Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-ийн асраар зочилж, ярилцлага өглөө

2018 оны 07-р сарын 11 өдөр, 19 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
OTGO0316

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа Төв цэнгэлдэхийн гадна байрлаж буй МҮОНРТ-ийн асраар зочилж, ярилцлага өгөв.

-Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга таныг манай асарт хүрэлцэн ирсэнд гүн талархаж байна.

-Баярлалаа. Сайхан наадаж байна уу.

-Сайхан наадаж байна. Та сайхан наадаж байна уу?

-Сайхан наадаж байна. Танай телевизийн асраар хоёр дахь удаагаа зочилж байна. Мөн Үндэсний их баяр наадмаа хоёр дахь удаагаа нээлээ. Наадмын нээлт Монгол ахуйг харуулсан өвөрмөц, сайхан боллоо.

-Та Ерөнхийлөгчийн хувиар энэ жилийн наадмыг Монгол түмэндээ ямар бэлгэшээлтэйгээр угтаж байна. Төрийн тэргүүний хувиар хоёр дахь удаагаа наадмаа нээлээ. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Тийм. Монгол наадмыг нээх амар асуудал биш. Өнгөрсөн жил тангараг өргөөд л ямар ч бэлтгэлгүй шахуу байж байгаад наадам нээхдээ бага зэрэг сандарч байгаа юм шиг мэдрэмжтэй байсан. Тухайн үедээ сандраад л байгаа болов уу гэж бодож байсан ч энэ жил адилхан мэдрэмжтэй байлаа. Уламжлалаа хүндэтгэсэн айдас байх.

-Төр бол ёс хүндэтгэл юм гэж товчхон өгүүлдэг. Өчигдөр та Төрийн далбаа цэнгүүлэх ёслол дээр “…Монгол ёс заншил, өв уламжлалыг дархлах хэрэгтэй…” гэсэн утгатай үг хэлсэн. Цаашдаа Монгол наадмыг дэлхийд сурталчилах, ёслол, хүндэтгэлээ залуу, хойч үедээ өвлүүлэх талаар ямар бодолтой байна вэ?

-Аливаа тусгаар тогтносон улс болгон өөрсдийнхөө өв соёл, түүх уламжлалыг хадгалж үлдээд, түүнийгээ орчин цагтайгаа уялдуулан авч явах үүрэгтэй байдаг. Тэр үүрэг бидний үед ирсэн.

Жишээ нь, эрийн гурван наадам гэж хэлэгддэг бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан бий. Үүнийг хэрхэн хадгалж, авч үлдэх вэ гэдэг нь асуудал дагуулж байгаа. Бөхчүүд хоорондоо маргалдаж байгаа нь ч цаг үе нь шаардсан шинэчлэл. Үүнийг эвтэйхэн давчихвал асуудал бага гарна. Тэгэхээр улсын наадам буюу нүүдэлчдийн соёлыг хадгалсан наадмаа дэлхийд хэрхэн таниулах вэ гэдгээ ярих ёстой. Олимп зэрэг томоохон арга хэмжээ бидний мэдэж байгаачлан оройн цагаар болдог. Нар буусны дараа нээлтээ хийж байгаа нь учиртай. Тэгэхээр Үндэсний их баяр наадмын туг залах ёслолоо өдөр хийгээд, зарим ёслол, нээлтийг орой хийх боломж бий.

Мөн наадмаар үндэсний бөхөөр цэрэг барилдуулахдаа арай бие, хаа сайтай цэргүүдийг барилдуулах хэрэгтэй байна зэрэг санаануудаа наадмын зохион байгуулах комисст хэлээд амжлаа. Монгол Улсаа сурталчлах бас нэг том хэсэг шүү дээ.

-Баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

-Баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх