НИЙГЭМ

Засгийн газраас үерийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв

2018 оны 08-р сарын 01 өдөр, 14 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DJI_0070-1078x516

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.08.01/ боллоо.

Тус хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны явц, шаардагдах хөрөнгийн асуудлыг танилцууллаа.

2018 оны 06 дугаар сарын сүүлч, 07 дугаар сард ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа юм.

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан 07 дугаар сарын 19-ний өдөр болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэсэн иж бүрэн гэр, ус тээвэрлэгч, бохир зөөвөрлөгч, дугуйт ачигч зэрэг автомашин, механизм,  авто замын байгууламжийг сэргээн засварлахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтов.

Мөн Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийн 29 байршилд 116 км урт авто зам, замын байгууламж усанд автаж, эвдэрснийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох яам, орон нутгийн удирдлагуудад өгч, шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг бороо орох мэдээлэл ирүүлж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч, цаашид гамшгийн эрсдэлийн бэлэн байдлыг бүх түвшинд хангах, ард иргэдийг даатгалд хамруулах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болголоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013