Утас жингэнэтэл дуугарав. Гамбаа утас руугаа хяламхийн харснаа авах гэсэн боловч авч чадсангүй. Яг хулгай хийж байгаа хүн шиг сандарч, утасныхаа дууг хаалаа. Утас дуудсаар байгааг харж, сэтгэл нь догдлон, гар нь чичирсээр… Оюунаа утсаа авахгүй болохоор гайхаж байгаа байх даа гэж бодох зуур түүний дүүрэн гунигтай том алаг нүд нүдэнд нь харагдах шиг болов. Гамбаа Оюунаатай уулзахгүй байхыг, утсаар ярихгүй байхыг хичээдэг. Гэвч сэтгэл нь түүнийг захирч, уулзахыг, утсаар ярихыг тэсгэл алдан хүлээнэ. Оюунаа гэж түүний анхны хайр. Одоогоос арван есөн жилийн өмнө анх тэр охиныг харж билээ. Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан, нүдэнд дулаахан бор охины ах эгч хоёрыг тэр таньдаг байлаа.
Илүү дутуу юу ч үгүй жирийн л охин. Тэгсэн хэрнээ цаанаа л нэг сэтгэл татах увидастай намуухан зөөлхөн харцтай охиныг харахаар тэр гэрээр нь байнга эргэлдэнэ. Дүү охинд нь санаатай байгааг мэдсэн юм шиг танил ах нь “Та хоёрыг суулганаа” гэж хэлэхэд учиргүй ичнэ. “Дахиж эднийхээр ирэхгүй дээ” хэмээн шаралхан бодсон хэрнээ л салж чадахгүй эргэлддэг байлаа. Оюунаа ч гэсэн Гамбааг харахаараа яг л алим шиг улаачихна. Эгцэлж харж чадахгүй, буланд шахагдсан туулайн бүжин шиг сандчих охиныг харах тусам түүнийг улам их хайрлаж байгаагаа Гамбаа мэддэг байлаа. Нэг өдөр танил ахындаа орвол гэрийн эзэд эзгүй, Оюунаа ганцаараа яг л түүнийг хүлээж байсан юм шиг сууж байв. Эндээс л түүний сэтгэлийг насан туршид нь шархлуулсан хайрын түүх эхэлсэн хэрэг.
Гамбаа Оюунаатай өнгөрүүлсэн жаргалтай дурсамжуудаа санах дуртай. Гэрийн эзэд байхгүй үед Гамбаа, Оюунаа хоёр яг л нэг гэрт амьдардаг залуу хосууд шиг эрх дураараа байна. Гэхдээ л тэр Оюунаад халдаж ойртож чаддаггүй байлаа. Охины санчиганд, гарт хүрэхэд л зүрх нь цээжээ дэлсэж сандардаг байснаа санав. Нэг өдөр Гамбаа их л зориг гаргаж, охиныг цээжиндээ наан, хувцасыг нь тайлж эхэлсэн. Оюунаа нүдээ анин, яг л түүний гарын аясаар хөдлөж, чичирч байж билээ. Хэмжээлшгүй их аз жаргал амтагдсан мөчүүд… Гэтэл гэнэтхэн хаалга гаднаас нь онгойлгох түлхүүрийн чимээ гарч, сандарсан хоёр нүцгэн чигээрээ ахынхаа ор руу үсрээд орчихов. Ах, эгчээсээ айж, ичсэн охин амьсгалж ч чадахгүй сандарч, Гамбаа ч бас хөдлөж чадахгүй хөнжил дотроо хэвтсээр… Айлд зочилж, халамцуухан орж ирсэн ах нь “Өө.Яахаараа миний орон дээр унтаж байдаг байнаа. Бос ч нөгөө өрөөнд орж унт” хэмээн хөнжлийг нь хуу татсанаа дүү охиноо, бас Гамбааг хараад тэр хоёроос ч илүү сандарч, саяхан л хуу татсан хөнжлөө буцаагаад шидчихэв.
Энэ бол Гамбаагийн хамгийн сайхан дурсамжуудын нэг. Тэр өдрөөс хойш Гамбаа, Оюунаа хоёр үргэлж хамтдаа байх болж, ах эгч нар нь ч тэднийг дэмждэг болов. Нэг гэрт орно, хамтдаа нэг насаа өнгөрүүлнэ, хэзээ ч салахгүй цуг байна гэж мөрөөдсөн залуу хосуудыг өвчин, зовлон нэг л мэдэхэд салгасан. Оюунаа гэнэтхэн бие нь өвдөж эмнэлэгт хэвтсэн тэр өдөр, “Шаралчихсан байна. Хот руу явж эмчлүүл” гэсэн тэр үг зүү ч орохын зайгүй ижилссэн залуусыг бүхий л насаар нь салгаж байгааг үнэндээ хэн хэн нь мэдээгүй. Оюунаагийн ээж ирж, охиноо хотод хэвтүүлэхээр авч явж билээ. Оюунааг эмнэлгэээс гарсных нь дараа Архангай руу дагуулаад буцсан гэдгийг тэр их л сүүлд мэдэж билээ.
Шувуудаа үдсэн намрын нуур шиг сэтгэл нь хоосорч, бас Оюунаад санаа зовж, уйтгар гуниг дүүрэн өдрүүдийг тэр туулж гарсан. Оюунаагийн сургийг сонсох санаатай ахынд нь байн байн очино. Хайртай бүсгүйнхээ тухай ганц ч гэсэн үг сонсох санаатай эргэлдэх залууг тэд өрөвдсөн юм байлгүй нэг өдөр “Оюунаа ирэхгүй байхаа. Ээж нь ламд үзүүлтэл энэ залуутай суулгаж болохгүй. Охиноо аваад яв гэж хэлсэн тэгээд л охиноо аваад явсан” гэж гэнэтхэн хэлж билээ. Гуниг шаналал, хүлээлт дүүрэн өдрүүд үргэлжилсээр…”Тэр минь жаргаж байгаа. Надаас хол байвал дахиж өвдөхгүй, дахиж шаналахгүй” гэсэн хоосон бодлоор л тэр өөрөө өөрийгөө хуурч байсан. Оюунааг явснаас хойш нэг жил өнгөрөв. Тэр нэг жил хэрхэн яаж өнгөрснийг Гамбаа одоо хүртэл мэддэггүй. Гамбаа хотод ажиллахаар болж, найз бүсгүйтэй болж, үрийн зулай үнэрлэсэн. Гэвч богинохон хэрнээ хэтэрхий удаан сэтгэлд хадгалагдах энэ дурсамж одоо хүртэл түүний сэтгэлийг нялхаруулдаг. Оюунаатай уулзаагүй 19 жил болохдоо түүний тухай бодоогүй өдрүүд цөөхөн байсан гэдгийг тэр мэднэ.
Одоогоос жилийн өмнө Гамбаа Оюунаагийн дүүтэй санамсаргүй тааралдаж, түүнийг утсны дугаарыг олж авч билээ. Залгамаар, ярьмаар, юу хийж байгааг нь, яаж амьдарч байгааг нь мэдмээр санагдана, түүний дуу хоолойг ганц удаа ч хамаагүй сонсохыг тэсэлгүй их хүснэ. Гамбаа нэг өдөр их л зориг гарган Оюунаа руу залгаж билээ. Бүхэл бүтэн 19 жил өнгөрчихөөд байхад Оюунаа яг л өчигдөр уулзаад салсан юм шиг л түүний дуу хоолойг таньж байлаа. Утсаар ярьсаар… Утсаа салгасан ч дахиад л залгамаар сэтгэл догдлуулсан өдрүүд үргэлжилсээр…Хэдхэн хоногийн өмнө Оюунаагийн дууг сонсох юмсан гэж хүсч байсан бол царайг нь харах юмсан гэж тэсэлгүй хүснэ.
-Чамтай уулзаж болох уу? Чамайг хармаар байна гэтэл Оюунаа
-Би ч гэсэн чамайг хармаар байна. Боломжтой бол манай ажил дээр хүрээд ир л дээ гэх нь тэр. Гамбаагийн сэтгэл догдлон, яг л 19 жилийн өмнө оюутан охиныг харах гэж сэтгэл догдолдог байсан шигээ сандарч эхлэв. Ажлынх нь үүдэн дээр очсон хойноо яг орох гэтэл орж чаддаггүй. Сэтгэл нь хөөрч догдолж, бас айж, эмээж байлаа.
Тэр Оюунааг 19 жилийн дараа анх хараад үнэхээр барьц алдаж билээ. Өнгөрсөн цаг хугацаа түүнийг өөрчилж чадсангүй. Ялимгүй намба сууснаас биш яг л хэвээрээ. Оюунаагийн сэтгэл ч бас догдолж байгаа нь илт. Удаан уулзаагүй удаан хүлээж, олон жил үгүйлсэн хайр сэтгэл тэдний өмнө тавьчихсан байсан тэр хаалтыг зад тавьж, нэг л мэдэхэд тэврэлдэн зөндөө их уйлж билээ.
-Чи яагаад эргэж ирээгүй юм бэ?
-Би очсон. Чи намайг очиход эхнэртэй болчихсон байсан. Чамайг эхнэртэйгээ хөтөлцөөд явж байхыг би хараад л буцсан.
-Яагаад намайг өдий хүртэл мартаагүй юм бэ?
-Мартахын аргагүй анхны хайр байсан юм.
Нулимс, инээд баяр гуниг хосолж, сэтгэл хөвсөлзүүлсэн уулзалт. Ахиад уулзмаар, хэзээ ч түүнийг хааш нь ч явуулмааргүй санагдаж, хайрлаж, харамлах сэтгэл Гамбаагийн зүрхийг шархлуулна. Гамбаа эхнэртэй, охинтой, Оюунаа ч бас нөхөртэй, гурвын гурван хүүхэдтэй. Гэхдээ 19 жилийн дараах энэ уулзалт тэдний сэтгэлийг ингэтэл их үерлүүлэх юм гэж хэн хэн нь төсөөлөөгүй явлаа. Байнга утсаар ярина. Хааяахан уулзана. Яг л 18 настай жаахан хүү гудамжны буланд болзоонд зогсохоор яарч байгаа юм шиг сэтгэл нь хөдөлнө. Үнэндээ Гамбаа үхтлээ шаналж байлаа.
-Одоо больё. Амьдралаа бодоцгооё гэж тэр хоёр олон удаа ярьж байсан. Гэвч нэг л мэдэхэд утсаа шүүрч авна. Гамбаа тэсгэл алдан
-Үгүй дээ. Би чадахгүй юм байна. Чамайг үгүйлээд байна. Ядаж утсаар ч гэсэн ярьцгааж, чиний дуу хоолойг жаахан ч гэсэн сонсмоор байна. Утасны цаана Оюунаа хэн нэгэнд мэдэгдэхгүйг хичээж чимээгүйхэн мэгшин уйлна. Гамбаа өөрийгөө ч, Оюунааг ч ингэж зовоож байхаар “хамт байя” гэж зүрх гарган олон удаа бодож үзсэн. Гэвч өчнөөн жил зүтгэж, босгож бүтээсэн амьдрал, үр хүүхдээ бодохоор яаж чадахгүй шаналдаг байлаа.
Утас жингэнэтэл дуугарсаар…Гамбаа тэвчсэнгүй, утсаа шүүрэн авлаа. Оюунаа
-Шувууд буцаж байна. Би ч бас буцаж байна. Сүүлчийн удаа чиний дуу сонсохыг хүссэн юм гэснээ утсаа салгачихав. Гамбаагийн сэтгэл яг л шувуудаа үдсэн намрын нуур шиг хоосорч үлдлээ.
Амьдралыг бүтэн үлдээх гэж сэтгэлээ хагаслаж хичнээн хүмүүн нулимстай үлдсэн бол гэдэг гашуун бодол цээжийг нь нухсаар…
Шувууд буцах цаг болжээ.
Б.Цоожчулуунцэцэг
Hello. And Bye.
Hello. And Bye.