Ерөнхий сайд аа, “Нинжа” нар гаарч байна

2018 оны 07-р сарын 16 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bb0152_37103917_1923199864644421_3877700399876014080_n_x974

“Нинжа” нарыг зохицуулахад төр, засаг юу хийж байна вэ. Өөрөөр хэлбэл, Монголын төр засаг тэднийг хараа хяналтаасаа алдснаас болж өдгөө маш олон аймаг сумд “Нинжа” нарын хөлд талхилагдаж байгаль орчин сүйдэж малчид ч малын бэлчээргүй болчихлоо.

Уг нь УИХ, Засгийн газраас “Нинжа” нарт алт олборлох газар тусад нь олгож ажлын байраар хангах, өөрийн эрх зүй, амьдрах орчинг бүрдүүлж тэднийг ашиглалтгүй болсон, зөвшөөрөл нь дууссан талбай руу орж болно гэсэн тогтоолыг гаргасан.  Гэтэл ямар ч хараа хяналт байхгүйн улмаас тэд өнөөдөр гадны хөрөнгө оруулалттай  компани болон дотоодынхоо компаниуд руу дайрч ажлыг нь гацааж байгаль орчин сүйтгэж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа захиалгат бүлгүүд болон хувирчихлаа.

Тиймээс л даварсан “Нинжа” нарыг зохицуулах чадвар энэ төр, засагт байхгүй гэж үү хэмээн олонтаа асуусан ч хариулт өгөх хүн олдоогүй юм. Хэрвээ уншигчид санаж буй бол 2006 онд Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлодог дотоодын “Монполимет” компанийн уурхай руу наадмын өдрүүдэд “Нинжа” нар бүлэглэн дайрч хүний амь намыг эрсдэж байсан гашуун түүх бий. Мөн одооггос гурван жилийн өмнө Говь-Алтай аймгийн Бигэр суманд алт гарснаас үүдэж Хөвсгөл, Улаанбаатар, Баянхонгор, Заамар гээд бүх газрын 1000 гаруй  “Нинжа” нар цуглаж алтны төлөө нүхээ булаацалдсан болж нэгнийхээ аминд хүрсэн.

Тухайлбал, Говь-Алтайн Бигэр, Ноён уул, Өмнөговьт байгаа нинжа нарыг ангилж үзвэл амьдралын шаардлагаар, арав таван төгрөг олох гэж газар ухаж байгаа хүн байхгүй. Тэд бол цэвэр зохион байгуулж буй хүмүүсийн цалин, мөнгийг авч орон нутагт очиж, газар нутаг сүйтгэж зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг.

Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдахад өнгөрсөн гуравдугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Булган сум Байтаг баг Цагаантолгойн гэх газарт хууль бусаар алт олборлосон “Нинжа” нар бас л алтны нүхээ булаацалдан иргэн Б-гийн амь насыг хөнөөж түүнийг хэрцгийгээр хороож байсан  маш олон аймшигтай хэргүүд бүгд “Нинжа” нараас үүдэн гарч байсан удаатай.

Түүнчлэн  “Нинжа” нар Завхан аймгийн нэг сумын орлогын эх үүсвэрийг юу ч үгүй сүйтгэж байсан удаатай. Нутаг орон нь “Нинжа” нарт эзлэгдсэн ч гэлээ нутгийн иргэдэд хэчнээн сэтгэл байлаа гээд нутгаа цагдаа шиг хамгаалж чадахгүй. Зэвсэггүй, ядахдаа газ байхгүй болохоор гар хоосон иргэд юу хийх билээ гэж нэгэн малчин халаглан ярьж байсан удаатай. Угтаа бол зэрлэгшсэн “Нинжа” нар нөгөө төмөр зэвсгээ бариад малчид руу дайрдаг гэсэн үг.  Яг үнэндээ “Нинжа”  нар ганц нэгээрээ биш, бүлгээрээ явдаг болохоор нутгийн иргэд байтугай сумын цагдаа ч зогсооход бэрх гэдгийг олон хүн учирлан ярьж байна.

Энэ бүхнийг дурдахын учир нь өнгөрсөн хугацаанд Баянхонгор аймагт “Нинжа” нарын үйлдэл хэрээс хэтэрч байгаа тухайг зарим нэг хэвлэлүүд мэдээлж Ерөнхий сайдын сонорт хүргэж байсан удаатай. Тэгвэл одоо тус аймагт нөхцөл байдал хүндэрч  зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд руу “Нинжа” нар дайрч ажлыг нь зогсооход хүргээд байгаа аж. Хамгийн хачирхалтай нь тус аймгийн Засаг дарга н.Батжаргал “Нинжа” нартайгаа үгсэн хуйвалдаж татвар төлж буй аж ахуйн нэгжүүдээ шахаанд оруулж “Нинжа” нараар нутаг орноо сүйдүүлж байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь анхаарал татаж байна.

Мэдээж энэ үйлдэл ганц Баянхонгор аймагт ч бус Заамарт ч мөн адил “Нинжа” нар дураараа дургиж байгааг бид өмнө нь мэдээлж байсан удаатай. Тиймээс хууль бусаар алт олборлогчдын асуудлыг үнэхээр цэгцэлж, аль аль талдаа арга хэмжээ авахгvй бол “Нинжа” нар маргааш бусад үндэсний үйлдвэрлэгч рүү гээ халдах аюул бий болоод байна “Нинжа” нарыг бусдын хөрөнгө рүү дайрах энэ мэтээр дайрч хүний амь нас дахин сүйдэхээс сэргийлж яаралтай  арга хэмжээ авах үлдээд байна Ерөнхий сайд аа. Хэрвээ нөхцөл байдал энэ мэтээр үргэлжлээд явбал  өөрийн газар нутаг дээрээ хувиараа бизнес эрхлэн  амьдарч байгаа гадаад, дотоодын өмч рүү монголчууд өөрсдөө дайрах дайралт vргэлжилсээр байх нь ээ.

Тиймээс Ерөнхий сайд аа, “Нинжа” буюу Монголын хууль бус уурхайчидаа цэгцлэх цаг хэдийнэ  болжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх