Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Бахрайн Улсын Манама хотноо ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 42 дугаар чуулганд оролцож байна. Уг чуулганаар дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Манай төлөөлөгчид дэлхийн өвд бүртгэлтэй Байгаль нуурыг хамгаалах асуудлын хүрээнд Монгол Улс Сэлэнгэ мөрний сав газарт усны барилга байгууламж байгуулахтай холбогдуулан нөлөөллийг тодорхойлох бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлыг Дэлхийн банктай хамтран гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаж байгаа болон уг асуудлаар өмнөх чуулганы хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой үг хэлэв.
Түүнчлэн уг чуулганаас манай улстай холбоотой гарч буй шийдвэрийн талаар хорооны гишүүн орнууд болон Дэлхийн байгаль хамгаалах холбоо, Дэлхийн өвийн хорооны нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөлтэй тус тус уулзаж Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцов.