Энэ жил 1500-2000 айлын орон сууцыг ашиглалтад оруулна

2018 оны 08-р сарын 03 өдөр, 15 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
42e568995aba925f121d6b4d9b7b6defc7aec46a

Гэр оронгүй 633 өрхөөс 400 гаруйг нь байртай болгожээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил өнгөрсөн хугацаанд нэлээд маргаантай үргэлжилсэн ч жигдрэх шатандаа оржээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг одоогоос зургаан жилийн өмнө буюу 2010 онд эхлүүлсэн байдаг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх нэг арга зам нь гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах гэдэгтэй хүн бүр санал нэгдэж буй учраас энэхүү төслийг хурдтай биш ч гэлээ ямартай ч үргэлжлүүлж буй нь сайн хэрэг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн хугацаанд буюу 2012-2016 онд төлөвлөснөөс бага буюу цөөн тооны орон сууц ашиглалтад оруулсан учраас зуу, зуун өрх орон гэргүй явсан. Өөрийн газар дээр өр шир, дарамтгүй тайван амьдарч байсан иргэд түрээсийн төлбөр ч үгүй гудманд гараад байсан цаг саяхан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон айлууд доод тал нь дөрөв, дээд тал нь найман жил болсон. Зарим айл өрх одоо ч хохирлоо барагдуулж чадаагүй яваа. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хэчнээн иргэн хохирсон.

Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгээс тодрууллаа.

Тэрбээр “2016 онд 633 өрх гэр оронгүй хохирсон байдалтай байсан. Иймд нэн даруй шат дараатай арга хэмжээ авсны үндсэнд дийлэнх өрхийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 222 өрхийн хохирлыг барагдуулаагүй байна. Эдгээр айл өрхийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Цаашид нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудад тухайн байршилд оршин суугаа айл өрхийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх шаардлага тавьж байгаа.  Тэгэхгүй бол өмнөх алдаа давтагдаж айл өрх орон гэргүй болж хохирч магадгүй. Тиймээс ийм шаардлага тавьж байна” гэв. Ямартай ч өнгөрсөн хугацаанд 400 гаруй айл өрх орон оронтой болж, тайван ажиллаж амьдрах болжээ.

Дахин төлөвлөлтийн төслийг 30 компани хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага гэр хорооллын төвийн бүсийн инженерийн дэд бүтцэд холбогдсон өндөр давхрын орон сууцны хороолол болон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү хэрэгжүүлэхдээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг иргэд, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дээд зэргээр хангах зарчмыг гол болгож буй бөгөөд УИХ-ын 2013 оны баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хэрэгжүүлэхээр зорьж буй юм. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн ИТХ-аас баталсан байршлуудад энэ онд нийт 78 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох газрууд нь ажлаа эхэлжээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх талбай байршлыг сонгохдоо иргэдийн санал, хүсэлт, төсөл хэрэгжих техникийн нөхцөл, төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоо зэргийг харгалзан сонгодог байна. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын 2013, 2014 оны тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн нийт 24 байршлыг баталжээ. Уг байршлыг төсөл хэрэгжүүлэх 75 хэсэгчилсэн талбайд хуваасан бөгөөд эдгээр нь нийт 1506.1 га талбай, 16109 нэгж талбарыг хамарч байна. Энэ нь нийт гэх хорооллын нутаг дэвсгэрийн 14, хүн амын есөн хувийг хамарч байгаа аж. Хэсэгчилсэн 75 талбайд нийт 41 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчээ. Дээрх аж ахуйн нэгжүүдээс төсөл хэрэгжүүлэх талбайд ямар нэгэн шалтгаанаар бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээгүй 11-ийнх нь эрхийг цуцалсан байна. Тиймээс одоогийн байдлаар 30 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, орон сууц барих ажлаа эхлүүлсэн гэсэн үг.
Тодруулбал, Гэр хорооллын дэд бүтцийн газраас өгсөн мэдээллээр орон сууц ашиглалтад оруулсан улмаар барилга угсралт хийж байгаа 12, барилгын ажил нь карказны шатандаа байгаа тав, барилгын суурийн ажил хийсэн дөрөв, газраа чөлөөлсөн боловч барилгын ажлаа эхлүүлээгүй гурван аж ахуйн нэгж байна. Тухайлбал, “Буурал сутай” ХХК-ийн ажил 80-85 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XIII, XV хороонд 88 айлын нэг блок барилгын техникийн давхрын цутгалт дууссан, гадна фасад, дотор сантехик, цахилгааны ажлаа хийж байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүрэг дэх байршилд ажиллаж буй “Хера пропертийз” ХХК 448, Баянгол дүүрэг дэх байршилд төсөл хэрэгжүүлж буй “Грийн ресурс констракшн” ХХК 112 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн VII, IX, X, XI хороонд 360 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар “ Бэрэн групп” ХХК ажиллаж байгаа бөгөөд тус компани өмнө нь 2160 айлыг байртай болгосон байна.

Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлэх эрх авсан аж ахуйн нэгж, компаниудаас багагүй асуудал дагуулж, газар чөлөөлсөн оршин суугчдад нэлээд чирэгдэл учруулсан “Гранд лайн” ХХК Баянзүрх дүүргийн XII хороо буюу Ботаникийн цэцэрлэг орчимд барих орон сууцны ажлаа эхлүүлжээ.

Тус компани 105 айлын хоёр блок барилга барих бөгөөд одоогоор зоорийн давхрын угсралтын ажлаа хийж байгааг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга дуулгалаа.
Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй барилгын компаниуд өгсөн мэдээллээр энэ жил 1500-2000 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм байна. 2017-2018 онд хэрэгжүүлэх байршлуудаас 14 аж ахуйн нэгж, компани ажлын гүйцэтгэлгүй байсан тул төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, дахин нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Тэрбээр төсөл хэрэгжүүлэх

 компаниудаа энэ сарын 21-нд шалгаруулаад дараа хуульд заасны дагуу иргэдийн саналыг авах бөгөөд 80-аас дээш хувь эь зөвшөөрсөн тохиолдолд ажлаа эхлүүлэх боломж бүрдэх юм байна.

Өнгөрсөн хугацаанд 5309 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ

Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар Хяналтын хороо байгуулсан. Тиймээс ажлаа эхлүүлэхгүй таван  компанийн асуудлыг тус хороогоор хэлэлцэн шийдвэрлэх аж. Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ажил ийн хуулийн хүрээнд, эрчимтэй явж байгаа учраас олон нийт талархалтай хандаж, зарим оршин суугч газраа чөлөөлж орон сууц бариулах санал гаргасан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн V хорооны иргэдээс авсан судалгаагаар Яармагийн XXI гудамжны айл өрх төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох I-IX гудамжны айл өрх дахин төлөвлөлтөд хамрагдаж барилгажуулах хүсэлт гаргажээ. Тус судалгаанд 229 нэгж талбар хамрагдсанаас 184 нэгж талбар буюу 8063 хувь Нь гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах тасалд хамрагдах хүсэлтэй байгаа аж. Иймд эдгээр иргэн хүсэлтийг харгалзан үзэж холбогдох хууль , журмын дагуу шийдвэрлэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн байрилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар тус дүүргийн V  хороо яармаг орчмын  10,4 га газрыг тогтоолоор баталсан. Дээр заасан байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, төсөл ажлын даалгаврыг боловсруулж батлуулах, иргэдийн санал хүсэлтийг судлан төлөвлөлтөд тусгаж, төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод даалгажээ.

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд барилгажуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 1545 айлын газрыг чөлөөлж, 5309 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн нэг гол онцлог нь иргэд одоо амьдарч буй газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх бүтээн байгуулалт хийх явдал юм. Газар чөлөөлөхдөө тухайн газарт амьдарч байсан иргэдийг шинэ орон сууц ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд түрээсийн байранд түр
шилжүүлэн суулгаж газрыг чөлөөлөх эсвэл газар, үл хөдлөх эд хөрөнгөө төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохирч худалдах байдлаар газрыг чөлөөлдөг байна. Улаанбаатар хотод тансаг хэрэглээний буюу 100 ам метрээс дээш талбай бүхий орон сууцны хангамж хангагдсан. Харин 40-60 ам метр талбай бүхий хоёр өрөө сууцны хэрэгцээ их байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс барилгын компаниудад 70 орчим хувь нь иргэдийн хэрэгцээнд нийцсэн орон сууц байх ёстой. 30 орчим хувь нь 100-гаас дээш өрөөтэй орон сууц байхаар төлөвлөлтөө хийх шаардлага байгаа аж.

Эх сурвалж: “МОНГОЛЫН ҮНЭН” СОНИН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх