Нийслэлийн хэмжээнд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 8-н хорооны нутаг дэвсгэрт үер буусан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос үерт автсан нийтийн эзэмшлийн гудамж талбай болон айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн билээ.
Тухайлбал өнөөдөр дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон ‘’Баяндэмбэрэл’’ ХХК ариутгал халдваргүйжүүлэлтийг 27 дугаар хороонд хийж байгаа юм. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг “Hi-Cop” бодисоор, айл өрхийн нүхэн жорлонг Хлорын шохойгоор ариутгал хийж нян бактери, вирусийг устгаж байгаа бөгөөд тус хорооны хувьд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх нэн шаардлагатай 775 өрхийн 543.000 м.кв талбай байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.