У.Хүрэлсүх: Хүний амь нас эндэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой

2018 оны 07-р сарын 19 өдөр, 18 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6771bfb433f55c700345ecc32b92a111

Энэ сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай, усархаг, аадаар бороо орсноос их хэмжээний хохирол учраад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин гадаадад ажиллаж байгаа учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой комиссын хуралдаан зарлан нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өглөө.

  Энэ сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдан, автозам, цахилгааны шугам сүлжээ, байгууллага, аж ахуйн нэгжид ихээхэн хохирол учирчээ.

  Баян-Өлгий аймагт гэхэд л Өлгий сумын найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, гурван иргэн бэртэж гэмтэн, олон гэр, байшин, хашаа усанд автжээ. Иргэдийг аюулгүй газарт шилжүүлж, түр хоргодох байраар ханган шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

  Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн мэдээллээс үзвэл:

–  Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ сарын 17-ны өдөр үер бууснаас хоёр хүн амиа алдаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гэр, хашаа, байшин усанд автсан

–  Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 16, 17-нд орсон аадар борооны улмаас үер бууж далан, суваг, шуудуу сэтэрч 28 өрхийн гэр, байшин усанд автсан

–  Борнуур суманд энэ сарын 16-нд үер бууж 70 айлын хашаа, байшин, 10 аж ахуйн нэгж, байгууллагын зоорь усанд автан, “Шавартайн” гүүрийн тулгуур баганад суулт үүсч, сумын төвийн 0.6 км зам эвдэрсэн

–  Сүхбаатар аймагт долоон гэр, хоёр машин, Мөнххаан сумаас 44 км-т, аймгийн төвөөс 150-200 км-т улсын чанартай автозамын далан урсаж, замд цөмрөлт үүссэн байна.

13 аймгийн 116 км зам үерийн усанд автаж ноцтой эвдэрсэн тухай Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулав. Тухайлбал :

–  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 17-ны өдөр үер бууж автозам эвдэрч, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд их хэмжээний хохирол учирсан

–  Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн төмөр замын 22 дахь км-т төмөр зам усанд автан 300 метр газар, Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн төмөр замын 321-324 дүгээр км-т дөрвөн хэсэг газар төмөр зам их хэмжээний шороогоор дүүрсэн

–  Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумын нутагт энэ сарын 18-ны өдөр ширүүн аадар бороо, мөндөр орж Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн зам эвдэрчээ.

Үерийн улмаас автозамуудад 1,3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан урьдчилсан тооцоо гарсан бөгөөд ирэх өдрүүдэд ч бороо үргэлжлэн орох төлөвтэй тул энэ хэмжээ нэмэгдэх магадлал өндөр байна.

  Нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө. Гамшгийн өмнө бүгд бэлэн байж, эрдэнэт хүний амь нас эрсдэх, эд материалын хохирол амсахаас урьдчилан сэргийлж ажиллахыг Онцгой комиссын гишүүд, удирдах албан тушаалтнуудад анхааруулав.

Гамшиг, ослоос хэрхэн өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хэрхэн хамгаалах чиглэлээр явуулж байгаа сургалт, сурталчилгаагаа улам эрчимжүүлэх, цаг агаарын төлөв байдлыг нарийвчлал өндөртэй гаргадаг  улс орнуудын мэдээг иргэддээ хүргэх, цаг агаарын өөрийн гэсэн аппликэйшнтэй болох талаар судлаж нэвтрүүлэхийг холбогдох хүмүүст даалгав.

Ерөнхий сайд мөн үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймагт Улсын нөөцөөс таван ханатай 80 гэр, бохирын, ус зөөврийн, эмнэлгийн автомашин, ковш нийлүүлэхээр шийдвэрлэв. Тус аймагт барих далангийн ажил одоо тендер зарласан хэмжээнд байгааг тэрээр анхаарууллаа.

Үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах зардлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, нийслэлд үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, үерийн улмаас учирсан хохирлыг яаралтай, арилгаж сэргээн босгохыг үүрэг болгож, бүх байгууллага бэлэн байдлаа хангаж, уялдаа холбоотой ажиллахыг сануулав.

Улсын хэмжээнд төрийн байгууллагын бүх дарга 08 дугаар сарын 01 гэхэд ажилдаа орсон байх, ургац хураалт, хадлан тэжээл, өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангахыг анхааруулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх