“Багануурын концессоос болж, Монгол Улс 512 сая ам.долларын өрөнд орох ёсгүй”

2018 оны 08-р сарын 09 өдөр, 14 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6a6a6-550x300

Иргэний нийгмийн байгууллагууд  “Багануурын концесс Монгол Улсад  хохиролтой, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэж мэдэгдсэнээс хойш  таван сар өнгөрч байна. Энэ хугацаанд тэд олон нийт, нам холбоод, хэвлэл мэдээллийнхэнд хандаж ирсэн.

Тэгвэл Засгийн газар Багануурын концессийг хэлэлцэж,  концессийн ажилчдын квотыг батлалгүй  ҮАБЗ-ийн чиглэлийг хүлээх болсон. Мөн гэрээг эргэн харж,  нарийвчлан судлах үүрэг даалгавар өгөөд байгаа. Гэхдээ “Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар “Багануурын концессийн гэрээг цуцалбал 512 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх нөхцөл үүснэ. Мөн гаргасан шийдвэр маань хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талыг харгалзан үзэх хэрэгтэй” хэмээн ярьж байгааг иргэний нийгмийнхэн эсэргүүцэж байна. Энэ талаар  Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр,“Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТТБ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр, Улсаа аврах ард түмний хөдөлгөөний дэд тэргүүн Б.Жагар,  Олон нийт, оюуны хяналт ТББ-ын тэргүүн А.Батзориг, Чингис эзэнт Монгол ТББ-ын тэргүүн П.Даваадорж, Эх нутаг хүн зоноо хамгаалъя ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн нар “Үндэсний мэдээллийн төв”-д    мэдээлэл хийв. Тэд ингэж ярьж байна.

А.Эрдэнэбаяр: Улсын тусгаар тогтнолыг мөнгөөр үнэлж болохгүй

-Монгол Улсын эрх ашигт хохиролтой гэрээ байгуулчихаад, цуцалбал их өрөнд унана, Арбитрийн шүүхэд бид л буруутан, дэлхийн улс оронд манай улсын нэр хүнд унаж байгаа мэтээр худал ярьж улсын тусгаар тогтнолыг мөнгөөр хэмжих хэмжээнд хүргэчихээд айлгаж, сүр далайлган хэрэгжүүлдэг, ард түмнээ шантаажлах үйл ажиллагаагаа хэзээ болих вэ.  Баяжихын төлөө төрийн өндөр албан тушаал хашигч, намын бүлэглэлийн олигархиуд,  гадны гар хөл бологчдод хариуцлага тооцох ёстой.   Монгол Улсыг  тусгаар улс биш мэтээр авирлаж  харьд нэгтгэх гэрээ байгуулчихаад, хэрэгжүүлэхгүй бол их өрөнд орох гээд байна гэж ярьж байгааг юу гэж ойлгох вэ.  Өөр аргагүй гэж энэ гэрээг  хэрэгжүүлчихээд  өөрсдөө гуравдагч хөршид очиж амьдрахаар боллоо гээд яваад өгөх харийн сэтгэлтэй нөхөд энэ нам нэртэй бүлэглэлд нэвт шургалжээ. Ирээдүй хойч үеийнхээ сайхан амьдралын төлөө  бид  тэмцэж байгаа. Та бүхнийг тэмцэхийг уриалж байна” гэлээ.

Б.Жагар: Засгийн газар гадныханд үйлчилж байна

-Энэ үйл явдлыг харахад Монгол Улсын Засгийн газар яагаад зөвхөн Хятадын талд нөхөн төлбөр төлөх асуудлыг тооцоолж хэлэлцээд, Монголын талд энэ концесс ямар хор хохирол учруулахыг тооцоолоогүй, хэлэлцээгүй, дэнслээгүй байна вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Зөвхөн Хятадын консорциумын ая тух алдагдах вий  гэж  бууж өгсөн аястай мэдэгдэл хийсэн байна. Хаанахын Засгийн газар вэ,  хэний эрх ашгийг хамгаалаад байна вэ. Хэнд үйлчлээд  байна вэ” гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдаж байна.

Б.Хандсүрэн: Засгийн газар ард түмнээ шантаажилж байна

– Багануурын уурхай дампуурах, хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчин сүйдэх,  Хэрлэн гол ширгэхэд хүрэх,  хятад хороолол  баригдах үүд хаалга нээгдэх гэж байна.  Үүнээс болж  Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд учрах хохирлыг Засгийн газар маань яагаад ярихгүй байна Улсаа, ард түмнээ  огт бодолгүй, ийм  хохиролтой гэрээ байгуулчихаад, “Ууцалбал их өрөнд орно, Арбитрийн шүүхэд ялагдна” гэж сүр далайлган хэрэгжүүлдэг, ард түмнээ шантаажлах үйл ажиллагаагаа хэзээ болих вэ. Үүнийг иргэний нийгмийнхэн эсэргүүцэж байна.

Ч.Мөнхбаяр: Монгол Улс төлбөрт орох  үндэслэл байхгүй

-“Багануурын концессийн тесөлд нийт 214 сая ам.доллар зарцуулсан” гэсэн албан ёсны мэдээлэл   өнгөрсөн зургадугаар сард гарч байсан. Түүнээс хойш төслийн ажил түдгэлзсэн атал яагаад 514 сая төгрөг болтлоо өртөг нь өссөн байна вэ.  Уг нь  214 сая төгрөг гэх тоо буурах ёстой. Өмнө нь Засгийн газраас  станц барина гээд  хийж байсан ажил дээр нэмж хийснээ төслийнхөн гол бүтээн байгуулалт гээд байгаа. Гэрээ хууль бусаар байгуулагдсан бол хууль зөрчигчдийн өмнө Монгол Улс төлбөрт унах ямар ч үндэслэлгүй. Хууль бусаар байгуулагдсан гэх үндэслэлүүд бидэнд бий.

Иймд, Засгийн газраас концессыг зөвшөөрсөн 2015 оны гуравдугаар сарын 9-ний  88 тоот тогтоолыг болон концессийн гэрээг хүчингүй болгуулахаар бид  Захиргааны хэргийн шүүхэд хандана. Мөн “Монгол Улс их өрөнд орно” хэмээн  тоо зохиож хэлээд ард түмнээ  шантаажилж, концессийг хаацайлан хэрэгжүүлэхийг санаархаж буйг эрс эсэргүүцэнэ. Багануурын концессийн гэрээг цуцлуулах, гэм буруутнуудад хариуцлага хүлээлгэхийн төлөө бид өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн шигээ шаардлага гарвал тэмцлийн өөр хэлбэр сонгоно.

Эх сурвалж: www.polit.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх