Ц,Түмэнбаяр “Уралын тэс мод” /өгүүллэг/

2018 оны 07-р сарын 18 өдөр, 15 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11310

Ээж минь “Галзуу орос авгайд хүүхдийн тархи хага цохиулчихав аа. Мэдэлтэй л яваарай” хэмээн өглөө бүр сануулдаг үгээ тоть шиг давтаад гарч одлоо. Арваадхан настай би зургаан сартай дүүгээ тэрэгтэй нь түрэн хятад сиянзны арын өргөн гудамжаар явдаг байсан юм.

Тэр гудамжинд өвөл зунгүй зузаан ноосон алчуураар толгойгоо ороож, цэргийн хөвөнтэй хуучин хүрэм, урт ноосон даавуун банзал өмссөн, хавтгай ногоон халуун сав үүрсэн орос авгай оросоор хараал урсган ойртсон хүмүүс рүү чулуу шиднэ. Би их л айн холуур дөлж явахдаа хүүхэд рүү чулуу шиддэггүйг нь анзаарсан юм. Тэгээд нэг өдөр замын хажуугийн улиас түшин ямар нэгэн дуу аялж, номхон дөлгөөн зогсохыг нь хараад ойртон сонирхоход тэрбээр хачин уянгалаг дуу аялан зогсож байж билээ. Намайг гэнэт анзаарсан тэр “Что ты смотришь” хэмээн гараа далайхад нь дүүгээ түрэн ум хумгүй зугтсансан. Ер монголоор ганц ч үг мэдэхгүй энэ орос авгай хаанаас, хэдийд ирж, яагаад энд өглөө болгон хараал урсгаж, чулуу шидэж зогсдог юм болдоо хэмээн боддог байлаа. Наташа бүсгүй тэс модны цагаахан цэцгээр сүлжсэн эрхэн зүүлтээ алтан шаргал үсэндээ зүүж, болзоот хархүүгээ хүлээн зогсоно. Орос бүсгүйчүүд тэс модыг хайр дурлалын бэлгэдэл болгодог хийгээд өвөлдөө ч унадаггүй улаахан жимс нь гайхамшигтай исгэлэн амттай. Залуус зуны орой баянхуур хөгжмөө тоглон бүжиглэж, хайр сэтгэлийн дуу дуулна. Наташагийн залуу нас дэндүү жаргалтай, өнгөлөг золбоолог байлаа. Ванятайгаа гэрлэж, хүү төрүүлж, орчлонгийн жаргалыг эдэлсэн хорин жил гэдэг харвасан сум шиг өнгөрчээ. Хүү нь 17 хүрч, тэс модны ёроолд болзож явахад, залуу насаа дурсан өхөөрдөн боддог байлаа. Гэтэл нэг л өглөө дайны гашуун утаанд хахаж цацан, нөхөр, хүү хоёроо фронтод үджээ.
-Алзахгүй Наташка минь алзахгүй. Би хүүгээ харж хандаж явна. Чи минь итгэлтэй хүлээж байгаарай хэмээн Ваня нь хэлсэн сэн. Серёжа хүүгээ дахин дахин үнсэж дахиад уулзах ч юм шиг, үгүй ч юм шиг санагдана. Нулимсандаа хахаж хүүгийнхээ хормойноос зууралдахад нэг л хачин совин татаад байсан юм. Тосгоны хүүхнүүд эрчүүдээ үдсэнээс хойш гундуухан уйтгартай, өглөөн нарнаас орой нар хүртэл ажиллана. Алсаас нүргэлж, ниргэлэх бөглүү дуу сонсдоно. Дайны бүүдгэр урт өдрүүдэд, хүмүүс долоо хоногт ганц удаа ирэх шууданчийг тэсэн ядан хүлээнэ. Гэтэл хүүгээс нь Дорнод фронтоос шилжиж, Монголын Халхын голд япончуудтай байлдаж яваа тухай захиа ирээд удаагүй байтал “… Ээжээ сэтгэлээ бариарай. Миний аав жинхэнэ шонхор байсан шүү. Би харамсаж байна Гэхдээ ааваараа бахархаж байна… Аав минь та бид хоёроос салан одсон ч хүү нь очно. Амлая. Одоохон дайн дуусна” гэсэн захианы үгс тархин дундуур нь татаад авлаа. Наташагийн ах дүүс, амраг садан бүгд дайны хөлд үрэгдсэн. Одоо гялайх ганц гэгээ нь Серёжа хүү нь билээ. Наташа өдөржин, шөнөжин “Ганц хүүг минь, хүүг минь л амар мэнд ирүүлээч” хэмээн бурханд залбирч байлаа. Шууданчийн морин тэрэг ирэх тоолонд “Юу гэсэн захиа ирэх бол” гэж бодохоос хөл нь чичирч, гар нь салганан, бүхий л бие нь бадайран зогсдогсон. “Дайн дууслаа” хэмээн сайхан мэдээ гэгээн өглөө шиг тарахад Наташа “Ашгүй дээ, За ашгүй дээ. Миний хүү амьд мэнд ирэх нь” хэмээн баярлаж, өөрийн эрхгүй нулимсандаа хахан уйлах инээх хосолж байсан ч яагаад хүүгээс нь захиа ирэхгүй байна гэх битүүлэг түгшүүрт автаж, хэзээ л нэг аянга буух бол хэмээн айж байлаа. Хүсээгүй ч айж асан тэр өдөр гарцаагүй ирлээ. Захидлын дугтуй дээрх “Наташа-д” гэсэн бичиг хүүгийнх нь биш байлаа. Наташа захидлыг аваад салганан чичирч, задлахаасаа ч бэргэн алмайрсан ч дугтуйг урж, үг үсгийг нь харцаараа гүйлгэн яарч уншлаа. “Хүү чинд хүнд шархадсан. Улаанбаатарын цэргийн эмнэлэгт хүргүүлсэн” хэмээн уншаад л цааш нь юу ч бичсэнийг бүү мэд, захидлаа газар алдлаа. Гэвч “Миний хүү… үр минь, чи минь амьд шүү дээ, амьд. Ээж нь очъё. Ээж нь л хүүгээ авчирч чадна” хэмээн амандаа шивнэлээ. Эргэлзэж тээнэгэлзсэнгүй. Гэр орноо хэн нэгэнд ч захисангүй. Умраас дорно руу зүглэх цэргийн цуваа даган Монгол хэмээх танихгүй газар руу бэдчин явжээ. Наташагийн ганцхан бодол нь хүүгээ яаж ийж байгаад л амьд авч ирэх байлаа. Наташад хүүгүй болчихвол амьд явахын ч хэрэг алга. Тэрээр бүтэн сар өвлийн хүйтнээс янз бүрийн замаар явсаар Улаанбаатарт хүүгийнхээ хэвтэж байгаа эмнэлгийг амь алдах шахан явж олж иржээ. Наташа амьд амьтан тогтохын аргагүй хятадын өмхий гудамжинд нэг айлын өрөөнд гуйж орсон ч өдөржин, шөнөжин хүүгээ сахина. Тэрээр хүүгийнхээ хатсан уруулыг нь дэвтээх гэж нэг үүрээр ус буцалгаад ногоон халуун савандаа хийсээр буцаж ирэхэд хүүгийнх нь толгойг хөнжлөөр бүтээсэн байлаа. Наташа “Үгүй, үгүй миний хүү … миний үр чи минь үхэх ёсгүй” хэмээн тэвэрч уналаа. Газар дээрх ганц хүүгээ алдсан тэрхүү орос хүүхнийг хавийн хүмүүс түшин хүүгээс нь холдуулжээ. Түүнээс хойш Наташа хүүдээ “Уруулыг нь дэвтээх цай аваачиж өгнө” хэмээн гучин жил өглөө болгон ногоон халуун савны гадар үүрэн гарч явдаг болж, эмнэлэг байсан тэр байшин хүртэлх хэдхэн ахмын зайд тааралдсан монгол хүн, цэргийн хүмүүс рүү чулуу шидэж “Хүүгий минь өг, хүүгий минь өг” хэмээн оросоор хашгирдаг болсон юм билээ. Харин нэг л өглөө галзуу орос авгай хуруу огтлохтой адил алга болсон юм. Хожим сонсохноо хүүгийнхээ шарил тавьсан газар нүд аньсан бөгөөд эдүгээ хүртэл орос ардын “Уралын тэс мод” хэмээх орос ардын дуу сонсогдох тоолонд Уралаас газар дээрх ганц хүүгээ бэдэрч, миний нутагт ясаа тавьсан тэр ээж санаанд минь ордог билээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр
Оросын бүх эмэгтэйчүүдэд зориулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. маагий
     (64.119.22..***)
    2023/05/28 13:33

    гайхалтай сайхан зохиол уншлаа баярлалаа

    (0) (0)