ОХУ-ын “Ангара” авиакомпани Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн анхны нислэгээ өнөөдөр гүйцэтгэлээ.
Тус компани энэхүү шинэ чиглэлдээ “Антонов-148-100” агаарын хөлөгөөр долоо хоног бүрийн мягмар, бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэхээр болж байгаа юм.
ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Антонов-148-100” агаарын хөлөг нь 70 хүний суудалтай. Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээр нь 60-аад зорчигч үйлчлүүлжээ.
“Ангара” авиа компанийн Худалдааны хэлтсийн дарга Мясников Дмитрий Алексеевич хэлэхдээ “Оросоос Монгол руу зорчих зорчигчдын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн аялал, жуулчлал хөгжиж байгаа энэ үед Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд манай компани нислэг үйлдэхээр болсон нь зорчигч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн цаашид зорчигчдын урсгалаас хамаарч агаарын хөлөгөө томсгох боломжтой хэмээн мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар Улаабаатараас эхлэлтэй Эрхүү чиглэлд Монголоос “Аэромонголиа” авиа компани даваа, лхагва, баасан, бямба, ням гаригуудад нислэг үйлдэж байгаа билээ.
“Ангара” авиакомпанийн тийзний борлуулалт “Эйр маркет”, “Эйр трэвел” зэрэг билетийн кассуудаар борлогдож эхэлсэн байна.