Монгол, Орос, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт–2018” болон үзэсгэлэн худалдаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төр засаг, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
8 дугаар сарын 18-ны өдөр болсон чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар үг хэлэв. “ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй хоёр болон гурван талын хамтын ажиллагаанд монголын тал өндөр ач холбогдол өгч ирсэн”-ийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав онцлон тэмдэглэж, Эрээн хотод зохиогддог “Монгол, Орос, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт” нь гурван улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд зохих түлхэц үзүүлж буйг тэмдэглэв.
Чуулга уулзалтын хүрээнд болж буй үзэсгэлэн худалдаанд манай 70 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан худалдаалж байна. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаатай танилцах үеэрээ манай улсаас оролцож буй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсов.