Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийг нэг талаас нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нөгөө талаас “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд нар үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гишүүн 17 компанид уул уурхай, орон нутаг, хот хоорондын тээвэр, транзит болон зорчигч тээврийн чиглэлээр эхний ээлжид С, Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн 80 ажлын байр зарлагдаж байгаа бөгөөд тус ажлын байрны сонгон шалгаруулалтыг нийслэлийн Залуучууд хөгжлийн газартай хамтран зохион байгуулах талаар мэдээллээ.
“Ажлын байранд бүртгүүлсэн залуучуудыг эерэг хандлага төлөвшүүлэх, ажилдаа хариуцлагатай хандах, хорт зуршлаас ангид байх сургалт, нөлөөллийн ажлуудад хамруулж, амжилттай суралцсан залуучуудыг ажлын байранд холбож” өгнө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир мэдэгдэв.
“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай 2018 оны 01 дүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцах юм байна.
Нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1.5-2 сая төгрөг хүртэл байх аж. Жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд хэллээ.
Тээврийн салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудад ажиллах хүсэл сонирхолтой 21-ээс дээш насны залуучуудыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын байранд буюу нийслэлийн Засаг захиргааны V байранд энэ сарын 16-23-ны өдрүүдэд 08:00-17:00 цагуудын хооронд бүртгэх юм байна. Бүртгүүлэх хүсэлтэй залуучууд 97125557, 98125557 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Бүртгэлийн анкет татаж авах цахим хаяг: http://youth.ub.gov.mn/
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд эерэг хандлагатай, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор холбогдох хууль, тогтоол, шийдвэр, дүрэм журмыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг төрийн захиргааны байгууллага юм.