Байтынхан түүхэн өдрийг бүтээж чадлаа

2018 оны 08-р сарын 02 өдөр, 15 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9f846081db30adc23c5e358ae51de11f_1200

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол өчигдөр боллоо.

Байт харваа Mонголд хөгжөөд  58 жил болж байгаа ч энэ хугацаанд нэг ч зориулалтын талбайгүй байсаар өнөөдөртэй золгоод байсан юм. Харин Монголын байт харвааны холбоо болон байт харвааны тамирчдын санаачлага, олон нийтйин сэтгэлийн хандиваар 58-хан хоногт байтынхан олон улсын стандартын цоо шинэхэн талбайтай болж чадлаа.

Талбайн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, НИТХ-ын дарга С.Амарсайхан, байт харвааны үе үеийн тамирчи, дасгалжуулагч, тэдний ар гэрийнхэн, хандивлагчид хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн ажиллагаа 18 цагт эхэлнэ гэж урьдчилан товлогдсон. Зочид төлөөлөгчид яг цагтаа ирсэн байсныг харахад энэ талбай хүмүүсийн дунд асар их хүлээлт үүсгэснийг илтгэж байлаа.

Нээлтийн ажиллагааг Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан нээж үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр хүн төрөлхтний эв нэгдлийн илэррхийлэл-Олимпийн наадмын нэгэн төрөл болсон, Монголын анхны дэлхийн аваргыг төрүүлсэн Байт харвааны спортод хайртай, байнга дэмжиж тусалж ирсэн хүн бүхний баярын өдөр болж байна. Учир нь Та бид хамтдаа 58 жил хүлээсэн байнгын бэлтгэл сургуулилалт хийх олон улсын стандартад нийцсэн талбайг 58 хоногт багтаан бүтээн босгож чадлаа. Байт харвааны тамирчид, дасгалжуулагчид, тэдний гэр бүлийнхэн, уг спортыг сонирхогч, дэмжигчдийн хандив, халуун сэтгэл, гар бие оролцоогоор энэ бүхнийг бүтээн байгууллаа” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Байт харваачид анх удаа олон улсын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий бэлтгэл сургуулилт, тэмцээний талбайтай боллоо. Бүтээн байгуулалтын ажилд ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмжсэн зохион байгуулалт, менежментээр асар богино хугацаанд барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Олон нийтийг хоёр сарын турш идэвхжүүлж, урмыг бадраан, сайн сайхан зүйлд уриалан дуудсаар байт харвааны “360” талбай сүндэрлэн бослоо.

Бүтээн байгуулалтын ажлыг санаачлан, гардан удирдсан Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч Пунцагийн Цагаан, Удирдах зөвлөлийн гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд нар болон бүтээн байгуулалтад оролцсон, дэмжсэн бүх хүмүүст халуун талархал дэвшүүлье” хэмээн онцоллоо.

Цугласан олны дунд ийм гоё талбайтай болсонд талархан баярын нулимс дуслуулан суугаа хүн ч байсан юм. Цугласан хүмүүс “Одоо ийм талбайтай болсон юм чинь тив дэлхийд нэрээ дуурсгах олон тамирчин төрнө өө” хэмээн ярьж байлаа. Мөн тив дэлхийн тэмцээнийг зохион байгуулах боломж ч нээгдэж байна хэмээн хүмүүс олзуурхан ярьж байгаа нь сонстов.

Байтынхны түүхэн баярыг хуваалцахаар бусад спортын алартнууд, урлаг соёлынхон ч зочдын дунд цөөнгүй байлаа.

Сонирхуулахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагариг босов. Энэ нь Монголын байтаас дахин олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байсан юм.

Ийнхүү Монголын байт харвааны холбооныхон, тамирчид дасгалжуулагчид, тэдний гэр бүл, олон түмний дэмжлэгээр бусад оронд ч үгүйлэгдсээр байгаа байт харвааны олон улсын жишигт нийцсэн талбайтай болж чадлаа. Тэдэнд баяр хүргэе.

Ийнхүү зохион байгуулагчид хийгээд зочид, хандивлагчдын сэтгэгдлийг хүргэе.

П.Цагаан: Манай тамирчид амжилтаа ахиулах бүрэн боломжтой боллоо

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч:

-Монголд байт харваа хөгжөөд 58 жил болж байна. Монголоос төрсөн анхны дэлхийн аварга 1971 онд Дэмбэрэл гуай болж байлаа. Гэтэл энэ хугацаанд Монголын байт харваачид байнгын бэлтгэл сургуулилалт хийх талбайгүй явж ирсэн. Энэ нь энэ спортын хөгжил хийгээд, тамирчдын амжилтад ч нөлөөлсөн байж болзошгүй. Тиймээс Монголын байт харвааны холбооны удирдлага болон олон нийтийн үүсгэл санаачлагаар хандив цуглуулан төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр нийт 675 хүний мөнгөн хандив, 800 гаруй хүний биеийн хүчний оролцоотойгоор олон улсын стандартад нийцсэн байнгын бэлтгэл сургуулилалт хийх боломжтой сайхан талбайг 58 хоногт байгууллаа. Ингэхдээ бид 24 цагаар ажилласан. Өнгөрсөн шөнө л гэхэд 03 цаг хүртэл энд ажиллацгаасан.

Ямар ч байсан Монголчууд эвлэрээд нэг зүг рүү хараад зүтгэх юм бол ямар ч барилга байгууламжийг богино хугацаанд, хямд төсөр аргаар барих боломжтой гэдэг нь харагдаж байна. Энэ бол тэрбум хол давах мөнгөөр хийгдэх ажлыг бид 400 хүрэхгүй сая төгрөгөөр барьсан. Энд ажилласан хүмүүс ямар нэг байдлаар ашиг харахгүй, сайн дураар ирж ажилласан. Хамгийн гол хүмүүс нь манай байт харвааны тамирчид, дасгалжуулагчид, тэдний гэр бүл, найз нөхдүүд, энэ спортыг дэмждэг, энэ спортод элэгтэй олон хүний дэмжлэгтэйгээр энэ сайхан бүтээн байгуулалт бий боллоо. Энэ боломжийг ашиглаад “360” гээд байт харвааны талбайн төслийг дэмжсэн, сурвалчилж байсан хэвлэлийнхэндээ талархал дэвшүүлье. Яагаад гэхээр олон нийтийн дунд давалгаа болгож чадсан.

Ямар ч байсан амжилттай ард нь гарлаа. Өнөөдөр манай байт харвааныхны том мөрөөдөл биелсэн түүхэн өдөр болж байна. Цаашдаа манай тамирчид залуу үеийнхэн маань байт харваагаар хичээллэн, улам их амжилт гаргах байх гэж бодож байна. Байт харваа гэдэг нь хүний оюун ухаан, бяр, анхаарлыг төвлөрүүлдэг, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд тэсвэртэй болгохоос гадна нас, хүйс харгалздаггүй гэдэг утгаараа тун өвөрмөц спорт юм.

Төрөөс нэг ч төгрөг харахгүй, бид өөрсдөө энэ төслийг санаачлан  хэрэгжүүлээд ард нь гарч чадсандаа бид маш их баяртай байна.

Монголын найман аймагт байт харваагаар хичээллэдэг тамирчид байна. Магадгүй энэ өдрөөс эхлэн Монголын бүх аймаг хотуудад байт харваагаар хичээллэдэг хүний  тоо нэмэгдэж, өргөжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Байт харвааг зөвхөн Монголд биш, мэдээллийн технологи хөгжөөд утсаа “мааждаг” энэ цаг үед хүүхдүүдийг анхаарлыг төвлөрүүлэхийн тулд хөгжингүй орнууд байт харвааг онцгойлон анхаарч хөгжүүлж байгаа. Бид ч гэсэн бүх аймагт салбараа байгуулан олныг хамарсан нийтийн спорт болгохын төлөө зүтгэнэ. Монгол хүний ген, эд эсэнд нь нум сум харвадаг авьяас билэг байгаа. Тэгэхээр олимпийн төрөлд багтдаг энэ спортыг хөгжүүлэхэд манай тамирчид тив дэлхийд нэрээ цуурайтуулах боломжтой гэж үзэж байгаа.

С.Эрдэнэболд: Цөөхүүлээ байх ч давуу талтай

Монголын байт харвааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн:

-Монголчуудыг цөөхүүлээ гэдэг. Гэхдээ цөөхүүлээ байна гэдэгт сул тал байдаг ч бас давуу тал байгаа. Хурд байх боломжтой. Цөөн хүн амтайн давуу тал бол маш хурдтайгаар зохион байгуулагдах чадвартай. Тиймээс ч бид өнөөдрийн үр дүнд хүрээд байна.

Байт харвааны спортыг хөгжүүлэхэд гурван тулгуур байдаг. Эхнийх нь стандарт. Үүнд байр талбайн стандарт дээгүүрт бичигдэнэ. Хоёрдугаарт санхүүжилт. Үүнд нум хэрэглэл талбайн асуудал. Энэ одоо л шийдэгдэж байна. Гуравдугаарт тамирчдыг сонгон авах, шалгаруулах систем байх ёстой байдаг. Харваа гэдэг бол Монгол хүн бүрийн генийн мэдээллийн санд байж байгаа. Сум болгонд урианхай, буриад сурын харваагаар харвадаг хүмүүс байдаг. Тиймээс сайн харваачид манайхаас олон төрөх боломжтойг харуулж байна.

Бид 2024 оны олимпод маш зохион байгуулалттайгаар орох зорилго тавьж байгаа. 2024, 2028, 2032 оны олимпуудад тамирчид маань амжилтаа ахиулах зорилт тавьсан.

“360” байт харваан талбайн төсөл дээр 1470 орчим хүн ямар нэг байдлаар өөрсдийн сэтгэлийн хандиваа төрөл бүрийн хэлбэрээр өгсөн. Ингэснээр 58 хоногийн дотор 452 сая төгрөгийг олон түмнийхээ дэмжлэгээр босгосон. Мөн нэг онцлог нь тамирчид өөрсдөө бүх байгууламжуудаа зах зээлийн ханшаас 40 хувь хямд үнээр барьсан. Хоёрдугаарт, энэ төсөл дандаа шилэн дансны аргыг ашигласан. Хандив өргөж байгаа хүмүүсийн мэдээллийг тэр дор нь мэдээлж байсан. Гуравдугаарт идэвхжүүлэлтийн аргыг хэрэглэсэн. Хандивын аянаа зогсоочихсон байхад хүртэл хүмүүс маш их хандив өгье гэж байх жишээтэй. Нийт хандив өгсөн мянга гаруй хүмүүстээ бид үнэ төлбөргүй дөрвөн цуврал сургалтуудыг жил бүр явуулж байхаар болсон. Энэ нь байт харвааны спортыг хөгжүүлэхэд ч түлхэц болно гэж харж байгаа.

Т.Номинчулуун: Мөрөөдөл минь биелж байгаа баяртай байна

Байт харвааны компаунт төрлийн тамирчин

-Төр засгаас нэг ч төгрөг авалгүй 58-хан хоногийн дотор тамирчид болон олон нийтийн дэмжлэгээр ийм сайхан талбайтай болж байгаадаа тамирчин хүний хувьд маш их баярлаж байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Энэ бол зөвхөн байтынхан гэлтгүй монголчууд нэгдэж чаддагийн маш том илрэл болж чадлаа. Үнэхээр сайхан байна. Одоо энэ талбайгаа олон олон олимп болон тив дэлхийн аваргууд төрөөсэй л гэж бодож сууна даа.

Би өөрөө тамирчин. Тамирчин хүний хувьд стандартын гоё талбайд бэлтгэл сургуулилтаа хийх юмсан. Өөрсдийн гэсэн гоё талбайтай болохсон гэж мөрөөдөж л явлаа. Тэр мөрөөдлөө өөр хоорондоо ярилцаж суусан нь саяхан. Гэтэл энэ мөрөөдлөө өнөөдөр ингээд ажил хэрэг болгочихсон. Одоо талбай дээрээ бэлтгэлээ хийнэ дээ гээд байж байх ч гайхалтай мэдрэмж байна шүү. Тиймээс залуустаа бүгдээрээ спортлог байж, эрүүл байгаарай гэж уриалмаар байна.

Миний хувьд энэ талбайн бүтээн байгуулалтад оролцохдоо энэ талбайн бетон шалны өнгөлгөө, хийцэн дээр “Color design house” компаниа оролцуулсан. Мөн Очиржанцан гэж манай найзын компанийнхан өнгөлгөөний ажилд маш том туслалцаа үзүүлсэн. Энэ дашрамд найздаа бас баярласнаа хэлье.

Д.Баатаржав: Гадаад руу урсах валютыг өөрсдийн талбайдаа шингээх боломжтой

Монголын үндэсний пара шигшээ багийн дасгалжуулагч

-Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Монголынхоо ард түмэнд маш их баярлаж буйгаа илэрхийлье. Яагаад гэвэл Монголын ард түмэн сэтгэл нэгтэй, эв санаа нэгтэй байж энэ сайхан талбайг монголчуудаа байгуулж өглөө. Мөн үүнийг санаачилсан Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан, Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд болон бусад гишүүдэд баярлалаа. Бид маш том даваан дээр гарлаа. Давааны цаана даваа гэдэгчлэн ийм гоё талбайтай болсон юм чинь цаашдаа тив, дэлхий, олимпийн тэмцээнүүдийг нутагтаа хүлээн авах хэрэгтэй байна. Тив дэлхийд нэрээ дуурсгах Монголынхоо шилдэг тамирчдыг төрүүлэх, дэмжих хэрэгтэй байна. Байт харвааны спорт хөгжөөд 58 жил болсон ч бидэнд бэлтгэлийн талбай байсангүй. Харин одоо асар том боломж нээгдэж байна. Нийт бэлтгэлийнхээ 60 хувийг эх орондоо хийх боломжтой болж байна. Яахав үлдсэн 40 хувийг тодорхой хэмжээний халуун оронд бэлтгэл хийх зүйл байхыг үгүйсгэхгүй. Ингээд бодохоор гадаад руу чиглэсэн валютын урсгалыг эх орондоо үлдээж, өөрийнхөө талбайд шингээх боломжтой болж байгаад баяртай  байна.

Ж.Замбага: Өвгөн минь тэнгэрээс харж баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна

Байт харвааны гавьяат багш Жамьяасүрэн агсны гэргий

-Монголын байт сурын тамирчид мэргэжлийн талбайгүйдээ их хавчигдаж байсан. Гэхдээ байгалийн сайханд тамирчдаа аваад дасгал сургуулилтаа таслахгүй явдаг байсан. Гэтэл өнөөдөр Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан болон түүний баг хамт олны санаачлага, олон түмний сэтгэлийн дэмээр ийм сайхан талбайтай болж байгаад би чин сэтгэлээсээ баярлаж байна. Тэнгэрээс өвгөн минь надаас илүүтэй баярлаж, сэтгэл нь хөдөлж нулимс дуслуулан байгаа байх. Энэ талбайгаас тив дэлхийд нэрээ дуурсгасан олон чадварлаг тамирчид олноор төрж, ахмад үеийнхээ залгамж халаа болж явна гэдэгт итгэлтэй байна.

Миний хань энэ спортын анхдагчдын нэг байсан. 1971 оны дэлхийн аваргыг төрүүлсэн гавьяатай хүн шүү дээ. Одоо залгамж халаа нь болон миний охин энэ спортоор хичээллэдэг, дурладаг ахмад тамирчин. Тиймээс манай гэр бүлийнхэн энэ спортод хайртай, сэтгэл зүрхтэй хүмүүс. Энэ талбайг барьж байгуулахад сэтгэлийн мөнгөн тусламжаа өгөхөөс гадна 4-5 удаа ажилчдад хоол хийж, авчирч өгсөн. Энэ бол миний өчүүхэн сэтгэл юм шүү. Хоол хийхэд охины маань найзууд бас тусалсан. Тэдэндээ бас баярлалаа гэж хэлье.

С.Эрдэнэтуул: Байтынхан нэгтгэж, уриалж, идэвхжүүлж чадлаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга

-Олон улсын жишигт нийцсэн байт харвааны талбай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдсанд баяртай байна. Монгол үндэснийхээ сурын харваатай адил байт харвааг заавал хөгжүүлэх ёстой гэж би боддог. Тиймээс ч МБХХ-ны хоёр сарын өмнө тавьсан саналыг хүлээн авсан. Монголын байт харвааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд бидэнтэй уулзаж “Байтын тамирчид бэлтгэл сургуулилт хийх талбайгүй байна. Энэ нь амжилт гаргах, амжилтаа ахиулахад нь сөргөөр нөлөөлж байна. Зөвхөн бэлтгэл сургуулилтаа хийхийн тулд Орос, Хятад руу явж байна. Тиймээс олон улсын стандартад нийцсэн байт харвааны талбайтай болоход хамтран ажиллаж дэмжлэг үзүүлээч” гэсэн. Миний хувьд ч гэсэн байт харвааг Монголдоо хөгжүүлэх боломж хомс, дасгал сургуулилтын талбай олдохгүй байгаад эмзэглэж явдаг. Олон хүний хүсэн хүлээсэн, ирээдүйд үр өгөөжийг нь Монголчууд бид өөрсдөө хүртэх энэ ажлыг Нийслэлийн ЗДТГ, Засаг даргад танилцуулахад дэмжсэн. Нийслэлээс төсөв мөнгийг нь шийдэх боломжгүй байсан ч төслийг удирдсан холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд энэ спортод элэгтэй хүмүүсээс хандив босгох санаачлага гарган амжилттай хэрэгжүүллээ. Богино хугацаанд өдий хэмжээний хөрөнгө олны дэмээр босгоод, ийм том бүтээн байгуулалтыг хийж байт харваанд дурладаг олон хүнд боломж олгосонд талархаж байна. Мөн энэ сайхан бүтээн байгуулалтад, сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, мөнгө санхүү гээр бүхий л зүйлээрээ тусалсан нийт хандивлагчдад баяр хүргэх нь зүйтэй болов уу. Эцэст нь байтынхаа нийт тамирчдад 2020 оны олимп болоод цааш цаашдын тэмцээнд нь өндрөөс өндөр амжилтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт хамт олны зүгээс хүсч байна.

М.Уянга 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх