Ардчилсан намын Зам тээврийн бодлогын зөвлөлөөс өчигдөр /2018.07.05/ хэвлэлийнхэнд хандаж, шатахууны үнийн өсөлтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Зам тээврийн бодлогын зөвлөлийн зүгээс баяр наадмын босгон дээр шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж, шатахууны үнийг нэмснийг эсэргүүцэж байгаа төдийгүй эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Тус шаардлагад:
-Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байрлах шатахуун түгээх станцуудаар түгээгдэж буй бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг хямдруулах,
-Эрх баригч намын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно” гэсэн амлалтаа биелүүлэхийг шаардаж байгаагаа тусгажээ.
Улмаар энэ сарын 09-ний өдрийн 12.30-18.30 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг минут тутамд сигнал дарж, эсэргүүцлээ илэрхийлэхийг уриаллаа.
Зам тээврийн бодлогын зөвлөлийн зүгээс “Засгийн газар шатахууны үнийн өсөлт дээр тодорхой бодлогын арга хэмжээ авахгүй байна. Баяр наадмын босгон дээр шатахууны үнийг нэмж, ард түмэнд “гэнэтийн бэлэг” барьсан явдалд Засгийн газар анхаарах хэрэгтэй. Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт ажил эд өрнөж байна. Шатахууны үнэ нэмэгдсэн учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээс эхлээд хот хоорондын тээврийн зардал ч нэмэгдэнэ” гэв.
Түүнчлэн 2013-2016 онд Засгийн газар, Монголбанктай
хамтран хэрэгжүүлсэн “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд бодлогын зохицуулалт хийж, шатахууны үнэ нэмэгдээгүй болохыг энэ үеэр эрх баригчдад сануулсан юм.