Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Баянхонгор аймгийн ”Лениний зам” сонины 70 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ. Хөдөөгийн ард түмэнд соёлын үр тарьж, шинэ соргог мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр 1948 оны тавдугаар сарын 1-нд анх байгуулагдсан ”Лениний зам” сонин эдүгээ 70 жилийнхээ түүхт ойтой золгож байна. Монгол Улсад Сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэх, тэр тусмаа орон нутагт мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх, дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн ”Лениний зам” сонин, энэ сониноос эхтэй ”Өнөөгийн Баянхонгор” сонины үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчид, хамт олон, Баянхонгор аймгийн уншигчид Та бүхэнд ”Лениний зам” сонины түүхт 70 жилийн ойн мэндийг Монголын сэтгүүл зүйн салбарын хамт олны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Тогтмол хэвлэл гэдэг өнгөрсөн түүхийн гэрч, баримт болон үеийн үед хадгалагдан үлддэгээрээ онцлогтой. Монголчуудын, тэр дундаа Баянхонгор аймгийн ард түмний 70 жилийн амьдрал, тэмцэл, амжилт бүтээл, алдаа оноог өөрийн нүүр хуудсандаа баринтаглан хадгалж, иргэддээ шинэ соргог, мэдээ мэдээллийг цаг хугацаатай уралдан түгээх хүндтэй агаад хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэсээр ирсэн ”Лениний зам” сонины үе үеийн ахмад сэтгүүлчид, уран бүтээлчид, зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү үед сэтгүүл зүйн үүргээ амжилтай биелүүлж, ардчилал, шударга ёсны төлөө тэмцэн, хүний эрхийг дээдлэн ажиллаж байгаа ”Өнөөгийн Баянхонгор” сонины сэтгүүлчид, ажилтан албан хаагчид Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
105 жилийн түүхтэй Монголын Үндэсний Сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллагын хувьд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс орон нутгийн салбар зөвлөлүүдээ дэмжих, хөдөө орон нутагт ажиллаж байгаа сэтгүүлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, редакциудын хараат бус байдлыг хангах чиглэлээр олон сургалтуудыг шат дараатайгаар зохион байгууллаа. Мөн анх удаа 21 аймгийн сэтгүүлчдийг нэгтгэн ”Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-ыг амжилттай зохион байгуулж, салбар зөвлөлүүдээ шинэчлэн, гишүүн бүртэйгээ хамтран ажиллах, тэдэнд мэдээ, мэдээлэл өгөх цахим орчинг бүрдүүлээд байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь цаашид аймаг, орон нутагт ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, дотоод болон гадаадад сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллага, редакциудыг бэхжүүлэх, төсөл хөтөлбөр санаачлан, төр хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг олон талт ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мэргэжил нэгт эрхэм сэтгүүлчид, ”Лениний зам”, ”Өнөөгийн Баянхонгор” сонинтой 70 жил хамт байсан Баянхонгор нутгийн уншигч, захиалагч Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, амжилт хүсье.
Монгол Улсын сэтгүүлзүйн салбарын хөгжил мандан бадрах болтугай!
МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР