АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Энэхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах хэвлэлийн мэдээллийг гаргаж байна.
Хэвлэлийн мэдээлэл:
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг (Төслийг үзэх) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж, төслийг санаачлагчдад талархлаа илэрхийлж байна. АНУ-ын хоёр голлох Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын төлөөлөл Конгрессын гишүүд Тэд Йохо, Дайна Тайтус, Дон Янг, Марк Медоус, Брайан Фитцпатрик, Элиз Стефаник, Жаред Полис, Дэвид Прайс, Виллиам Кийтинг, Двайт Эванс нар нь Монгол Улсыг дэмжигч Америкийн улс төрийн дэмжлэгийг илтгэж байгаа юм. Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын Танхим уг хуулийн төслийг дэмжин батална гэдэгт найдаж байна.
Монгол Улс гадаад бодлогодоо эрх тэгш байдал болон ашиг сонирхлоо харилцан хүндлэх зарчмуудыг тууштай баримталж ирсэн юм. Монгол-Америкийн харилцааг цаашид улам бүр эрчимжүүлэхэд чухал ач холбогдол бүхий уг хуулийн төсөл нь хоёр улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал болон ардчиллыг бэхжүүлж буйн илрэл болох юм.
Өнгөрсөн онд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Хэдийгээр Монгол Улсын газар нутаг ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боловч бид АНУ-ыг “гуравдагч хөрш” хэмээн үздэг билээ.
2012 онд хоёр улс нийт 707 сая ам. долларын худалдаа хийж шинэ амжилтыг тогтоож байсан бол 2017 онд Монгол Улс тус улс руу ердөө 9.4 сая ам.долларын экспорт хийж, 82.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортолжээ. Энэ нь АНУ-ын импорт, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг харуулж байна.
Монгол Улс 2003 оноос хойш Ирак, Афганистан дахь АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж ирсэн юм. Энэ нь бидний ардчилал, хуульт ёс, хүний эрх, хүчирхэг чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөөх тууштай байр суурийг илтгэж байна.
Ямааны ноолуурын экспорт Монгол Улсын эдийн засагт зайлшгүй чухал үүрэгтэй билээ. Монгол Улсын хүн амын гуравны нэгээс илүү хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, олонх нь ноолуураас орлогоо бүрдүүлж байна. Монгол Улсын экспортын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд удаах нь хөдөө аж ахуйн салбар ордог. Үүн дотроо голлох экспорт нь ноолуур байдаг.
2017 онд Монгол Улс нийт 9,400 тонн түүхий ноолуур буюу дэлхийн зах зээлийн 50 орчим хувийг бэлтгэсний ердөө 1,100 орчим тонныг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж, үлдсэн 8,300 тонн ноолуурын дийлэнхийг нэмүү өртөг шингээлгүйгээр түүхийгээр нь БНХАУ руу экспортлосон байна. АНУ ноолууран бүтээгдэхүүнийхээ ихэнхийг БНХАУ-аас худалдан авдаг. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломжийг олгосноор хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспорт нэг улс, нэг салбарын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг багасгах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Монгол Улсын хувьд эдийн засагт уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож тогтвортой өсөлтийг хангах юм.
Монгол Улсын оёдлын болон сүлжмэлийн салбарыг хөгжүүлэх нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэднийг чадавхжуулахад чухал дэмжлэг болох юм. Оёдлын болон сүлжмэлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хэзээд өндөр байж ирсэн бөгөөд тус салбар нь монгол эмэгтэйчүүдийг аюулгүй, тогтвортой ажлын байраар хангасаар ирсэн билээ.
2018-07-30-ны өдөр.
____________________________________________________________________________
Зарим холбоотой мэдээлэл унших:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПАД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ
- Монголд Америкийн эдийн засгийн бодитой дэмжлэг чухлаар шаардагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг бидэнд олгоно уу хэмээн танаас хүсэж байна. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм.
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТЫН ТУСЛАХ ТНБД-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ СЮЗАН ТОРНТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
- Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх тухайд тус улсын Конгрессоор шийдвэр гаргуулахад анхаарал хандуулахыг АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоноос хүслээ.
АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ ЖЕНИФЕР ЗИМДАЛ ГАЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
- АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд шинэ тутам Монгол Улсын ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсныг тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос үүдээд Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх асуудлыг хөндөж тавилаа.