“Найрсаг Баянгол” номадик фестивальд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв

2018 оны 08-р сарын 09 өдөр, 21 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
38793827_2007612372864937_1309901863490945024_n

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргын хамтарсан захирамжаар нийслэлийн “Аз жаргалтай Улаанбаатар”, Баянгол дүүргийн “Найрсаг Баянгол” хөтөлбөрийн хүрээнд Монголын уламжлалт соёл, зан заншил, спорт, ардын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, шинэ хандлагыг бий болгох зорилготой “Баянгол номадик фестиваль” өчигдөр /2018.08.08/ Хүй-7 худагт ажилттай зохион байгуулагдлаа.
Энэ жил Баянгол дүүрэг ХБНГУ-ын Шонефелд дүүрэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд мөн хамтран тэмдэглэн өнгөрүүлэв.
Наадмын арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа,ДИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, Шонефелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе /бусад албаны 50 гаруй төлөөлөгчийн хамт/, Солонгос Улсын Сонгдонг дүүргийн ИТХ-ын дарга Ким жон Гон, Засаг дарга Chong won o /албаны төлөөлөгчдийн хамт/, ОХУ-ын Улаан-Үд хотын Тамгын газрын дарга болон бусад гадаад, дотоодын төлөөлөгч, албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцов. Мөн тус дүүрэгтэй хамтран ажилладаг аймаг, сум, дүүргийн төлөөлөгч, дүүргийн 23 хорооны иргэд хүрэлцэн ирж Хүй 7 худгийнхаа ногоон дэвжээнд нэгэн өдрийг хамтдаа наадаж өнгөрүүлэв.

Дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд уг наадмыг нээн үг хэлсний дараа тус дүүргийн 23 хорооны иргэд үндэсний хувцасаа өмсөн Хүй-7 худгийн ногоон дэвжээг чимэн алхлаа. Монгол наадам ямар болдог, монголчууд ямар ёс заншил, өв уламжлалтай болохыг харуулсан уг наадамд 128 бөх барилдсанаас улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэж наадамчин олноо баясгалаа. Харин хурдан морьдын уралдаанд 72 азарга, 80 их нас, 86 соёолон уралдсанаас Өвөрхангай аймгийн Н.Ганболдын хул азарга түрүүлж, аман хүзүүнд Архангай аймгийн О.Батбилэгийн бор азарга, гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын М.Нямсүрэнгийн хээр азарга, дөрөвт Дорнод аймаг П.Цэвэгмидийн зээрд азарга, тавд Өвөрхангай хужирт сум Б.Ганбатын хул азарга тус тус хурдлав.
Их насны морьдын уралдаанд Таргалтай Дарви сумын Ц.Тонгилсүрэнгийн хээр түрүүлсэн бол Сонгинохайрхан дүүргийн Д.Лхагвасүрэнгийн хөх бор удаалж, гуравт мөн дүүргийн Е. Даваадоржын бор, Сэлэнгийн Г.Гансүхийн хул дөрөвт хурдалж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Д.Ганбат буурал морь айрагдав.

Соёолон насны морьдын уралдаанд Архангай аймгийн Хайрхан сумын С. Эрдэнэ Хүрэн буурал соёолон түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Я.Содбаатарын бор соёолон хоёрт хурдалж, гуравт Увс аймгийн Зүүнхангай сумын Б.Отгонбаярын хул, дөрөвт Өвөрхангай аймгийн Хархорин сумын З.Батбаярын саарал, тавд Дорноговь аймгийн Х.Баатархүүгийн бор хурдалж үзэгч олныг баясгалаа.Хурдан морьдын уралдаан, унаач хүүхдүүдийн гийнгоон дуу, хүчит бөхчүүдийн уран барилдаан, онч мэргэн харваачдын уран харваа, хөхүүрийн айраг хүржигнүүлэн бүлэх, хонины ноосоо хотол олноороо нийлж савах гээд монгол арга ухаан, уламжлалаа харуулсан “Найрсаг Баянгол” фестиваль ийнхүү өргөн дэлгэр болж өнгөрлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх