Азийн сайд нарын бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй нэг арга хэмжээ нь олон улсын байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах салбар хуралдаан юм.
Тус хуралдаан Туушин зочид буудалд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хуралдаанаар Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, Азийн хөгжлийн банк, Энэтхэгийн гамшгийн эрсдэлийг бууруулах институт болон Дэлхийн Зөн, МУЗН, Японы хүүхдийн ивээх сан, Жайка, Мерси Кор олон улсын байгууллага зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Мөн цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар санал солилцож, Азийн сайд нарын бага хурлаас гарах баримт бичгүүдэд тусгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.