Хань

2018 оны 07-р сарын 25 өдөр, 18 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30

Баатар МУИС-д эдийн засагч мэргэжлээр суралцаж байхдаа Боловсролын их сургуулийн  англи хэлний багш орчуулагч мэргэжлээр суралцаж байсан Должмааг анх сургууль хоорондын нэгэн тэмцээн дээр харж нутгийн нэгэн бүсгүйгээрээ дамжуулан танилцаж жил гаран үерхээд сургуулиа төгссөн зунаа нутагтаа дагуулан очиж аав ээждээ танилцуулаад намар нь хуримаа хийж нэг гэрт оров. Залуу хосуудын баяр хөөр үргэлжилж  хавар нь хүүтэй болсон ч  гурван сар гарантай хүүгээ алдаж тэдний гэр бүлийг уй гашуу нөмрөв .Баатар ч сэтгэлээр унаж байнга архи ууж хэд хоног гэртээ ирэхгүй гадуур явдаг болсон бөгөөд ажлаа хаяж өөрөөсөө эгчмэд нэгэн бүсгүйтэй холбогдож тэднийхээсээ гарахаа байсан учир Должмаад салахаас өөр арга байсангүй .Хүүхдээ алдаж нөхрөөсөө салаад сэтгэл санаа нь хүнд байсан тул ганц төрсөн эгч нь хашаандаа буулгаж хуучин аав ээжийнхээ гэрийг сэлбэж засан  барьж өгөв .
Должмаа амралтын өдрөөрөө гэртээ хувцсаа угааж байтал ахынх нь хүүхдүүд үүдэн дээр таныг хүн дуудаж байна гэж шуугилдсаар орж ирэв.Юун хүн юм бол гэж бодсоор тэрээр гадуур хувцсаа өмсөн гарч хашааны үүдээ онгойлговол хорин тав орчим насны болов уу гэмээр хүрэн даавуун дээлтэй  гартаа цагаан ууттай юм барьчихсан залуу зогсож байлаа . Тэрээр
-Сайн байна уу гэж мэндлээд
-Сайн сайн байна уу гэтэл
– Энэ Баатар гэж айлынх мөн үү гэхэд нь Должмаагийн дотор эвгүй оргиж
– Үгүй биш гээд эргэвэл
-Должмаа гэж хойноос нь дуудсанд эргэн харвал
– Чи намайг танихгүй байна уу гэлээ
-Үгүй гэвэл
– Би Баатартай танайд очиж байсан даа гэлээ
-Би чамайг танихгүй байна гээд хаалгаа хаачихаад гэртээ оров.
Хувцсаа угааж дуусчаад муу усаа асгахаар гарч ирвэл хашааны гадаа нөгөө залуу байж л байлаа . Должмаа ингэж байгаад явна биз гэж бодлоо.Гэртээ ойр зуурын юм хийсээр нэлээд орой болсон байв.Гадаа хэцэн дээр тохсон хувцсаа авах гээд гартал нөгөө залуу байж л байв. Хувцсаа гэртээ оруулчихаад үүдэн дээрээ очоод
– Чи явахгүй юм уу гэвэл
– Би очих айл байхгүй гэв
Ингээд гадаа байлгаад байж болохгүй тул оруулахаас өөр аргагүй болов.
Цай аягалж идээ тавьж өгөөд бие биенээ ажиглаж нэлээн удаан суув .Должмаа нэлээд аягүйгээр
-Чиний найз Баатар миний амьдралаар хэрхэн тоглосныг чи дуулсан л биз гэхэд
–          Сонсох нь сонссон гэхдээ би итгээгүй цуу яриа л гэж бодсон
–          Танай найз Баатрын сураг тасарсан гэвэл
–          Өө тийм үү гээд өөр юм хэлсэнгүй
Должмаа ч хоолоо хийж нөгөө залууд аягалж өгөв . Тэрээр түүнд ор засаж өгөөд хэвтэхдээ Баатрын найз гэж хоёр гурван залуу ирж байсныг санаж байлаа .Энэ залууг ч хэн гэдэг юм бол асуухгүй л бол дуугарахгүй хүн юм гэж бодож байснаа
–          Чамайг хэн гэдэг вэ гэж асуувал
–          Эрдэнэ гэдэг
–          Чи юу хийдэг юм гэвэл
–          Малчин
–          Удалгүй баруун талын орноос хурхирах дуу сонсогдож Эрдэнэ унтсан бололтой .
Маргааш өглөө нь бүтэн сайн өдөр байсан учир Должмаа Эрдэнэ дагуулан өдөржин хамаатныхыг нь эрж явсан боловч олсонгүй .Орой нэлээд ядарсан хүн гэртээ ирэв Баатарлуу ярьж найзаа ав гэж хэлье гэтэл утасных нь орох ярианых нь эрх хаагдсан байлаа . Маргааш өглөө нь Должмаа   ажилтай байсан учир өглөө эрт гэрээсээ гартал Эрдэнэ унтсаар л үлдэв .Орой ажлаасаа ирвэл Эрдэнэ моды нь овоотол хагалчихсан гэрт гал түлчихсэн тогоон дээр шинэ махны хорхой хүргэм үнэр сэнгэнэн байлаа .
-Чи хамаатныдаа өгөхгүй яагаад махаа чаначихав гэтэл
– Яахав би хаашдаа олохгүй гэв
Ийнхүү Эрдэнэхүү Должмаагийн ойр зуурын ажлыг нь хийсээр долоо хонов.Должмаагийн эгч нь дүүгээ өмнөх амьдралаа давтчих вий гэсэндээ санаа зовж
-Энэ залууг чи ингээд байлгаад байх юм уу гэхэд Должмаа
– Би хотод таньж мэдэх хүнгүй хүнийг яаж гудманд яаж гаргаж хөөх вэ гэлээ
-Уг нь төлөв төвшин зүгээр хүн шиг харагдах юм.Гэхдээ яаж мэдэхэв чи сайн судлаарай гэж захив Должмаа ч яв гэж хэлж чадсангүй Эрдэнэ ч явна гэсэнгүй .Нэг орой Должмааг иртэл Эрдэнэ алга байв. Должмаа яасан юм бол гэж бодон нэлээд хүлээсэн боловч тэр шөнө ирсэнгүй. Хүргэн ахынхаасаа орж асуух гэсэн боловч санаа зовоод чадсангүй . Маргааш орой нь ажлаасаа буугаад гэртээ иртэл Эрдэнэ ирчихсэн байв .
-Чи хаагуур яваад ирэв гэтэл
-Би хөдөө яваад ирлээ гэвэл
Ямар тухай хаашаа явсан зэргийг нь Должмаа асуусангүй .Маргааш өглөө үүрээр Эрдэнэ гарч явахыг мэдсэн ч бие засах гэж л байгаа биз гэж бодов .Удалгүй өөрөө ч босож нүүр гараа угаагаад цайгаа уух гээд суутал ширээн дээр нь хоёр хорин мянгатын дэвсгэрт тавьчихсан байлаа . Тэр Эрдэнийг мөнгөө мартчихаж гэж хойшоо хийчихээд ажилдаа гарав .Автобусны цонхон талд суучихсан цонхоор юм харж явтал нэгэн тэвштэй машин дээр Эрдэнэ хэдэн хүнтэй хүрц зээтүү барьчихсан машин дээр сууж байгаа нь харагдав .Тэр шөнө бас л ирсэнгүй маргааш нь Должмаа гэртээ байж байтал оройхон Эрдэнэ хувцас хунар нь тоос болчихсон орж ирэв .Должмаа
-Би чамайг өчигдөр өглөө харсан чи хаана ажиллаад байгаа юм гэтэл
Эрдэнэ жаахан дуугүй сууснаа
-Би хайрга олборлодог нэг компанид ажилд орсон гэвэл
-Чи яагаад надад хэлээгүй юм гэвэл Эрдэнэхүү дуугарсангүй
Должмаа хойш нь хийсэн мөнгий нь гаргаж өгвөл
Эрдэнэ гайхаж
– Би чамд өгсөн ш дээ гэв
-Чамаас би мөнгө авахгүй ээ чи өөртөө хувцас хунар ав гээд Должмаа
орон дээр нь тавьчихав .
Нэг орой Эрдэнэ Должмаад хандаж
-Намайг манай компани харъяаллаа хотынх болго тэгвэл үндсэн ажилтнаар аваад ч зогсохгүй мэргэжилтэй болгоно гэж байна гэв .
Должмаа
-Аан гэхээс өөр юм  хэлсэнгүй .
Удалгүй нутгаас нь бичиг баримт нь ирж нэлээд хөөцөлдөж байж хотын иргэн болоод авав . Компаниас нь ч Эрдэнэ хийн болон цахилгаан гагнуурын гурван сарын сургалтанд хамруулаад үндсэн ажилтнаар  ажиллуулахаар боллоо.Тэдний компани нь хотын ойрхон нэгэн барилга барих болж тэнд Эрдэнэ ажиллахаар болж нэг сар хөдөө явлаа Нэг мэдэхэд л Эрдэнэ ирээд таван сар гаран болсон байлаа.
Энэ хугацаанд Должмаа Эрдэнэ үгүйлэх болсонд тэрээр өөрийгөө маш их гайхав .Хорооноос хүн ирж
-Танай дээр бүртгүүлсэн Эрдэнэ гэж хүн танай юу юм гэвэл Должмаа
-Манай нөхөр гэвэл
-Та хоёр гэрлэлтээ бүртгүүлээрэй одоогоор Должмаа гэсэн нэр дээр л явж байхаас гэлээ .Хэд хоногийн дараа Эрдэнэ баахан гурил будаа чихэр жимс болчихсон цалин буулаа гэсээр ирэв.Тэрээр Должмаад хэдэн хорин мянгатын дэвсгэрт өгсөнд авахгүй гэсэн ч хүчээр шахуу гарт нь бариулав .Гурав хоноод ахиад хөдөө явна гэсэн учир маргааш нь гадуур хамт явж гар утас ,хувцас хунар Эрдэнэд авч өгөөд орой нь гэртээ ирээд Должмаа
-Хорооноос хүн ирсэн чи бид хоёрыг гэрлэлтээ бүртгүүл гэж байна гэвэл
Эрдэнэ
-Харин ээ гэхээс өөр юм хэлсэнгүй.Маргаашнаас нь эхлэн ажлын заваараа хоёул гадуур хэд хоног хөөцөлдөж байж гэрлэлтээ батлуулж Эрдэнийнх гэдэг айл бий болов . Хойтон хавар нь Должмаа хүү төрүүлж бөөн баяр болов.Алийн болгон айлын хашаанд байхав гэж ярилцаад ахынхтай ойрхон хашаа худалдан авч тэндээ нүүж очив. Мөн байшин барихаар болж Эрдэнэ компаниасаа цалингийнхаа хагасад барилгын материал авч ажлын заваараа байшин барьж эхлэв.Цаг хугацаа нисэх мэт худалсаар Эрдэнийнх гэдэг айл гурван хүүтэй гэр дүүрэн аз жаргал бялхсан сайхан айл болсон байлаа. Эрдэнэ ч компанидаа төдийгүй бусад барилгын компаниуд дунд сайн гагнуурчин гэгдэж цалин ч сайн авдаг болсон байлаа. Том хүү нь аавыг дагаж ажилд нь тусалж явсаар барилгын ажилд сонирхолтой болж аравдугаар ангиа төгсөж ШУТИС-н барилгын инженерийн ангид өөрөө сонирхон дурлаж элсэн суралцах болов.Цаг хугацаа түүх дурсамж үлдээн урссаар нэг л мэдэхэд хүүхдүүд аль хэдийн ажил амьдралын замд хүрчээ:
Гурван хүү нь аавынхаа ажлыг үргэлжлүүлж барилгын компани байгуулан нэгэн сэтгэл доор ажиллаж олон сургууль, цэцэрлэг орон сууц барьж ашиглалтанд оруулсан барилгын салбартаа томоохон компаниа амжилттай авч яваа аж.
Должмаа сайхан ханийн заяа түшиж өдий зэрэгтээ явна гэж ханьдаа талархаж амьдардаг бол харин Эрдэнэ би энэ хүний хүчинд өдий зэрэгтэй явна гэж халамж хайраар дутаахгүйг хүснэ. Должмаа Эрдэнэ хоёр одоо зөвлөхийн ажил хийх бөгөөд ач нартайгаа хүүхдүүдийнхээ барьж өгсөн зуслангийн байшинд байгалийн сайханд амар тайван амьдарах бөгөөд хааяахан хүүхдүүдийнхээ барьж буй барилга дээр очиж зөвлөгөө өгнө.
Должмаа амьдралдаа хэзээ гуньж байсангүй ойрноос Эрдэнэнийн бие чилээрхэх болсон тул элдэв бодолд дарагдах болжээ.
-Эмээ өвөө бид хоёр байшин барьчихлаа гэж хашхирах жаахан ачаа харвал өвөөтэйгээ эвлүүлдэг тоглоомоор байшин барьчихсан үүндээ баясаж байхыг хараад Должмаа
-Өө миний хүү өвөөтэйгээ том байшин барьжээ гээд
Ирж яваа Эрдэнийг харж хүн сайхан амьдрахад сайн ханийн заяа түшдэг юм байна гэдгийг л  байнга бодож явдагаа л дурсаж байлаа.

Н.Тайванжаргал
2017 он

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.9.46.1.***)
    2020/09/04 02:38

    Гоё өгүүллэг б а

    (0) (0)