Тэр бүсгүй /өгүүллэг/

2018 оны 08-р сарын 09 өдөр, 21 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
38242743_697883333898163_2855711952540270592_n

Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос улсад ирээд жил гаруй болчихсон учраас Зоригт солонгосчуудын яриаг зуун хувь биш ч наян хувьтай ойлгодог болжээ. Мэдээж тэр хараар ажиллаж байгаа учраас хамаагүй өөдөөс нь хэдэрлэж болохгүй, удаан ажиллаж болохгүй. Тиймээс өвдөг нь модон шал дээр зулгарсан ч гэлээ шүд зуун өвдөглөн сууж хөлгийн тавцан дээрх загасны хайрс, тос, үнэр нэвт шингэсэн модон шалыг алчуураараа зүлгэж гарав. Өвдөгнийхөө доор зөөлөвч болгон хэрэглэдэг хамгаалалтын өвдгөвч нь ч нэмэр болохгүй байлаа. Хүний арьс байнгын хүйтэн, нойтон, чийглэг газар үрэгдсээр байвал амархан шалбарч тэр нь тэнгисийн өтгөн манан чийгний гайгаар эдгэж өгөхгүй удах нь гачлантай. Урагш хойш ийнхүү дахин дахин тонголзон зүлгэх бүрийд ажилд орсон эхний үедээ зугаатай, заримдаа сунаж мөргөж буй ч юм шиг санагддаг байж билээ. Гэвч мянга зүлгээд ч модон шалны холтос дундуур шигдээд орчихдог мөнгөлөг саарал загасны хайрснууд, усанд ороод ч арилахаасаа өнгөрсөн тэнгисийн шорвог ус, замагтай холилдсон янз бүрийн загаснуудын үнэрээс болоод хэдэн өдрийн дараагаас ажилдаа шантарч эхэлжээ. Гэхдээ цалин мөнгөний ахиуг нь бодон гүрийсээр л байв. “Би заавал энд дахин таван жил ажиллана. Тэгээд мөнгөө цуглуулж байгаад энэ боолын нийгмээс хурдан арилж эх нутагтаа хаан шиг амьдрах болно доо. Бас эх нутагт нь түүнийг хүлээн бэтгэрч байгаа хонгорхон янаг бүсгүйгээ гэргий болгон авна. Бид хоёрын амьдрал яг л солонго шиг олон янзын аз жаргалын өнгөтэй, өврөөрөө дүүрэн үр хүүхдүүдтэй амьдрах болно доо” гэж шалаа зүлгэх зуураа тэр бодсоор л байв.
-Зоригт оо, чи юу бодоод байна? гэж хажуугаас найз нь болох Идэрээ нудрав. Тэр хоёрын солонгос дахь нөхөрлөл жилийн өмнөөс эхэлсэн. Анх хамтдаа нүүлгэлтийн компанид ажиллаж танилцсан юм. Айлуудыг нүүлгэх ажил амаргүй. Тавилга сэлт, нарийн нандин овор ихтэй бараанд нь сэв зураас суулгачихвал тэдний цалин хөлснөөс хасагдан зовж олсон хэдэн вон голыг нь харлуултал дундарчихлаар хэнд олигтой байв гэж. Тэгээд ч хамаагүй хүнд жинтэй ачаануудыг зөөсөөр байтал ууц нуруу өвддөг болж аргагүйн эрхэнд ажлаасаа гарч, энэ ажилд орсон юм. Идэрээ ч төд удалгүй араас нь орж иржээ.
-Найз нь эх нутагтаа очвол яаж амьдрахаа л бодож сууна.
-Аанхан. Хайртай хүүхнээ бодсоор л байна уу? Та хоёр тэгээд тийм дотно байсан хэрэг үү? Чи ирээд жил болчихлоо. Цаадах чинь аягүй бол нэг хар юмтай болчихсон доо.
-Юу гэж дээ, Хулан тийм биш.
-Гэнэхэн хонгор юм даа чи. Тийм сайхан хүүхэн юу гээд л чам шиг хөлсний хар ажилчинг хүлээгээд байхав дээ.
-Чи муу ер нь яасан өмхий амтай новш вэ, дандаа ийм бузартай юм ярьж байдаг гэж Зоригтыг ундууцахад өнөөх нь уурлуулсандаа бах нь ханасан бололтой, пар пар хийн чангаар инээж,
-За тоглосон юм даа анд нь, тайвшир гэхүйд тэдний хажуугаар өнгөрч явсан хөлгийн эзний туслах солонгос ямар нэгэн хараал амандаа чангаар тавин хурдан ажиллахыг сануулан цааш одлоо. Түүнийг цаашлахыг хүлээн чимээгүй суусан Идэрээ дөнгөж хөлгийн тавцангаас буув уу үгүй юу –Энэ муу дандаа яахаараа ингэж зандарч байдаг кимчи вэ, ер нь тэгж ярих юм бол гэж дүрэмдэж байтал өнөөх эр тавцан дээр дахин гарч ирлээ. Идэрээ ч бушуухан амаа хамхиж модон шалыг зулгартал арчиж гарав. Солонгос эр түүнийг харангуутаа жуумалзан инээж, -Сайн монгол, сайн монгол гэж магтчихаад яваад өгөв. Түүнийг хэрхэн хөглөж байгааг ажигласан Зоригт хурдхан шиг тавцанг цэвэрлэчихээд явмаар бодогдов. Тэр хоёр хөлгийн тавцангийн аравны нэгийг л цэвэрлэсэн мэт санагдах бөгөөд агнуурын хөлгийн хитэг хүртэл туулж барагдамгүй элсэн цөл шиг л харагдана. Нар шингэсний дараа тэр хоёрын ажил дуусч нийтийн байр руугаа ядарч туйлдсан хоёр эр хурдан метронд сууж ирэв. Ойр хавьд нь зогсох хотын иргэд тэднээс ялгарах загас, хөлс холилдсон хурц үнэрээс зугтан дөлцгөөж, зарим нь хурдхан шиг буухын түүс болцгоож явав. Үнэндээ бол өдөр болгон л иймэрхүү зүйл болдог бөгөөд заримдаа агнуурын хөлөг маш их загас агнаж ирсэн бол байрандаа очиж амждаг ч үгүй байлаа.
Нийтийн байрандаа ирэхэд өрөөнийхөн нь аль хэдийн ирчихсэн, зарим нь хоолоо идэн, ганц нэг нь унтаж байх бөгөөд нэг өрөө байранд дор хаяж л найм есүүлээ амьдарцгаадаг байв. Энэ байранд тэр хоёр л хамгийн удаж байгаа нь бөгөөд бусад нь ирж л байдаг, явж л байдаг хүмүүс юм. Тиймээс ч нэг өрөөнийхөн хоорондоо тийм ч дотно бус. Дор бүрнээ л амьдрах гэж ядаж яваа хүмүүс учраас энэ өрөөнд дундын үнэтэй цайтай зүйл ч байхгүй, нийтээрээ хоол хийж иддэг ч үгүй байлаа. Жижгэвтэр хөргөгч байх ч тэнд нь хоол хийчих эд материал байна гэж үгүй, яагаад гэвэл нэг нь ахиухан шиг юм авч тавьчихаад өглөө нь ажилдаа гаран орой ирэхэд алга болчихсон тохиолдол хэд хэд гарчээ.
-Зоригт оо хоёулаа гарч юм идэнгээ ганц ганц сөжү мултлах уу? гэж Идэрээг асуухад,
-Маргааш үүрээр таван цагт босно шүү дээ. Дэмий юм биш үү, харин юм идэж болж байна гэж Зоригт хариулав. Тэр хоёр олигтой юм идсэн ч үгүй, нэг нэг бэлэн гоймон авч идэн амарцгаажээ.
Өдөр хоногууд ээлжлэн өнгөрч нэгэн хэмийн дуусашгүй, хүнд хүчир ажлууд үргэлжилсээр л байв. Зоригт эцэж туйлдатлаа ажиллан ядарч унах гэж байгаа амьтан гудсан дээрээ чүү ай хувцсаа тайлан нүдээ анихын өмнө бодогддог зүйлс нь эх орон, элгэн садан, эцэг эх байдаг ч хамгийн их үгүйлэгдэж буй нь хайрт бүсгүй Хулан л байлаа. Энэхэн хэсэгхэн жаргалтай мөч түүнд маргааш өдөр нь хөлгийн тавцан дээр ажиллах эрч хүч, сэргээш нь болдог гэж болно. Тэдний ажиллаж амьдарч буй нөхцөл бололцооноос шалтгаалж тэр болгон гэр рүүгээ утсаар ярих, интернэтээр харилцах зав боломж тун муу учраас арваад хоногтоо л нэг удаа хайртай дотны хүмүүстэйгээ богинохон хугацаагаар харилцаж заншжээ. Мөн ар гэр рүүгээ хаа нэг мөнгө төгрөг явуулах ч ихэнхийг нь банкинд хадгалж арвижуулсаар байв.
Хулангаас ирсэн ганц захиаг тэр тэр байн байн гаргаж унших дуртай. Тэр захиан дээр ийнхүү өгүүлжээ. “Сайн уу хайрт минь. Бие нь сайн биз дээ? Нойр хоолондоо яаж байна? Миний ажил хэвийн үргэлжилсээр л байна. Чамгүйгээр өнгөрүүлж байгаа өдрүүд давсгүй хоол шиг амтгүй, хэд дахин үзсэн хуучны хар цагаан кино шиг л сонирхолгүй байх юм. Гэхдээ чи минь явахдаа таван жил болчихоод ирнэ гэснийг чинь дахин дахин боддог. Яагаад тав гэснийг чинь заримдаа гайхдаг л юм. Бид хоёр залуу хүмүүс, гэтэл ид насаа чи минь харийн нутагт тэдний өөрсдөө ч тоож хийдэггүй хар ажилд зориулж, би гэргий болох насан дээрээ хайртай хүнээ хүлээн гансарч сууна. Энэ бүхэн дуусч, бид эргэн нэгдэх тэр баярт өдрийг хоног, сар, жил тоолон хүлээж суух юм даа. Чамдаа л хайртай, чамд л үнэнч Хулан чинь.”
Зоригт энэ захиаг үг өгүүлбэр бүрээр нь цээжилчихсэн л дээ. Түрийвчинд нь Хулангийн зураг байнга явна. Тэр зурган дээр цэнхэр зуны даашинзтай бүсгүй зүлгэн дээр хажуу талаараа суун инээмсэглэж нүүр нь гэрэл цацарсан байгаа нь алтан шаргал нар гэрэл гэгээгээ харамгүй илгээснийх буй за. Ар талын цэнхэр тэнгэр, ногоон ой мод энэ бүгд нийлээд дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнгийн зохилдлогоо болсон мэт санагдуулна. Унтахдаа, өглөө босохдоо тэр бүсгүйг л бодсоор яваа нь Зоригт хайр дурлалдаа гүн автсаных биз.
Зоригтын зорилгоо болгосон таван жил талдаа орж байтал Идэрээ нутаг буцахаар болжээ. Мэдээж нэг өрөөнийхөн нь янз бүрийн юм дайж явуулахаар болцгоов. Мөнгө төгрөг, чихэр жимс, захиа, эд бараа гээд Идэрээ чамгүй их бараанд дарагдах шинжтэй.
-Анд минь өгч явуулах зүйл байна уу? Маргааш онгоцондоо суулаа ш дээ.
-Май энэ дугтуйтай мөнгийг аав ээжид минь өгөөрэй. Харин энэ жижиг хайрцагтайг Хуланд аваачаад өгчих үү?
-Аан мань хүн хайртай бүсгүйгээ юу гэж мартах вэ, бөгж үү, ээмэг юм уу?
-За битгий хэрэгт дурлаад бай. Лацадчихсан байгаа шүү. Бүтнээр нь өгөөрэй.
-Ойлгосон доо. Биеэ бодож байгаарай. Чи бас арай л их ажилладаг шүү. Тэгж байгаад биегүй болов. Хөгшин чинь хэдэн сарын дараа буцаад ирэхийг бодно.
Идэрээ нутаг буцсанаас хойш арваад хоног өнгөрчээ. Өгөх ёстой зүйлүүдээ өгсөн ч юм уу, үгүй ч юм уу хэл чимээгүй байсаар л. Харин нэг өдөр имэйл ирсэн байх нь тэр.
“Найз минь аав ээжид нь мөнгө төгрөгийг чинь өгчихсөн. Харин Хуланд өгөх ёстой зүйлийг чинь найз нь задалж үзсэн. Сайхан бөгж байна лээ. Санаатай задлаагүй юм шүү. Тэр чинь өөр хүнтэй болсон байна. Уулзах гэж очоод үүдэнд нь хүлээж байтал нэг машинтай залуу хүргэж өгөөд буулгахдаа их л янаг дотно үнсэлцэж байгаад буулгана лээ. Энийг яах вэ?”
Үүнийг уншаад Зоригтын уур хүрч, уушиг сагсайх шиг болж ирлээ. Би энд илжиг шиг зүтгэж, ирээдүйн амьдралаа цогцлоох гэж байхад тэр..
Шуудхан гүйн гарч утсаар яриулдаг газар руу очин дугаарыг нь хэлж залгуулав. Утасны цаана дүүд дүүд гэж нэлээн удаан дуудуулсны эцэст
-Байна уу? гэж нэг эрэгтэй асуув.
-Хулантай ярих гэсэн юм. Чи хэн бэ?
-Нөхөр нь байна.. Үүнийг сонсоод Зоригт шуудхан утсаа тасаллаа.
Итгэж найдаж, хайрлан тэмүүлж байсан бүхэн нуран унах шиг. Тэр ер нь юуны тулд энд дэмий цаг хугацааг өнгөрүүлсэн юм бэ гэж өөрөөсөө асуумаар санагдана. Бушуухан архи авч уумаар, тэнхээ мэдэн орилмоор санагдсан ч энэ удаад биеэ барилаа. Эцсийн эцэст амьдрал үргэлжилж байна. Түүнд нас байна, хөдөлмөрлөх бие байна. Юунд гуниглан гашуудах гэж? Энэ өдрөөс хойш Зоригт улам ч шаргуу ажиллах болов. Тэр бусад хүнийг ч, өөрийгөө ч огоорохоо больжээ. Хэнтэй ч найзлахгүй, тоймтой юм ч ярихгүй, үүрээр ажилдаа ирэн, харанхуй шөнө орондоо орон хэдхэн цаг амарч аваад үргэлжлүүлнэ. Утас, имэйлээр ч нутаг руугаа харилцахаа больж хагас солиотой хүн шиг л аашилж байв. Гэхдээ тэр бусад монголчууд шигээ архи ууж, зодоон цохион, хүүхэнд татагдахгүй, ажилдаа бүрэн автсан байлаа. Ингэж байгаа нь нэг бодлын Хуланг мартах гэж, гомдсон сэтгэлээ тайтгаруулах гэж л чармайсных байжээ. Солонгос эзэд нь ч түүнд илт нааштай хандах болж цалин хөлсийг нь нэмж, хаа нэг өмнөөс нь санаа зовон эртхэн хариулах гэж ятгах болов. Ийм нэг өдрийн дараа Зоригт нийтийн байр руугаа алхаж ойролцоох цэцэрлэгт хүрээлэнг өнгөрч явтал араас нь –Зоригт оо гэж бүсгүй хүн дуудлаа. Тэр хоолойг сонсоод залуу зогтусав. Хамаг биеэр нь гүйдэл гүйж буй мэт санагдан, толгой нь танил дуу хоолойны өнгөнд мансуурчээ. Эргэж харахад, тэр андуураагүй ажээ. Хулан урьд урьдынхаас ч үзэсгэлэнтэй гоолиг болсон мэт санагдана.
-Чи.. чи энд юу хийж яваа билээ?
-Чам дээрээ л ирлээ.
-Нөхөртэй болоогүй юм уу? гэж Зоригт аль болох хүйтнээр асуув. Энийг сонссон Хулан хөгжилтэй нь аргагүй инээж,
-Найз чинь миний нөхөр болох гэж нэлээн гүйсэн шүү. Надад явуулсан бөгжийг чинь.. гэснээ ядам хуруун дахь бөгжөө харуулж, -Өөрөө өгч байгаа юм шиг өгсөн гээч. Чамайг залгадаг өдөр миний утсыг нууцаар аваад ярьчихсан юм шүү дээ. Манай аав ээж хүргэний найз солонгосоос ирсэн гээд гэртээ оруулчихгүй юу, тэгсэн чинь байн байн ирдэг болчихлоо. Тэгсэн чамаас сураг байдаггүй. Бүр таг чиг. Идэрээ чинь болохоор чамтай найз гэсэн мөртлөө нэг хүүхэнтэй болсон л гэнэ. Чамайг муулаад л байх нь тэр. Ээж бүр итгэчихсэн надтай их нухацтай ярьсан. Ер нь энэ Идэрээ чинь чамд хань болох юм биш үү гэж ирээд ухуулсан гээч. Чамтай ярих гэхээр ямар ч сураг ажиг байдаггүй, имэйлд хариу өгдөггүй. Би их тэвдсэн. Чамайг арай ч тийм хүн биш гэдгийг мэдээд байдаг мөртлөө ээжийн өмнөөс баримт болгоод ярьчих зүйл олддоггүй. Идэрээд ч бас эргэлзэж эхэлсэн. Сайн найз чинь гэсэн мөртлөө тэгж муулна гэхээр санаанд ордоггүй. Ашгүй нэг өдөр энэ бөгжийг надад өгч байна. Эхнэр нь болооч гэнэ ээ. Тэнэг хүн байгаа юм шүү, бөгжний дотор талд жижгээр чи бид хоёрын эхний үсгийг нийлүүлж бичүүлсэн байсныг анзаараагүй өгч л байдаг. Ингээд л эргэлзээ минь тайлагдсан даа. Чамд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй байгаасай гэж би онгоцон дотор нисч явахдаа хэчнээн их залбирч байсан гээч. Ашгүй чи минь мэнд саруул байна гэж хэлчихээд Хулан ухасхийн Зоригтыг тэврэн авлаа. Залууд ярих ч шаардлага байсангүй, амнаасаа үг ч унагаж чадсангүй. Зөвхөн цээжинд нь дүүгэх энэ их халуун хайрын гал зүрхэнд нь нэвт мэдэгдэх шиг санагдана. Салхины хүч эрчийг авахад цэцэрлэгт хүрээлэнгийн голд тэврэлдэн зогсох хосыг тойрон навчис бүжиж эхэлвэй.

Зохиолч: Цэдэндоржийн Оюунбат

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх