Бөхийн эхнэрийн зовлон

2018 оны 07-р сарын 23 өдөр, 16 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36913491_1744081549043049_9049393713536565248_n

Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна. Yеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг “Хүнтэй суугаач” гэж шахна. Yнэнийг хэлэхэд намайг тоогоод “Сууя” энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн тас л байгаа л даа. Гэвч намайг эргүүлэх хархүү олдсонгүй. Би толинд хараад ганцаараа заримдаа

– “Чи хүн тоохооргүй царай муутай гэж үү” гэж дүрснээсээ асууна. Ай хөөрхий яая гэх вэ дээ. Би ямар өөрөө эр эргүүлээд гүйж явалтай биш. Нөхөр болох хүн аяндаа л хүрээд ирдэг юм гэнэ билээ.

… Гэтэл хүссэн юм хүзүү сээрээр гэгчээр намайг ханхар өргөн цээжтэй, хавийн хүн сууж хармаар сайхан эр нэг өдөр “Өөрөө хань ижилгүй бол надтай суухгүй юу” гэдэг юм байна. Би бүсгүй хүний цэвэр ичимтгий зангаа золтой л мартаад “тэгье!” гээд хашгирчихсангүй. Хэлээ хазаад зогслоо. Тэр хүн бөх гэнэ. Яагаав нөгөө барилддаг бөх, хэдэн орой ажлаас тарахад өнөөх маань отож байдаг болов. Манайхан ч гадарлажээ. Найз хүүхнүүддээ, гэр орныхондоо аав ээждээ цөмд нь хэллээ.

Аав болохоор “Иш бөх хүн гэдэг чинь тийм элбэг таардаг юм биш. Сайхан хүү харагдана билээ? Наадмаар хүргэнээ хараад сууж байвал мөн сайхнаа” гэхэд ээж “Тохитой томоотой л хүн шиг байна. Одоо хаанаас хэнийг эрж явах вэ? Суу суу. Адаглаад зуны гэрээ хурааж муу амбаартаа ороход аав нь чадал хүрэхгүй байна шүү дээ!” гэж улаан цайм ятгав.

Найз хүүхнүүд минь “Аштай юу даа Долгор минь, Бөх гэдэг чинь гэрийнхээ хоолноос хороолгүй улсын хоол идэж бэлтгэл сургууль гээд архи тамхи хэрэглэдэггүй аятайхан хүмүүс байгаа. Бас тэмцээнд орж бай шагнал их авдаг, гадаадад олон явдаг ёстой гоогоо биш үү? Нийл нийл! Нүд дүүрэн сайхан эр байна” гэж янгинатал ятгаж, би ч бөх залуутайгаа сууж орхилоо .

Нэг удаагийн жижиг тэмцээнд түрүүлж шагнууллаа. Би нөхрийнхөө барилдаж байгааг огт хараагүй билээ. Нэг удаа би “Чиний барилдахыг үзмээр байна” гэвэл тэр намайг ганц гар дээр өргөөд “Наадмаар хараарай” гэдэг юм байна. Уг нь манай нөхөр “Самбо, жүдо, чөлөөт, үндэс” гээд бүх л барилдаанаар барилддаг юм гэсэн. Нөхрөө гадаадад явж, гоё бэлэг хэзээ авчирч өгөх бол гэж би, хүргэнээ улсын наадамд барилдахыг харах гэж аав хүлээн нилээд хэдэн сар боллоо.

Харин нөхөр минь тийм ч сайн бөх биш байсан ажээ. Би нэг удаа заалны барилдаанд орж нөхрөө нууцаар харж суулаа. Би өөрийн эрхгүй нүдээ анив. Хөөрхий нөхрийг минь нөгөө өрсөлдөгч нь ёстой хумхиж тавьж байна. Хаанаас нь л бол хаанаас өргөөд шиднэ.

Миний өмнө суугаа нэг эр “Энэ хоолны савыг хасмаар юм. Хэдэн жил л улсын хоол идлээ. Хөөе наадахаа хас хас. Зугатаад байна. Торго торго” гэж ирээд л орилж гэнэ.

Миний уур хүрээд “Та өөрөө гараад барилд л даа” гэвэл нөгөө эр “Чамд эр улсын ажил ямар хамаа байнаа. Энэ авгай чинь одоо яах нь вэ? Энэ муу дэвжээний алчуурыг өмөөрөөд байхдаа яадаг юм бэ?” гэж уурлав. Дэвжээний алчуур гэдэг үг намайг нэгмөсөн гонсойлголоо.

Би нөхрийнхөе барилдахыг харахаас ичдэг болов. Харин өвгөн маань үргэлж л барилдана. Нэг удаа телевизээр гарлаа. Yндэсний бөх шүү дээ. Гэтэл нөхөр минь 60 дөхөж яваа өвгөнтэй тааржээ. Аав “Энийгээ ч дөнгөлгүй дээ. Настай амьтныг зөөлхөн хаяасай билээ гэж хэлж дуусаагүй байтал хүмүүс орилоод алга ташаад орхив, Харвал манай нөхөр тэрий хадаад нөгөө өвгөн дээрээс нь харуулдаж байна.

Дүү нар “Хүргэн ах шараа шараа! Уначихлаа” гэж байна. Аав “Хн уначихаад бас тахимаа өгөхгүй байдаг нь юу ч билээ дээ!” гээд зурагтын өмнөөс холдов.

Орой нь нөхөр минь ирээд л ууртай “Хийморь алгаа! Алив хөгшөөн ганц шил архи өгөөч! Баяр болж байгаа байна даа!” гээд гуйлаа. Нэг мэдсэн баяраар хэрэглэх гэсэн зургаан шил архийг хоосолж дуусаад дахиад нэхэж байна.

Тэр “Дараа даагаа нэхнээ” хэмээн шүдээ хавирлаа.

Ж.Барамсай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх