Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн зүүн талаар 1 км шинэ зам барих ажил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра болон бусад албаны удирдлагууд, инженерүүдийн хамт замын ажлын нөхцөл байдлыг шалган ажиллалаа.
Төслийн хэрэгжүүлэгчээр “Билэгт зам ХХК шалгарсан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 02-ноос 2018 оны 09 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр авто замын ажлаа эхэлж байгаа аж.
Энэ үеэр НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра хэлсэн үгэндээ “ НАЗХГ-аас энэ жилээс эхлэн гэр хорооллын дунд зам тавих чиглэлээр нэлээдгүй ажлуудыг эхлүүлэн явж байна. Улаанбаатар хотын төвийн зам нь зохих түвшинд бий болсон учир цаашид гэр хорооллын чиглэлийн замуудыг анхааран ажиллана. Энэ ажлын хүрээнд иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнөөдөр СБД-ийн 20-р хороо, Сэлбэ зуслангийн бүсэд явган хүний зам, автобусны буудал, гэрэлтүүлэг бүхий зорчих хэсгийн 6 метрийн өргөнтэй цогц зам барих ажил эхэллээ.
Мөн зуслангийн бүс, гэр хорооллын замуудыг шинээр засаж шинэчилснээр иргэдийг ая тухтай, аюул осолгүй зорчин, зорьсон газартаа хурдан хугацаанд, саадгүй хүрэхэд томоохон хувь нэмэр оруулах болно.” хэмээлээ.
Тус зуслангийн бүсийн шороон замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд орж, иргэд зорчиход хүндрэл үүсээд байсан бөгөөд шинээр баригдаж эхэлсэн зам нь хоёр талдаа явган хүний зам, гэрэлтүүлэг, автобусны буудлыг цогцоор шийдэж өгсөнөөр нэн хэрэгцээтэй зам байх болно гэдгээ иргэдийн зүгээс хэлж байлаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|