Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

2018 оны 08-р сарын 15 өдөр, 10 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ee0d005684be4cad6abaea8526b3ecf3

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд “Тавантолгой түлш” компанид ажиллан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Тус компани жилд 100 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Таван тонн түлшний үнэ түүхий нүүрснийхээс хямд буюу 150 орчим мянган төгрөг байх тооцоо гарсан байна. Мөн эдний боловсруулсан таван кг түлш найман цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан тухай “Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг танилцууллаа.

Нийслэлийн гэр хорооллын нэг өрх жилд таван тонн нүүрс түлдэг гэж үзвэл 214 мянган өрхийн нүүрсний жилийн хэрэглээ нэг сая гаруй тонн. Тавантолгойн нүүрс илчлэг сайтай учир үйлдвэрүүд 600 гаруй мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэхэд энэ хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.

Нийслэлийн төвийн бүсэд 52 мянга, Баруун бүсэд 97 мянга, Зүүн бүсэд 53 мянга гаруй  өрх байдаг. Энэ онд төвийн бүс буюу “ТЭЦ-2”, Баруун бүс буюу Толгойт дахь “Мега”, Зүүн бүс дэх үйлдвэр тус бүр 100 мянга, нийт 300 мянган тонн  боловсруулсан түлш үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мөн өдөр боловсруулсан түлш үйлдвэрлэж байгаа БНСУ-ын нэр бүхий компанийн туршилтын ажилтай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх