Эрх барьж байгаа МАН-ын генсек ийм жул байж таарахгүй ээ!

2018 оны 06-р сарын 29 өдөр, 10 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6-29-4-550x300

Т.САЙХАН

Жул, жулдах гэдгийг монгол хүмүүс шууд л жижигдэх гэж ойлгоно. Орчин үеийн хэлээр бол “жижиг гар” гэсэн үг л дээ.

Энэ үгийг эрх баригч МАН-ын генсек Д.Амарбаясгаланд хамаатуулах цагийн шаардлага гарч ирэв. Ингэсэн нь шүүмжлэх гэж өө сэв хайсан утга огт биш юм.

Уг нь улс орон тайван жаргалтай, улс төр нь тогтуун жудагтай байгаад байдаг бол иргэд бидний амьдрал дээшилж, энэ орны нэр хүнд гадагшаа ч дотогшоо ч өндөр байх байв. Гэтэл тийм биш байна. Ямар байгааг наян настнаасаа нялхас хүртэл мэдрээд байна.

Энэ бүхэн эрх баригчдаас болж байгаа юм. Тэр дундаа өнөөдөр эрх барьж байгаа МАН, түү­ний генсек Д.Амар­баясгаланд хамаатай. Намынх нь дүрмийн 29 дүгээр зүйлд Д.Амар­баясгалангийн юу хийх ёстойг тодорхой заагаад өгчихсөн байна.

Түүгээр бол энэ залуу Удирдах Зөвлөлийн хурал­дааны бэлтгэлийг хангах, гарсан шийд­вэрийн хэрэг­жилтийг зохион бай­гуу­лах, Удирдах Зөвлөлийн ажлын албыг толгойлж, өдөр тутмынх нь ажлыг удирдах, Намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх, батлагдсан төс­вийг захиран зарцуулах, Намын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомж, дүрэм, зааврын дагуу зохион байгуулах, МАН-ын дарга хүндэтгэн үзэх шалт­гаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй бол­сон тохиолдолд түү­нийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь хэрэг­жүүлэх, Намын гишүүд, иргэдээс намын үйл ажил­лагаатай холбогдуулан гаргасан санал хүсэлт бүхий өргөдөл, гомдолд хариу өгөх ажлыг зохион байгуулах, Намын даргаас өгсөн үүргийг биелүүлэх зэрэг үндсэн үүргийг хүлээдэг байна.

Тоолоход арав хүрэх­гүй ч МАН-ын генсек гэдэг асар их эрх мэдэлтэй албан тушаал аж.

Мэдээж хэрэг үүний цаана хариуцлага бас байж таарна. Товчхондоо, намын дарга нь Ерөнхий сайд болчихоод завгүй харайлгаж явах үед нь намаа хариуцан авч явнаа л гэсэн үг. Ингэхдээ эв түнжинг эрхэмлэнэ гэж байгаа.

Эрх баригч намын дү­рэм нь үүгээрээ хэрэгжвэл улс орны амьдрал ахуй дагаад цэгцэрч, дээшилж таарна. Гэтэл сүүлийн хоёр жилд эрх баригч намынхан хоорондоо үзэлцсээр өнгөрөв. Мөн энэ хооронд гадагшаа яри­вал зэсийн үнэ өссө­нөөс биш улсын маань нэр хүнд өссөнгүй. Дотоо­дод улстөрчдийн ичгүүр сонжуургүй үйл­дэл, нийгмийн гаж, цочир үзэгдлүүдийн үзүүлэлт дээшилснээс ард түмний амьдрал дээшилсэнгүй.

Энэ бүхэнд эрх ба­ригч МАН буруутай. Цаа­шил­бал, МАН-аа нам шиг авч явах ёстой генсек Д.Амарбаясгалан буруутай. Уг нь шулуухан утгаа­раа ямар ч сонгуульд нам амлалт өгч, нам хү­нээ нэр дэвшүүлдэг. Тиймээс төрд ажиллах хүнийг нам томилдог нь манай хуулийн тогтолцоо. Ингэж ярих дургүй ч үнэн нь тэр. Тийм учраас улс төрийн намын генсек гэдэг зантгардуухан, ланжгардуухан “амьтад” байсаар ирсэн байдаг юм.

Харин эрх баригч намын генсек Д.Амар­баясгалан­г зантгар, ланжгар амьтан гэх үү. Үгүй л болов уу. Яг үнэндээ Д.Амарбаясгалан УИХ-д 65 суудалтай намын генсек болж томорсон ч өөрөө түүчээлэх байсан том боломжоо алдаад дууслаа.

Үүнээс өмнө, 2000 оны сонгуулиар МАН 72 суу­далтай болсон үед Л.Энэбиш агсан, Д.Идэвхтэн нар генсек байлаа. Тэдний нэр ямар сонсогдож байна вэ. Намын дарга нь Ерөнхий сайд болж тэд намаа хариуцаж байв. Тэднээс хойш ч Ё.Отгонбаяр, С.Баяр, У.Хүрэлсүх, Г.Зан­дан­шатар нар дараалаад энэ ажлыг хийж байв. Эдэнтэй юу ярихав.

Харин өнөөдөр МАН-ын генсек гэдэг хаагуур “дараад”, ямар бодлого яриад явааг мэдэх хүн байна уу. Ховор л байх болов уу даа.

Д.Амарбаясгалан бол одоо ч НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг хүн. Тэр хэмжээгээрээ л улс төр хийдэг гэвэл доромжилсон болохгүй. Хэдэн сарын өмнө Нийс­лэлийн Засаг даргыгн дугаарын хязгаарлалтыг нэмэх гэлээ гэж сүрхий шүүмжилсэн. Өөрөөр түүнийг эрх баригч намын генсекийн хувиар нийгэм рүү хандсан акц хийж байсныг мэдэхгүй юм.

Харин мань эр 2016 оны зургадугаар сарын 25-нд “…60 тэрбумын бичлэг бол улс төрийн зорил­готой эвлүүлэг байна” гэж мэдэгдэж байснаасаа 2017 оны наймдугаар сарын 18-нд буцаад “…Би андуурч явжээ” гэж хэлж байлаа. Эхний мэдэгдлийг хийх үедээ Д.Амарбаясгалан НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаас МАН-ын сонгууль харицсан нарийн бичгийг дарга болж дэвшээд байсан юм. Харин дараагийнхыг ярихдаа МАН-ын генсек болоод байв.

Хамгийн сүүлд, хэдхэн хоногийн өмнө МАН-ын генсек албан тушаалд хүн томилдоггүй гээд Төрийн ордонд оччихсон телевиз бүрээр ярьж байв. Түүн шиг худлаа юм байхгүй. Тэгээд яах юм бэ, МАН томилгоогоо яаж хийдэг болж байна. МАН-ын генсек томилдог субъект биш нь үнэн. Гэхдээ санал болгож, томилох бүх нөхцөлийг бүрдүүлдэг албан тушаалтан мөнөөс мөн. Энэ бол Монголын улс төрийн намуудын уламжлал бөгөөд хууль нь ийм юм. Ийм атал ард түмний өмнө аль нэг бүлэглэл, фракц, мафитай тэмцэж байгаа дүр төрхөөр гарч ирээд ингэтлээ зална гэдэг бас л нэг хасах оноо юм. Ер нь бол эрх барьж байгаа МАН-ын генсек ийм жул байж таарахгүй ээ!

Зүй нь МАН-ын генсек өнөөдөр намын мөрийн хөтөлбөр биелүүлэхгүй байгаа сайд нараа дуудаж авчраад бангаддаг байх ёстой. Өөрөө Оюутолгой, Тавантолгой, Үндсэн хууль л ярих учиртай. Ин­гэж гэмээнэ үүргээ гүй­цэт­гэнэ шүү, Д.Амарбаясгалан минь.

Харамсалтай нь бодит байдал ийм л байна. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн бичгийг биелэх үү, үгүй юу гэж ярихын ч хэрэггүй өдрүүд үргэлжилж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх