МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар сүүлийн жилүүдэд тэмцлийн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар өрнүүлж, хуулийн хүрээнд ажиллан хүлээцтэй хандаж буй ч 2018 он гарсаар энэхүү тэмцэл хүрээгээ тэлж, зарим салбарт ажил хаялтын хэмжээнд хүрээд байгааг бид харж буй. Энэ тэмцэл зөвхөн ҮЭ-ийн гишүүдэд хамаатай бус ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүрт хамаатай үйл явц тул энэ сарын 25-нд эхлэх Монгол Улсын засгийн газар, ОУВС-гийн ажлын хэсгийн уулзалтаас ямар үр дүн гарах нь ард түмэнд хүлээлт үүсгээд байна.
Ирэх 9 дүгээр сард ажил хаялт хийх шийдвэрээ албан ёсоор илэрхийлсэн боловсролын салбар, эмч, эмнэлгийн ажилчид гээд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд ОУВС-тай энэ сарын 25-нд хийх хэлэлцээрийг чагнан сууна. Тэдний зорилго нь ажил хаялт бус төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэдүүлэх. Харин ОУВС-гийн зөвшөөрөлгүйгээр хөдлөж чадахаа байсан Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийнхээ үүргийг биелүүлэх чадамжгүй байгаагаас улсын хэлэлцээрээр тохиролцсон амлалтаа үл биелүүлж ийн нөхцөл байдлыг хурцдуулж орхиод байна.
Монгол улсын засгийн газар МҮЭ-ийн шахалтаар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг дахин авч үзэхээр Сангийн сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар 2018 оны тавдугаар сарын 23-нд нэгэн ажлын хэсэг байгуулан гал унтраах арга хэмжээ авсан нь өдийг болтол дүгнэлт, санал гаргаагүй л байна. Ийн албан тушаалтнууд цаас шидэлцэх зуур төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар 2014 онд шийдвэр гаргаснаас хойш эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үзвэл инфляци 30.6 хувь өссөн, амьжиргааны доод түвшин хангайн бүсэд хамгийн өндөр 22.1 хувь нэмэгдсэн, ядуурал 8 пунктаар нэмэгдэж 29.6 хувь, хөдөөгийн ядуурал 34.9 хувь болсон, ДНБ 17.3 хувиар өссөн байгаа тоон баримтуудыг энд дурдах нь зөв болов уу. Дээр нь наадмын дуулианаар бензин шатахууны үнэ нэмэгдсэн.
МҮЭ-ийн холбооноос ОУВС-нд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг санал болгон 2018 оны 05 дугаар сарын 22-нд бичгээр хандсан бол ОУВС-гаас МҮЭ-ийн холбооны тавьж байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар яриа хэлэлцээгээ энэ оны 7 дугаар сарын сүүлээр хийхээ мэдэгдээд буй аж. Засгийн газрын зүгээс ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 25-нд хийх хэлэлцээгээ үр дүнтэй хийж, төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах, улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн албан хаагчдын салбарыг ажил хаялтад хүргэхгүйгээр аль болох асуудлыг хурдан шийдвэрлэх шаадлага зүй ёсоор тулгараад байгааг Монгол улсын засгийн газар эрх биш ойлгож буй биз ээ. Энэ бол засгийн газарт ард иргэдээс өгөгдөж буй том даалгавар гэж ойлгоход буруудаад байх зүйлгүй. Яагаад гэвэл тэдэнд асуудлыг шийдэх эрх мэдлийг ард түмэн атгуулсан. Одоо харин тэд энэ эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлэх ур чадвар, арга ухаанаа ард олондоо харуулах том боломж басхүү дүн тавиулах хариуцлагатай мөч ирээд байна. Түмэн олон бүсээ чангалан хүлээж байна.