Ц.Баттуяа : Урхи

2018 оны 08-р сарын 10 өдөр, 12 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uguulleg

Гуниггүй хонгор салхи намуухан исгэрч, түүний аясаар нуурын ус чимээгүй долгилно. Нуурын эргийн бяцхан сандал дээр нэгэн залуу зүүрмэглэн сууна. Гэнэт утасны хонх дуугарахад залуу давхийн цочиж сэрлээ. Үүний хамт хаанаас гарч ирэв гэмээр бяцхан хуй дайраад өнгөрөв.

-Би насгүй болсон хүн. Намайг битгий их зовоогоорой. Миний амьдралд нэгмөсөн орж ирэхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л яваад өг. Намайг ахиж битгий зовоогоорой. Ганцхан энийг л наминчлан гуйя! гэсэн мессеж ирсэн байлаа.

Залуугийн харц агшин зуураа түрэмгий болж, хөмсөгөө зангидав. -Насгүй болсон гэнэ ээ? Энэ чинь юу гэсэн үг вэ? Чи худлаа хэлж байна уу? гэж өөрөөсөө асууж байгаа мэтээр алс хол, магадгүй харийн нэгэн оронд түүний тухай бодон суугаа тэрхүү мессежний эзнээс асуулаа. Саяхан нуурын усны энэ намуухан долгионд сэтгэл баясч, алс хэтийн сайхан учралыг мөрөөдөн суусан атал тэрхүү гэгээн азжаргалыг нь саяхан хүчтэй исгэрсэн хуй хийсгээд одох шиг боллоо. Бодол болон зүүрмэглэж суусан залуугийн харц төдхөнөө гунигаар дүүрч, зүрхнээс нь нулимс дуслах мэт болж, зангидсан хөмсөгнийх нь атираанд амьдрал тэр чигээрээ хавчигдан гийнганаж байх шиг. Саяхан чимээгүй исгэрч байсан салхин одоо залуугийн уртавтар тас хар үсээр оролдон хүчлэн исгэрнэ. Залуугийн үс салхинаа хийсэхийн хамт нуурын усны долгио ширүүсч, одоо бүр чимээ нь сонсогдож байлаа.

Залуу утсандаа нэгэн дугаарыг хийсэн боловч залгаж чадалгүй салгалаа. Тэрээр гэнэт ухаарсан мэт утасаа залгавал утас авахдаа санаа алдах дуу тодхон сонсогдоход:

-Би чамд хайргүй ч чамаас хагацаж яавч чадахгүй гэж зангирсан хоолойгоор хэлээд, яаран утасаа таслав. Энэ үед залуугийн хацрыг даган нулимс урсаж байлаа.

Гэтэл бас хаа нэгтээ, түүнээс магадгүй хэдэн бээрийн алсад нэгэн бүсгүй нулимсандаа үйх гэж байлаа. Түүний сэтгэлийг гунигийн сүүдэр бүрхчихээд, хав харанхуй огторгуй зүрхэнд нь харлаж байв.

Бүр жил гаруйн өмнө энэ хоёр мэссежээр танилцаж байсан юм. Эхний өдрүүдэд ч тэд азжаргалаар бялхаж л байсан. Гэтэл нэг л зүйл тэдний энэ нандин харилцаанд саад болж эхэлжээ. Нэгж… Хүний амьдрал үргэлж л ямар нэг зүйлээр дутагдаж байдаг шүү дээ. Тэгвэл тэр хоёрын амьдрал нэгжээр л дутдаг байлаа. Харин сэтгэлээр бол цалгидаг байсан юм шүү. Гэхдээ тэдний энэхүү сэтгэл нэгжийг орлож чадах болов уу.

Өдөр бүр л бие биенээсээ мэссеж хүлээдэг байлаа. Ууганцэцэг өөрийнхөө амьдралын азжаргалыг Тамиргүйгээр төсөөлж чадахгүй байв. Тэр мэссеж бичиж байхдаа л хамгийн жаргалтай. Өглөө бүр хамгийн түрүүнд түүнтэй мэндэлж, үдэш бүр хамгийн сүүлд “Сайхан амраарай” гэж хэлдэг хүн нь Тамир. Гэтэл хоёр сар гаруйн дарааханаас Тамираас мэссеж ирэхгүй болов. Учрыг асуувал тэр нэгжгүй л гэнэ. Түүнээс мэссэж ирэлгүй бүр сар болох нь ч энүүхэнд. Ууганцэцэг түүнд уурлаж ч үзлээ. Гэтэл тэр түүнээс уучлалт гуйгаад “Миний буруу” гэдэг байлаа. Үүнд нь бүсгүй уярчихна. Сүүлдээ тэд сав л хийвэл үг зөрөлдөөд байдаг болчихов. Тэр болгонд Ууганцэцэг л тэсвэрлэшгүй араншин гаргадаг байсан ч тэр өөртөө бол Тамирын өмнө ямар ч буруугүй байв. Магадгүй тэр залууд өөрийн хань шигээ л хартай ханддаг байсан байх л даа.

Одоо ч гэсэн өөрөө л эхэлж хагацая гэж хэлчихээд яг салдаг дээрээ салж чадахгүй шаналж байгаа билээ. Гэхдээ тэр хоёр ганц ч удаа уулзаж байгаагүй юм шүү. Гэвч Ууганцэцэг залууг мартах гэж хичээж үзсэн. Сэтгэлээ барьж, яг л мартдагийн даваан дээр түүнээс мэссеж ирдэг байлаа. Тэгээд л ахиад л үг зөрнө. Баяртай гэнэ. Ахиад хоёр сарын дараа гэхэд мэссеж ирнэ. Хэн хэнээсээ салж чадахгүй дассанаа мэдэрсээр атлаа л биесдээ тунисаар байв. Гэтэл амьдрал гэдэг мөнхийн эргэлзээн дунд орших боловч хэзээ ч түүнээр тохуурхаж болохгүй шүү дээ. Үүнийг л тэд ойлгох хэрэгтэй байсан. Бүсгүй хүн гэдэг хэзээний л тэвчээрийн заагтай байдаг учир Ууганцэцэг энэ бүгдийг тэвчиж чадахгүй болохдоо ийнхүү зоримог алхам хийсэн юм. Яг л түүний санасанаар Тамир шаналж эхэлсэн ч түүн дээр гүйгээд ирсэнгүй. Хэрвээ түүнийг хүрээд ирсэн бол ямар ч залуу байлаа, алуурчин, хайгуулчин, супэрмэн, бизнэсмэн, ер нь хэн ч байсан ч “хайртай” гээд тэврээд авахад бэлэн байлаа. Гэтэл тэр ирсэнгүй. Тэгсэн хэрнээ бас л салж чадахгүй гээд байх. Энэ бүхэн бүсгүйг улам ихээр бухимдуулж байв. Гэвч Тамир үүнийг мэдэж байгаа болов уу? Ер нь тэр хоёр яах гэж учирсан юм бол оо? Ингэж биесээ зовоохын тулд уу? Үгүй байлгүй дээ. Ингэж бодохлоор бүсгүй бүр амиа хорлочих шахна гээч. Гэвч тэр амьдралд дэндүү хайртай. Гагцхүү тэр ч биш ер нь бүгд л амьдралд дэндүү их хайртай шүү дээ. Тэгээд ч царайг нь ч хараагүй залуугийн төлөө энэ сайхан амьдралаас татгалзана гэдэг дэндүү тэнэглэл. Гэтэл Ууганцэцэг түүний зүсийг мэдэхгүй ч, сэтгэлийг даанч дэндүү мэднэ. Бараг өөрөөс нь илүү гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй.

Залуугийн сэтгэл нэг л тогтворгүй. Түүнийг гэр лүүгээ харьж явтал гэнэт бороо цутгачихав. Яг л гэнэт ирсэн тэр мэссеж шиг… “Одоо яахав. Ямар үйлтэй хорвоо вэ? Түүн дээр шууд л гүйгээд очих уу? Гэтэл хэзээ мөдгүй хорвоог орхих гэж буй түүнд би өөрөө ч мэдэлгүй дурлачихвал өөртөө л лай хурааж буй хэрэг болно. Очихгүй гэтэл даанч хүн чанаргүй хэрэг болох юм даа”. Ууртай цутгаж буй бороо Тамирт огт сонин байсангүй. Харин энэ л бодлууд сэтгэлийг нь аянга мэт ниргэж байв.

-Чи хаана байна?

-Сургууль дээрээ. Тодруулж хэлбэл ангидаа гав ганцаараа сууж байна.

Гэтэл утас тасарлаа.

Хаалганы завсараар сэмээр харвал түүний нүдний өмнө урт шаргал цув, түүн дээр сул асгарсан хар үс тодоос тод харагдав. Бүсгүй цонх руу харан, ямар нэгэн юмыг өөртөө хэлж суух ажээ. Гэвч хэлж байгаа үг нь үл сонсогдоно.

Мөрөн дээр нь хэн нэгэн хүрэхэд, бүсгүй давхийн цочилоо. Гэвч эргэж харсангүй.

-Би хүрээд ирлээ гэж чичирсэн хоолойгоор хэлэхэд

-Тийм байна аа гэж дуулдах төдий хэлэв. Яг тэр үед залуу Ууганцэцэгийг тэврэн аваад, чимээгүй уйллаа. Түүний хацрыг дагаж урссан нулимс бүсгүйд мэдрэгдэж байв. Учир нь Тамир бүсгүйн хацарт хацраа наасан байлаа. Магадгүй хэзээ ч салахгүй гэж…

-Чи юунд уйлаа вэ?

-Би чамайг үхүүлмээргүй байна.

-Би үхэхгүй ээ.

-Юу?

-Чи хүрээд ирсэн болохоор би үхэхгүй ээ.

-Яаж?

-Би чамайг ирэхгүй бол амиа хорлож магадгүй байсан. Даанч амьдралд хорогдоод байлаа.

-Би чамайг өвдсөн гэж бодсон.

-Тийм ээ. Би чамайг тэгж бодно гэдгийг мэдэж байсан л байхгүй юу?

-Чи тэгээд өвчин тусаагүй юм уу?

-Тийм ээ. Би өвчин туссан. Би галзуурсан. Харин түүнийг эмчлэх эм нь чи байсан.

-Би тэгээд чамайг тэр өвчинөөс яаж аврах вэ?

-Зүгээр л миний дэргэд бай. Ах минь байна уу, амраг минь байна уу, анд минь байна уу? Надад хамаа алга. Зүгээр л миний дэргэд бай.

-Дэргэд чинь… Дэргэд чинь үүрд үлдэе.

Ууганцэцэг түүн рүү эргэж харан зогслоо. Түүний нүд гуниглуун атлаа ямар нэгэн юманд тэмүүлсэн юм шиг ажээ. Мөн тэрхүү нүднээс баяр гэрэлтэж байлаа. Энэхэн мөчид л тэр хамгаас үзэсгэлэнтэй ажээ. Тамир түүнийг чанга гэгч нь тэврэв. Хэзээ ч тавихгүй гэсэн мэт…

Ц.Баттуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх