Үер, усны аюулаас болгоомжил

2018 оны 07-р сарын 26 өдөр, 15 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_20180726021410

Нийслэл хотод сүүлийн өдрүүдэд усархаг, аадар бороо орж зарим дүүргийн нутаг дэвсгэрт үер усны аюул тохиолдож айл өрх усанд автсан. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газар 218 мэдээллийн дагуу бие бүрэлдэхүүн ажиллажээ.

Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулах, хамгаалалт тавих, Цагдаагийн байгууллагатай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан байна.

Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга дүүргийн Засаг дарга нарт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрх, хуулийн этгээдийг нэн даруй нүүлгэх ажлыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, хүн хүчийг богино хугацаанд гаргах бэлэн байдлыг хангуулах, болзошгүй гамшгийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, учирсан хохирлыг арилгах, үерийн улмаас бохирлогдсон гудамж, зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, үерийн далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн.

Цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзвэл энэ сарын 26, 28, 29-ний өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо, 27-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Мөн 27-28-нд сэрүүсч бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Ойрын өдрүүдэд орох усархаг борооны улмаас үерийн далан сувгийн орчимд буусан айл өрхүүд, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх