Н.Амартүвшин: Залуучууд дуу хоолойгоо нэгтгэх ёстой

2018 оны 08-р сарын 13 өдөр, 10 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amka

Цахим сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн отгон салбар боловч мэдээллийн хамгийн шуурхай хэрэгсэл болж байна. Уг салбарт өөрийн гэсэн өнгө, төрхийг тодорхойлон ажиллаж буй Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо байгуулагдаад хэдийнэ хоёр жил гаруй болжээ. Энэ удаагийн ярилцлагын буландаа бид тус холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшинг урилаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа, та бүхэнд бас өдрийн мэнд хүргэе.

-Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо хамгийн олон сайтыг эгнээндээ нэгтгэсэн холбоо болжээ. Одоо гишүүнчлэл хэр хүрээгээ тэлж байна вэ?

-Баярлалаа. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо анх байгуулагдахдаа цахим сэтгүүлзүйг хөгжүүлэх, тус салбарт ажиллаж байгаа редакцийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Өнөөдөр манай холбоонд 100 гаруй мэдээллийн сайт гишүүнчлэлтэй. Үүнд өдөр тутмын мэдээллийн 70 гаруй сайт, бизнесийн болон төрөлжсөн 40 гаруй сайт багтаж байна. Бид мэдээллийг хил хязгааргүй орчинд амьдарч буй Монголчууддаа түргэн шуурхай хүргэхээс гадна гишүүдийнхээ хөндөгдөж буй эрх ашгийг хамгаалах, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэж, хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Сэтгүүлзүй бол нийгмийг эмчлэгч гол хүч, тийм учраас манай холбоо ч нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.

-Өнөөдөр цахим сэтгүүлзүй нилээн хүчтэй хэрэгсэл болж байгаа. Гэхдээ энэ хэрээр уг салбарт ажиллаж байгаа байгууллага, редакциуд чадваржих шаардлага байна гэж хардаг л даа?

-Мэдээж тийм шүү. Өнөөдөр цахим сэтгүүлзүй уламжлалт сэтгүүлзүйг хүч түрэн ажиллаж байгаа, цаашид техник технологи хөгжихийн хэрээр тэдгээр шинэчлэлтэй хослон илүү хүчирхэгжих болно. Энэ үед мэдээллийн хүчтэй суваг байхын тулд бид өөрсдөө чадваржихыг нийгэм өөрөө шаардаж байна. Манай холбоо ч энэ чиглэлд илүүтэйгээр анхааран ажилладаг. Олон ч ажил хийж хэрэгжүүлсэн, хийхээр ч төлөвлөн ажиллаж байна.

-Та тэдгээр ажлуудаасаа дурьдаач?

-Гурван хэсэгт авч үзэж болох байх. Нэгт Холбооны гишүүдийн эрх ашиг, хөгжил Хоёрт Цахим сэтгүүлзүйн тулгарч буй асуудал, шийдэл Гуравт Нийгмийн хариуцлага…

Холбооны гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, чадваржуулах чиглэлээр олон ажил хийгдэж байгаагийн нэг нь Корпорайт трейнинг сургалтын төвтэй хамтран долоо хоногийн хоёр өдөр чадавхжуулах сургалтуудыг хичээллүүлж байна. Сургалт сайтуудын удирдлагуудад засаглалын манлайлал, багийн менежмент, хууль эрхзүйн чиглэлээр явагдаж байгаа бол ирэх намраас сайтуудын сэтгүүлч, программист, админууд, менежерүүд, маркетингийн багуудад чиглэсэн сургалтуудыг орохоор төлөвлөн ажиллаж байна.

Мөн салбартаа болж буй томоохон үйл ажиллагааг бусад байгууллагуудтай нэгдэн зохион байгуулж нийгэмд хүрэх дуу хоолойгоо нэгтгэн ажилласаар байна. Тухайлбал өнгөрсөн тавдугаар сард бид Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бусад байгууллагатай хамтран цахим сэтгүүлзүйн хоёрдугаар форумыг зохион байгууллаа. Мөн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ахмад, дунд, залуу үеийн сэтгүүлч нарыг нэгтгэсэн хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж салбарынхаа хөгжлийн талаар ярилцсан. Тус сарын сүүлээр хэвлэл мэдээлэлд хамгийн их боогдмол хууль болсон хэмээн салбарынхан үзэж буй зөрчлийн тухай хуулиар нээлттэй хэлэлцүүлгийг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран зохион байгууллаа. Гэх мэтчилэн салбараа хөгжүүлэх тус салбарын бодлогыг тодорхойлох олон ажлуудыг хийж байна.

-Өнөөдөр залуучууд сошиалд их идэвхитэй болжээ. Энэ үед холбоо “Сошиал клуб” байгуулсан байна. Энэ ямар учиртай клуб вэ?

-Бид өнөөдөр мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Иргэд олон мэдээлэл дунд төөрч өөрт хэрэгтэй мэдээллээ төдийлөн авч чадахгүй байгаа нь бодит байдлаас харагдаж байна. Сүүлийн хэдэн жил Монголд сошиал хурдацтай хөгжсөн нь сайн, муу талуудтай байгаа. Ихэнхдээ хар бараан мэдээлэл давамгайлж байна. Энэ их хар бараан мэдээлэл эцэстээ нийгмийг бухимдуулж байгаа учир үүнийг бид өөрчилж мэдээллээр дамжуулж соён гэгээрүүлэх үүднээс хэд хэдэн клуб холбооныхоо дэргэд байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь “Монголын Сошиал нэгдэл” клуб. Өнөөдрийн байдлаар манай холбооны гишүүн сайтууд тэдгээрийг хөгжүүлж буй фэйсбүүкийн групп, пэйжүүд нэгдэн давхардсан тоогоор нийт долоон сая дагагч бүхий гишүүдэд мэдээлэл хүргэн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл нэг эерэг мэдээлэл 100 гаруй сайтаар нэгэн зэрэг хүрч, давхардсан тоогоор сошиалын долоон сая хэрэглэгч хүлээн авах боломжтой гэсэн үг.

-Сошиалын идэвхитнүүд хамрагдаж болох уу?

-Пэйж, групп хөгжүүлээд явж буй олон иргэд, албан байгууллагууд байгаа. Эдгээр хүмүүс Монголын сошиал нэгдэлд нэгдэж нийгмийг соён гэгээрүүлэх эерэг хандлагыг олон нийтэд түгээх энэ үйлсэд гар бие оролцож нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлээч хэмээн уриалж байна. Нөгөө талаар та цаашид Монголын сошиал нэгдэлд нэгдсэнээр тодорхой хэмжээний санхүүгийн хөшүүргийг бий болгох ч боломжтой. Энэ нь маркетингийн хамгийн зөв хэлбэр байж болох юм. Мэдээж хамгийн гол зүйл бол Бид иргэдэд эерэг мэдээллийг хүргэснээр нийгмийн бухимдал стрессийг анагаах гарц хэмээн үзэж байгаа юм. Үүнд урлаг соёлынхон түлхүү нэгдэж байгааг дуулгахад таатай байна. Иргэн та facebook-ийн (МОНГОЛЫН СОШИАЛ НЭГДЭЛ) групп-д элсэж админаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

-Соёл урлаг гэснээс уг холбоо энэ жил урлаг соёлынхныг дэмжих жил болгон зарласан байна лээ?

-Манай холбоо энэ жилийг “Урлаг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Урлагийнхны мэдээ мэдээллийг системтэйгээр олон нийтэд хүргэж тэдний уран бүтээлийг алдаршуулах ажлуудыг хийж байна. Урлаг гэхээр зөвхөн дан ганц дуу хуур гэж төсөөлж болохгүй. Урлагийн бүхий л төрөл зүйл жанерын уран бүтээлчидтэй уулзаж, санал сэтгэгдэл солилцож, эх орныхоо хөгжилд бодит үлгэр дууриалал болохуйц уран бүтээлүүдийг хамтран хийж олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Үүнд: Яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, дуучид, бүжигчид, жүжигчид, зураач, гэрэл зурагчид гэх мэт хувь уран бүтээлчид болон тус чиглэлээр үйл ажиллаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бид энэхүү ажлаа СОЁЛЫН ДОВТОЛГОО гэж үзэж байгаа юм. Мэдээж энэхүү “довтолгоонд” шинэ залуу уран бүтээлч гэж өөрийгөө хойш нь тавилгүй бидэнтэй нэгдээрэй гэж залуусыг уриалмаар байна.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ямар ажлууд хийж байна вэ?

-Бид голдуу салбар салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийгэмд хүргэх дуу хоолойг эерэг хандлага руу хүргэх ажлуудыг хийж байна. Жишээ нь Үндэсний түүхийн музейтэй хамтран Монгол соёл уламжлалыг үр хойчдоо үлдээж, өв соёлоороо бахархах, сэдэл төрүүлэхүйц ажлуудыг цахим мэдээллээр дамжуулан өрнүүлсээр байна. Өвөр Монголын радио телевизийн хороо шинэ мэдээллийн төвтэй хамтран хоёр орны салбарын туршлага солилцох хүрээнд эх орныхоо соёлыг түгээн сурталчилж байна. Монголын аутизмын холбоотой хамтран дэлхийн аутизмын өдрийг өнгөрсөн хугацаанд хамтран зохион байгууллаа. Мөн хүүхэд багачуудаа өв соёлоороо бахархах олон улсын хүүхдийн загварын их наадмыг хамтран зохион байгуулалаа. Өнөөдөр нийгэмд болж буй аливаа хүмүүнлэгийн ажлуудад ихэнхдээ мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байна даа.

-Бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо аливаа ажилд хамтран оролцоход хэзээд бэлэн байх болно оо.

  А.Бэхи

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/08/13 15:59

    Үхсэн ац луйварчид биз шантаачны гарууд холбоо гэх шиг

    (0) (0)
  2. zochin
     (192.168.8..***)
    2018/08/13 11:57

    эерэг хандлагын төлөө залуучууд нэгдэх хэрэгтэй

    (0) (0)