Зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгожээ

2018 оны 07-р сарын 09 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36847967_1984790641595464_5118771319344726016_n_20180709095003

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 22927 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1281, зөрчлийн шинжтэй 15131 дуудлага мэдээлэл байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Өндрөөс унаж бэртэх, үер, усны аюул, амьтанд хазуулж, хатгуулах, түлэгдэлт, ахуйн осол, гэмтэл, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох”-оос тус тус сэргийлэх зорилгоор зөвлөмжийг бэлтгэн, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд ажлын чиглэлийг хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 354 байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 142 сургууль, 206 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын 370 талбайд үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. Шалгалтын явцад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илэрсэн. Цахилгаан щит, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой 224, траншейн болон худгийн таг эвдэрсэн, онгорхой 98, хурд сааруулагч байрлуулах шаардлагатай 36, хамгаалалтын хаалт, хашлага сэргээх, шинээр хийх 27, газар чөлөөлүүлэх шаардлагатай 11, үерийн далан суваг ус хураах талбайд байрласан хүүхдийн тоглоомын талбай 1, чанар стандартын шаардлага хангаагүй гэрэлтүүлгийн шон болон хаяг рекламны самбар 26, тоглоомын талбайн аюулгүй байдал хангаагүй 102, холбоо дохиолол болон шилэн кабелийн утас унжсан 205, бусад  46 зөрчил тус тус илэрсэн. Сүүлийн 14 хоногт давхардсан тоогоор 2297 чиглэлд 8414 офицер, 11858 цагдаа, 1862 олон нийтийн цагдаагийн ажилтан, 340 хэв журмын урамшилт эргүүл үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2080 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 74 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2738 дуудлага мэдээлэл хүлээн авч 799 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 124 бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 17,4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байх бөгөөд нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажилласан байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын бороотой, борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүсэх, шөнөдөө 4-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байх урьдчилсан төлөвтэй байна. Иргэдийн амралт, аялалын энэ цаг үетэй холбогдуулж,  Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Аврах анги-105-ын 2 бүлэг өдөр бүр завьт эргүүлээр, нэмэлтээр Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 бүлэг хөдөлгөөнт эргүүл хийж, ард иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна” гэж танилцуулав.

“Нийслэлийн Засаг даргын 02 тоот албан даалгаврын дагуу ЕБС, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын, тоглоомын талбайд хийсэн хяналт шалгалтаар НМХГ-ын даргын 02-01/1805 тоот мэдэгдлийг 32 хорооны Засаг дарга нар, 18 боловсролын байгууллага, ААНБ, 13 иргэн, 72 СӨХ-д хүргүүллээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамжны явган хүний зам хаасан “Жинхэнэ уянга” ХХК-ийн газар ашиглалтын байдалд шалгалт хийж, тус компани нь нийтийн эзэмшлийн талбайд зогсоол болон багана барих ажил хийж байсныг зогсоон зөрчлийг арилгуулан ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.  “Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах, Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг сар болгон танилцуулах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2018 оны ээлжийн амралтаа эдлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, орлон ажиллах албан тушаалтыг томилж, ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх, төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх