Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын баталсан 2018 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөний дагуу “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн 2016-2017 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
Ажлын хэсэг тус байгууллагын газрын удирдлага, санхүү, эдийн засгийн үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, захиран зарцуулалт, хөрөнгөд бүртгэлээр тавьж буй хяналт, худалдан авалтын үйл ажиллагаа, захиралтай байгуулсан гэрээ болон байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ хэлцэл зэргийг шалгав.
“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК нь 2017 онд 2,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус компанийн удирдлагууд үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах, орлого зарлагын төлөвлөгөөг биелүүлэх, худаг сувагчлалын түрээсийн үйлчилгээг сайжруулах, үүрэн холбооны операторуудад найдвартай үйлчилгээ үзүүлэх талаар идэвх санаачлагатай ажилласан байна.
Шалгалтаар тус төрийн өмчит компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалт хийсэн зөрчил, дутагдал илэрсэн байна.
Цаашид Төрийн өмчийн харилцааг зохицуулсан хууль, журмыг чандлан мөрдөж ажиллах, компанийн өглөг, авлагийг бууруулж, нэг жилээс дээш хугацаатай авлагыг шүүхээр шийдвэрлүүлэх, борлуулалтын орлого бүрдүүлэх бүртгэлийн програм хангамжтай болох, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зардлыг хэмнэх, чиг үүргийн давхардлыг арилгах зэрэг гаргасан зөрчил, дутагдлыг арилгах, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж, биелэлтийг нь ТӨБЗГ-т ирүүлэхийг даалгалаа.
“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК нь 2017 онд 2,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
2018 оны 06-р сарын 28 өдөр, 18 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )