Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

2018 оны 07-р сарын 10 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123_4188603989

Бахархах түүх, омогших алдар, хайрлах эх орон нэгтэй, элгэн садан монголчууд аа,

Та бүхэндээ Тулгар төрийн 2227, Их Монгол Улсаа байгуулсны 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

            Монгол түмний гайхамшигт соёлын нэгэн тод илэрхийлэл, даян дэлхийд биднийг Монгол гэж танигдуулдаг эртний уламжлалт баяр МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна. Монгол наадам бол зөвхөн баяр цэнгэл биш, ёс бэлгэдлийн, утга соёлын цогц бүрэлдэхүүн юм.

Энэ жилийн наадмыг Та бид улсаа хөгжүүлж, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох эрхэм зорилгынхоо төлөө томоохон алхам хийсэн амжилтаар угтаж байна.

            Тасралтгүй уруудаж байсан эдийн засаг тасралтгүй өсөж байна.

2017 оны эхний хагас жилд 676.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын орлого өмнөх оныхоос 842.6 тэрбум төгрөгөөр  өсчээ.

Гадаад худалдааны бараа эргэлт 1.3 тэрбум америк доллараар нэмэгджээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.4 их наяд төгрөг болж, 2017 оны мөн үеэс 24.6% хувь өслөө.

Хууль тогтоох дээд байгууллага УИХ арав гаруй жил ярьж, маргасан Тавантолгойн нүүрсний ордын талаар түүхэн чухал гэж хэлж болохуйц Тогтоол баталснаар ирэх онуудад эдийн засаг 10-аас дээш хувь өсөх боломж бүрдлээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Эх оронч үзэл, улс үндэстнээрээ бахархах сэтгэл, сайхан ирээдүйг бүтээх эрмэлзлээр монгол хүн бүр бялхам дүүрэн байгаа гэдэгт би итгэдэг. Тийм маргаашийг бүтээж чадна гэдэгтээ бас, эргэлздэггүй ээ.

Цөөхүүлээ хэрнээ олуулаа юм шиг том орон бол Монгол билээ. Бидний энэ хүч чадлын эх сурвалж нь зөвхөн эв нэгдэлдээ байдаг. Тиймээс эвийг эрхэмлэж, талцал хуваагдлаас хол байх нь эцэг дээдсийн захиж үлдээсэн алтан сургаал билээ.

Аливаа сайн үйлс, бүтээх эрмэлзэл бүхнийг дэмжиж, гагцхүү хууль ёс, үнэн шударга засагласан нийгмийг бүтээхийн төлөө шамдацгаая.

Монгол түмэн минь дэлхийд ганцхан монгол наадамдаа дэлгэр сайхан наадаарай.

Хүлэг бүхэн хурдан, бөх болгон даваатай, сум тоолон мэргэн байг ээ.

Эрдэм төгс иргэнтэй, ирээдүй маргааш нь гэрэлтэй Монгол Улс маань мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх