Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг өнгөрсөн ням гарагийн үүрээр осолдож, олон хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр төмөр замыг сэргээн засах ажил дуусч, хэвийн үйл ажиллагаанд оруулаад байгаа юм.
Тэгвэл осол болох үед тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигч, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажилчин тус бүрт 300.000 мянган төгрөг олгохоор болжээ. Энэхүү нэг удаагийн мөнгөн тусламжийг “Ган зам даатгал” компаниас гаргахаар болсон байна.
Тусламжийг УБТЗ-ын мэдээлийн санд бүртгэгдсэн зорчигчдын жагсаалтыг үндэслэж олгох тул тус галт тэргэнд сууж явсан нийт зорчигчид өөрийн зорчих эрхийн тасалбар, иргэний үнэмлэх, албан үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс албан байгууллагынхаа тодорохойлолт, ажлын үнэмлэхийн хамт “Ган зам даатгал” ХХК-д хандана уу.
Осол гарсан өдөр гэмтэл бэртэл авч, төв, орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст дээрх 300,000 /гурван зуу/ мянган төгрөгийн тусламжийг газар дээр нь бэлнээр шуурхай олгоод байна.
Үүнээс гадна, энэ ослоос гэмтэл бэртэл авсан зорчигчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг холбогдох материалыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа, хувь хэмжээгээр тооцон олгоно.
Хаяг: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 45/3, “Одод” цогцолбор-201 тоот
Холбоо барих утас: (21) 242667, (21) 242668
И-мэйл: daatgal@gzd.mn
Эх сурвалж: “Ган зам даатгал” ХХК
Sohorson bish zavshiv gegch l boloh shiv