Дарханы чиглэлийн замыг өргөтгөж, хучилтыг нь зузаан болгох саналыг АХБ-нд тавилаа

2018 оны 08-р сарын 06 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5f96095660f6a674c70a1449ba07d7b2

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Азийн хөгжлийн банкны “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн багийн мэргэжилтэнүүдтэй уулзаж төслийг хурдан хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх, хүндрэлтэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх, төслийн зарим хэсэгт өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцлоо.

Монгол улсын хувьд баруун чиглэлийн таван аймгийг нийслэл хоттой холбох нь тулгамдсан асуудлын нэг бөгөөд “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийг АХБ-ны зээлээр амжилттай хэрэгжүүлж байгаад ЗТХ-ийн сайд талархал илэрхийлээд анх 2003 онд АХБ-ныханд санал тавьж, үр ашгийн талаар газар дээр нь дагуулан үзүүлж явсан бол өнөөдөр дуусах шатандаа орж байна.  Дөрвөн багц төслийн эхний 3 нь амжилттай хэрэгжиж 4 дэх багц шүүхийн шийдвэрээс болж цуцлагдсанд харамсаж байна.  Төслийн хувьд хэмнэгдэж  үлдэж байгаа хөрөнгөөс Олон улс, улсын чанартай авто замд барьж байгуулах 11 төлбөр хураамжийн цэг,  авто пүү байгуулахад зарцуулах, Баян-Өлгий аймгийн төвөөр дайран гарч байгаа хэсгийг тойруулан гаргах, 200 у/м төмөр бетон гүүр барих хүсэлтэй байгааг энэ үеэр илэрхийлж талууд санал солилцлоо.

 Мөн шинээр хэрэгжиж эхлэх “ Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл” /Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ- Алтанбулаг/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын стандартад хүргэх, ялангуяа Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам нь хөдөлгөөний эрчим ихтэй, ашиглалтын насжилт өндөр, 1946 онд баригдаж эхэлснээс хойш хэсэгчилсэн засвар хийж байснаас ихээхэн эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй болсон. Тиймээс  замын хучилтын өргөнийг 8,5м болгож өргөтгөх, хучилтын зузааныг 7 см,  далангийн өргөнийг 11м, мөн гүүр хоолойг бүрэн шинэчлэх саналтай байна. Зургийн даалгаврыг ЗТХЯ-аас энэ шаардлагын дагуу гаргаж байгаа гэдгийг Ж.Бат-Эрдэнэ сайд дуулгалаа. Тэрээр Булган нутгаас сонгогдсон гишүүний хувьд энэ чиглэлийн замаар  явах болгондоо сэтгэл эмзэглэж явдаг. Ялангуяа энэ зам дээр осол эндэгдэл их гарч байгаа нь бидний хувьд тулгамдсан, хамгийн их санаа зовоож байгаа асуудал юм. Өнөөдөр замын шинэчлэлийн санхүүжилт шийдэгдэж АХБ туслахаар болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.

 Гэвч та бүхнээс дахин хүсэхэд 2015 онд хийгдсэн зургаар тус замын өргөнийг хэвээр нь, зузааныг 5см-ээр баталсан нь замын ачааллыг тооцоогүй гаргасан, тухайн үеийн хүмүүсийн сэтгэл дутсан буруутай ажиллагаанаас  болж өнөөдөр энэ зургаар хөрөнгө нь батлагдсанд харамсаж байна. Тиймээс ЗТХЯ-аас гаргасан шинэчилсэн зургийн даалгаврын дагуу асуудлыг шийдэж, хөрөнгө санхүүжилтийг шийдэхэд дэмжиж өгөөч, мөн 2019 оны хавар гэхэд барилгын ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг бодолцож нааштайгаар шийдэхэд анхаарч өгөөч гэдэг саналыг энэ үеэр тавилаа.

АХБ-ны зүгээс Авто замын төлбөр хураах цэгийг эхний ээлжинд барих санхүүжилтийг хэмнэгдсэн хөрөнгөөс шийдэх, явцын дунд бусдыг ярилцаж тохирох саналтай байна.  Харин Улаанбаатар Дарханы замын санхүүжилт хуучин зургаар батлагдсан тул байгаа хөрөнгөө яаж үр дүнтэй зарцуулахав  гэдэг нь гол асуудал байна. Гэхдээ мэдээж өнөөдрийн таны хэлж буй нөхцөл байдлыг ойлгож байна, аль болох таны саналыг тусгах талаар бодолцоно. Тиймээс нэмэлт санхүүжилтийг олох, гарцыг хайх нь хоёр талын тулгамдсан асуудал юм гэдгийг энэ үеээр онцоллоо.  Нэмэлт санхүүжилтийн асуудлаар талууд гарц хайх, эргэж зөвшилцөхөөр уулзалтаар талууд санал нэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх