Цахим бодлогын түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг сонгожээ

2018 оны 06-р сарын 29 өдөр, 09 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6419b331-1e1c-4ca5-944a-296e9fbd80a6

Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэв

     Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.28) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, сүүлийн үед хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаатайхолбогдуулан хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ эхэнд, хариуцлагагүй албан тушаалтан, аж ахуй эрхлэх цалгар назгай хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хойрго ханддаг түгээмэл үзэгдлийн золиос болж цаг бусаар амь үрэгдсэн бяцхан үрсийн гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлсэн юм.

     Тэрбээр хэлэхдээ, сүүлийн үед дараалан гарсан эмгэнэлт хэргүүд нь хүүхэд хамгааллын бодлого орхигдсон, хүүхдийн хүчирхийллийн эсрэг төрөөс дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа, асуудлууд далдуур хуримтлагдан ужгирч, бугшсаны ил гарч буй үзэгдлүүд юм гээд энэ талаар зарим тоо баримт дурдав.  Тухайлахад, 2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, 2018 он гарсаар гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өсчээ. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барсны 55 нь зам тээврийн осолд өртсөн байна. Мөн өсвөр насныхан амиа хорлосон тохиолдол сүүлийн 4 жилд 200-гаад удаа гарчээ.

    Энэ бүхний нийгмийн уг үндэс, шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, хууль хэрэгждэггүй, төрийн албанд бүхэлдээ хариуцлагагүй байдал газар авсантай холбоотой. Энэ бүх хариуцлагагүй, золгүй явдлууд нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс дорвитой бодлого, шийдэл гаргахгүй, хариуцлагын тогтолцоог ажиллуулахгүй байгаагийн үр дагавар гэж үзэхээс өөр тайлбар олдохгүй байна гэдгийг тэрбээр хэлээд энэ үүднээс дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатайг дурдлаа. Үүнд, нэгд, Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хамгааллын стандартыг мөрдүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх  хэм хэмжээг бий болгох талаар заасан ч өнөөдрийг хүртэл стандарт, хэм хэмжээгээ боловсруулаагүй, мөрдлөг болгоогүй байгааг анхааралдаа авч нэн яаралтай горимоор стандартыг боловсруулж батлах, хэрэгжүүлэх журмыг гаргах, мөрдүүлэх. Хоёрт, МХГ, БСШУЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхэд хамгааллын зөвлөл, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд холбогдох байгууллага, бүтцүүд хамтран сургууль, цэцэрлэг, сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тайлагнах.

    Гуравт, Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагад 4 мянган хүн тутамд нэг хэсгийн байцаагч ажиллах жишиг норматив тогтоосон. Гэтэл өнөөгийн байдлаар 17 мянгаас 19 мянган хүүхдэд нэг цагдаагийн албан хаагч ногдож байна. Энэ нь цагдаагийн албан хаагчдын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цаг, хүч хүрэлцэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс төсвийн боломж муу байгаа нөхцөлд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, иргэдийн нөхөрлөл, сүлжээг бүрэлдүүлэн туслалцуулах, энэ талаарх Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх.

    Дөрөвт, эцэг эх, асран хүмүүжүүлэгчдэд хандсан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх анхааруулга, санамж, сургалт зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, өрнүүлэх ажлыг хүүхдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэх үүрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс өрнүүлэхийг уриалав. Тавд, хүүхэд гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд Засгийн газрын 2017 оны 312 тоот тогтоолыг хэрэгжүүлж, хүүхэд хамгааллыг сайжруулахад шаардагдах төсвийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх. Зургаад, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудад заасны дагуу эдгээр хуулиудад үнэлгээ хийлгэж, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхтэй холбоотойгоор амьдралаас урган гарсан зүйлсийг хуульд нэмж суулгаж өгөх ажлыг Улсын Их Хурал, түүний бүтцийн байгууллагууд нэн яаралтай хийх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байж чуулганы хуралдааныг завсарлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Цахим бодлогын түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг сонголоо

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулсан юм.Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар тогтоолоор төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороог Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

   Цахим бодлогын түр хорооны өчигдрийн хуралдаанаар түр хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа тус түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, М.Оюунчимэг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Цахим бодлогын түр хорооны даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 51 нь буюу 91.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцов.

     Дараа нь Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул тогтоолын төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь нь дэмжсэн юм.

Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг асуудлыг бүх Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлснийг тус дэд хороо нэгтгэж, хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргасныг дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

     Монгол Улсын нэгдсэн төсөв 2017 оны гүйцэтгэлээр 7,274.9 тэрбум төгрөгийн нийт тэнцвэржүүлсэн орлоготой, 9,017.3 тэрбум төгрөгийн нийт зарлагатай, 1,742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар 45,522.0 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 14,362.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээс үндсэн хөрөнгийн хэмжээ 25,806.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 12.546.3 тэрбум төгрөгөөр буюу 94.6 хувиар өссөн байна.Үүнд, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 12.0 тэрбум ширхэг хувьцааг 11,196.0 тэрбум төгрөгөөр биет бус хөрөнгөд бүртгэснээс гадна машин, тоног төхөөрөмж 521.2 тэрбум төгрөгөөр, автотээврийн хэрэгсэл 45.7 тэрбум төгрөгөөр, тавилга, эд хогшил 22.7 тэрбум төгрөгөөр, мөн бараа материал 628.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

    Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг төсвийн өрөнхийлөн захирагчид мөрдөж ажиллахгүй байгаа нийтлэг зөрчлүүд давтагдсаар байна. Төсөв, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед тэвчиж болох дээрх зардлуудыг төлөвлөсөн дүнгээс нэмэгдүүлж байгаад Засгийн газар дүгнэлт хийж, зохих арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэнээ дэд хороо санал, дүгнэлтдээ дурджээ.

     Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 2017 онд 779.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас 715.7 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгож, 64.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ашиглаж чадаагүй байна. Хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг төсөл, арга хэмжээний тоогоор авч үзвэл 80.7 хувийн, санхүүжилтийн эх үүсвэрийг ашигласан байдлаар авч үзвэл 91.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт хангалтгүй байгааг харуулж байгаагаас гадна худалдан авах ажиллагааг хууль, журам зөрчиж, хугацаа алдаж зохион байгуулж байгаатай холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, 2017 онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн 31.4 хувийг оны эхний хагаст, 30.4 хувийг 3 дугаар улиралд, 38.2 хувийг 4 дүгээр улиралд сонгон шалгаруулсан байна. Цаашид зураг, төсөв нь баталгаажаагүй, нэр, байршил, хүчин чадал зөрүүтэй, хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй төсөл. арга хэмжээг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн гадаад зээл, тусламжаар хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн зорилго, ашиглалт, үр өгөөж хангалтгүй, төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо сул, зээлийн зарцуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл хангалтгүй байгаад анхаарал хандуулж, Улсын Их Хурлаас гадаад зээл, тусламжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, дүнг 2018 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж дэд хороо үзжээ.

    Цаашид орон нутгийн төсвийн суурь зардлын бодит хэрэгцээ, онцлогт тохирсон норм, норматив тогтоож, орон нутгийн суурь зардал тооцох аргачлалыг шинэчлэн баталж мөрдүүлэх, орон нутгийн суурь зарлагын бүрэлдэхүүнд багтдаг нийгмийн халамжийн зардлуудыг нэг бүрчлэн хянан үзэж, орон нутаг хэрэгжүүлэх шаардлагагүй зарим чиг үүргийг төвлөрсөн байдлаар зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хариуцуулах нь зүйтэй. Мөн нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг баталж байгаа нь цаг хугацааны хувьд төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрээр төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй, хэлэлцсэн төдий болж байгааг анхаарч, хууль тогтоомжид зохих өөрчлөлт оруулах шаардлагатайг дэд хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.

    Мөн Үндэсний аудитын газар гаргасан зөвлөмжүүдээ хуульд нийцсэн эсэх, үндэслэлтэй дүгнэлт гаргасан эсэхээ нягталж, Засгийн газраас аудитын зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй шалтгааныг тогтоож, цаашид аудитын дүгнэлт, зөвлөмжийг мэргэжлийн түвшинд хуульд нийцүүлж гаргах шаардлагатай, мөнҮндэсний аудитын газрын дүгнэлт нь зөвхөн төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгагдсан тоон үзүүлэлтэд дүгнэлт гаргаснаас бус төсвийн бодит үр ашгийн үнэлгээ, тооцоололд дүгнэлт өгөхгүй байгаад анхааруулсан байна.

    Дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Ганболд нар Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд дэд хорооны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь дэмжив. “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төсөлд тусгаснаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,173,682 6 сая төгрөгөөр, Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,139,637.5 сая төгрөгөөр тус тус баталлаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газар өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр орсон өөрчлөлтөөр малчдад өндөр насны тэтгэвэр тогтоох насыг 5 жилээр наашлуулан баталж, 2018 оноос хэрэгжүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор малчнаар ажилласныг тодорхойлоход “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн … оны тооллого”-ын бүртгэл, лавлагаа, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар авах шаардлагатай байгаа аж. Иргэн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тогтоосон тул дээр дурдсан лавлагаа, бүртгэлийг хуульд оруулах шаардлага гарсан байна. Энэ асуудлыг хуульд тусаагүйгээс нийгмийн даатгалын байцаагч хуульд заагаагүй баримт бичгийг малчдаас шаардах, улмаар хууль зөрчих нөхцөл үүсэх болжээ. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулж малчдын тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй, тодорхой болгох шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

    Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хуулийн 2 дугаар зүйлийг өөрчлөн найруулснаар хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулах эрх зүйн үндэслэлгүй болсон учраасНийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох заалтыг нэмж оруулах шаардлага үүссэн байна.

    Энэ асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.

     Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дэмжигдсэнгүй

     Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Ч.Булгамаа танилцуулсан юм.

    Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан,  стратегийн ач холбогдол бүхий ач холбогдол ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан байна. Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй, улмаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх талаар төрөөс тавьсан зорилт хангагдах ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

    Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгны хороо энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулав.

    Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Амарзаяа нар Ерөнхийлөгчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нар төслийн үзэл санаа нь зөв хэдий ч гаргалгаа нь буруу байна, мөнгөний бодлогыг бизнесийн үйл ажиллагаатай хутгалдуулж болохгүй, ийм хууль батлагдвал хоёр тогтолцоот банкны систем нурахад хүрнэ, цаашлаад валютын ханшид сөргөөр нөлөөлнө, арай ядан бий болж байгаа эдийн засгийн өсөлт, сэргэж ядаж байгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүрнэ, үүний оронд өргөн баригдаад хоёр жил болж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг баталчихвал асуудал аяндаа шийдэгдэх гарц байгааг эргэж харах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Пүрэвдорж, Я.Санжямтав нар хуулийн төслийг хэлэлцэж батлах шаардлагатай, иймээс Засгийн газар гаргалгааг нь хайж, дэмжиж ажиллах нь чухал байна гэсэн санал хэлсэн юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжээгүй тул хуулийг төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталлаа.

     Дараа нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын бүлэг хуралдаж зарим асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн үлдсэн бүх асуудлаас завсарлага авсан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх