Хангайн бүсийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж байна

2018 оны 08-р сарын 16 өдөр, 22 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11_copy

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хангайн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт  (2018.08.16-17) болж байна. Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны удирдлагууд, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Архангай, Банхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 200 гаруй хүн оролцож байгаа юм.

         Хангайн бүсийн зөвлөгөөнийг нээж үг хэлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Өмнөговь  аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд  нар тус зөвлөгөөнд оролцогчдод салбарт шинэ хөгжлийн үе эхэлж байгааг онцолж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа тодорхой ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах, шинээр батлуулан хэрэгжүүлж байгаа хуулийн хэрэгжилтийг хангахад идэвхи зүтгэлтэй санаачлага гарган ажиллах чухал мөч салбарын хэмжээнд тулгарч байгааг хэлж, мөн энэхүү зөвлөгөөнөө ажил хэрэгч явуулснаар үйл ажиллагаанд нь тодорхой ахиц гарна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

         Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцаж байгаа юм.

Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, ажлын байр бий болгох, улмаар монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд бүхий л үйл ажиллагаа чиглэж байгааг илтгэл тавигсад онцоллоо.

        2018 онд мал аж ахуйн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэх, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийх, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, хангамж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зэрэг олон зорилтыг өмнөө тавьсан ХХААХҮЯ-ны зорилт эхний найман сарын байдлаар 70 гаруй хувьтай байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат илтгэлдээ дурьдлаа. Ингээд Хүнс,Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Хангайн бүсийн зөвлөгөөнд салбарын яамнаас тавигдсан илтгэлүүдээс онцлох ишлэлүүдийг түүвэрлэн хүргэе.

ХХААХҮЯамны ТНБДарга Д.Энхбат: Салбарын бодлого зорилт маш тодорхой, түүнийг хэрэгжүүлэх арга замуудаа харьцангуй сайн томъёолж тодорхойлоод ажил хэрэг болгож байгаа энэ цаг үед хөдөө аж ахуйд хөгжлийн шинэ үеийг авчрах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг та бидэнд оногдож байна. Энэ хариуцлагатай ажлыг бид чин сэтгэл, сахилга хариуцлага, зөв зохион байгуулалт, уйгагүй хөдөлмөрөөрөө хийж хэрэгжүүлж чадна. Та бүгд яг ийм сэтгэл зүрхээр ажилдаа хандаж байгаа гэдэгт итгэл дүүрэн байна

ХХААХҮЯамны МААБХЗГ-ын дарга Д.Батмөнх:  2017 оны байдлаар мал аж ахуйн салбар нь ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 28 хувь нь тус салбарт ажиллаж, экспортын орлогын 6,6 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 169.7 мянган малчин өрх аж төрж, 303.6 мянган малчин, 3 мянган фермер бий. Мал аж ахуйн салбар нь 426 мянган тонн мах, 919,5 сая литр сүү, 96.7 сая ширхэг өндөг, 14.5 сая ширхэг арьс шир, 30.6 мянган тонн ноос, 10 мянган тонн ноолуур бэлтгэх түүхий эдийн нөөцтэй. 2018 оны тухайд мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, малын ашиг шимийг сайжруулах, үржүүлгийн ажил, үйлчилгээний цар хүрээг өргөтгөх, малын эрүүл мэндийг хамгаалах, гоц халдварт, халдварт өвчингүй тайван бүс, нутгийг баталгаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах зэрэг олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

ХХААХҮЯамны БТГ-ын  ахлах мэргэжилтэн Г.Сувдаа: Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай гэсэн таван хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Тус салбарт одоогоор “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна

ХХААХҮЯамны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ: 2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна.Аймаг бүрээс ирүүлсэн мэдээдэлд тулгуурлан наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээгээ хангана гэж үзэж байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллана. Ургац хураалтын хугацаанаас өмнө хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж, ургацыг байгаль цаг уурын болзошгүй эрсдэлээс хамгаалан, үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийж, зам, гүүрээ засварлахыг зөвлөж байна.

ХХААХҮЯамны Хөнгөн ҮБХЗГ-ын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа: Салбарын хэмжээнд “Үйлдвэржилт 21:100″, “Ноолуур” гэсэн үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд эхнээсээ үр дүн нь гарч байна. Тухайлбал, 21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулах зорилт бүхий хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт малын тэжээл, хатгамлын, Хөвсгөл аймагт хуурай сүүний, Дархан-Уул аймагт шингэн бордооны үйлдвэр байгуулсан. Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Дархан-Уул аймагт тус тус хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил дуусаад байна. Мөн Баянхонгорт аймагт ЖДҮ-ийн инкубатор төвийг ашиглалтад орууллаа. Увс, Орхон, Говь-Алтай аймагт мал төхөөрөх үйлдвэрийн барилгын ажлыг эхэлж, Өвөрхангай аймагт шинээр мах боловсруулах үйлдвэр байгуулах юм

ХХААХҮЯамны Хүнсний ҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох: 2018 онд хүнсний үйлдвэрлэл, хангамж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүнсний боловсруулах үйлдвэрийн технологийн түвшинг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын чадавхийг сайжруулах, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн менежментийг боловсронгуй болгох, Монгол Улсаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна

ХХААХҮЯамны ЖДҮХБХЗГ-ын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа: Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд бичил, жижиг, дунд гэсэн ангиллыг бий болгож, үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг оновчтой болгож, бүсчлэн хөгжүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах, татварын таатай орчныг бүрдүүлэх зорилготой олон шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Түүнчлэн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрт “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” гэсэн концепцийг суулгаж байгаа бөгөөд баг, хороо, сум, дүүрэг, аймагтаа брэнд бүтээгдэхүүнээ зарлаж, улсын хэмжээнд төдийгүй олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэнэ гэж харж байна

ХХААХҮЯамны МҮББХЗГ-ын мэргэжилтэн Ц.Түмэнбаяр: Монгол Улсад баталгаажсан үүлдэр, омгийн цөм сүргийн 3.1 сая толгой мал байна. Үүнээс, Сэлэнгэ аймагт орхон үүлдрийн нарийвтар ноост, хангай үүлдрийн нарийн ноост, ерөө үүлдрийн мах-ноосны нарийвтар ноост, Өвөрхангай аймагт баянгол омгийн мах-өөхний бүдүүн ноост, Төв аймагт жаргалант үржлийн хэсгийн нарийвтар ноост, алтанбулаг үүлдрийн хэсгийн мах-өөх бүдүүвтэр ноост, өнжүүл үржлийн хэсгийн ноосны чиглэлийн мал үржүүлж байна. Энэ онд малын үржил, бүртгэлийн салбарын тухайд Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сурталчлах таниулах, үржилд ашиглаж буй хуц, ухныг мэргэжлийн байгууллагын мэдэлд шилжүүлж, гойд ашиг шимт, шилмэл малыг баталгаажуулах, Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем бий болгох зэрэг тодорхой зорилтууд дэвшүүлсэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх