Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим хурал өнөөдөр боллоо. Үерийн улмаас ойрын өдрүүдэд үүссэн нөхцөл байдал, мэргэжлийн хяналтын байгууллага хэрхэн ажилласан болон үерийн дараа ариутгал, халдваргүйтгэлийг зөв, үр дүнтэй зохион байгуулахад анхаарах, ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орон төлөвтэй байгаа тул урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг авч, гамшиг ослын үед шуурхай ажиллахыг цахим хурлаар үүрэг болгов.
Түүнчлэн орон нутаг руу аялах, зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг энэ үед авто зам дагуух цайны газар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын эрүүл ахуй, бүтээгдэхүүний чанар, ил задгай хүнсний худалдаалалтад анхаарах, Даншиг наадам зохиогдох аймгуудад хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвар гарахаас сэргийлэх, хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг чиглэл болгосон.
Мөн өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж иргэдэд сэрэмжлүүлэх, хууль бусаар ан агнуур хийхгүй байх, жимс, самрыг зохих зөвшөөрөлгүй түүхгүй байхыг зөвлөх, хууль бус алт олборлогчдын үйлдлыг таслан зогсоох чиглэлээр анхаарч ажиллахыг даалгалаа.