УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.27) хуралдаан 15 цаг 16 минутад 50.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үеэр УИХ дахь АН-ын бүлэг Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн юм. Мөн зарим гишүүний хэлж байгаачлан иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хангах үүрэгтээ Засгийн газар тэргүүтэй холбогдох байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг УИХ-ын дарга М.Энхболд санууллаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, З.Нарантуяа нараас хүүхэд хамгааллын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг Баасан гарагийн хуралдаанаар сонсохоор шийдвэрлэв.
Батлан хамгаалах салбарын хуулиудыг баталлаа
Ийнхүү хэлэлцэх асуудлаа баталсны дараа Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийнэцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, үтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган байна. Танилцуулцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж, 66 хувь нь дэмжснээр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдав. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган байна. Танилцуулцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд дээрх төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 71.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олонхийн саналаар баталсан юм.
Анхны хэлэлцүүлгээр нь батлав
Үүний дараа УИХ-ын гишүүн О.Батнасан нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг боловсруулжээ. Түүнчлэн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2018 оны долдугаар сарын 05-ны өдөр байхаар хэлэлцэн, дэмжжээ. Үүнийг зэрэгцээ Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлттэй холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль гаргах шаардлагагүй хэмээн үзсэн гэлээ. Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 69.4 хувь нь дэмжив. Ингээд хууль батлагдсан тул УИХ-ын дарга эцсийн найруулгыг уншиж, танилцуулсан.
Төвлөрлийг сааруулах ач холбогдолтой хуулиудыг баталлаа
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнэцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан. Гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.9 хувь нь дэмжиж, батлав. Үргэлжлүүлэн Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Харъяалах байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулаа. Нэгдсэн хуралдаанаар явуулсан анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгаас гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Гишүүдийн 72.3 хувь нь дэмжсэн тул Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдав. Дараа нь Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан. Гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар дэмжсэн тул Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдав.
Багшийн хөгжлийн тухай хуулийг батлав
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан харъяалах Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Түүнчлэн үг хэллэг, хууль зүйн техникийн талаас хийсэн засвар, өөрчлөлтийг тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Учрал, М.Оюунчимэг нар асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагчаас хариулт авсан юм. Төслийг боловсруулахдаа Хууль, тогтоомжийн тухай хуулийн дагуу орон даяар хэлэлцүүлэг явуулсан болохыг Л.Энх-Амгалан гишүүн дуулгалаа. Мөн УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг бүтэн жил ажиллаж, шаардлагатай тооцоо судалгааг хийж, холбогдох талуудтай ойлголцсон гэв. Монгол Улс урьд өмнө багш нарын хөгжилд зориулж төсөв баталж байгаагүй, харин энэ хууль батлагдсанаар хувьсах зардлаас хоёр хүртэл хувийг багшийн хөгжилд зарцуулах эрх зүйн зохицуулалттай болох юм байна. Үүнийн зэрэгцээ үр дүнд суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоонд манай улсын боловсролын салбар шилжих ач холбогдолтой гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Багш бүрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем өөрчлөгдөн, илүү ажиллаж байгаа нь тэр хэрээрээ цалин, урамшууллаа нэмүү авдаг үр дүнгийн болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэмждэг болох аж. Түүнчлэн бүрэн дунд боловсролын сургуульд 44-өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллах орон тоог бий болгох, их дээд сургуульд суралцаж байхдаа дадлагажигчаар ажиллахад түүнийг нь кердитэд тооцох зэрэг олон талын боломжийг шинээр бүрдүүлж байгаа юм байна. Багш нар 5-10 жил ажиллаж байж зэрэг дэв нэмэх зохицуулалттай байсныг энэ төслөөр өөрчлөн ажлын өндөр үр дүн гаргах юм болох нэмэх бололцоог бүрдүүлж буйгаараа залуу багш нарт туйлын ач холбогдолтой аж. Түүнчлэн 1 жил ажилласан багш, 10 жил ажилласан багшийн цалин ердөө 4000 төгрөгийн зөрүүтэй байгааг өөрчилж байгаа талаар Н.Учрал гишүүн тайлбарласан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 79.2 хувийн саналаар дэмжин Багшийн хөгжлийн тухай хуулийг баталлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Энэ хууль батлагдсанаар боловсролын салбар, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд ач холбогдолтой олон чухал асуудлуудыг шийдвэрлэгдэх юм. Тухайлбал, сургуульд багшийн хөгжлийг дэмжих төв байгуулагдан, хувьсах зардлынхаа хоёр хувьтай тэнцэхүйц төсвөөр багш нарынхаа хөгжлийг дэмжнэ. 1-2 дугаар ангийн ачаалал ихтэй ангиудад хүүхдийн тоо олон бол туслах багшийг ажиллуулах боломж бүрдэж байгаа юм. Багшийн ажлын чанартай уялдуулан цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ. Засгийн газар таван жил тутам багшийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байх үүргийг хүлээж байгаа юм. Сайн ажилласан багш нар заавал 5, 10 жил ажиллахгүйгээр зэрэг, дэвийг нэмэгдүүлэх юм шүү. Багш нарын мэдлэг боловсрол, нийгмийн асуудал, сургалтын чанарт чухал ач холбогдолтой хууль батлагдлаа. Тиймээс хуулийг багш нарт зөв зүйтэй сурталчлан таниулахад УИХ-ын гишүүд анхаарч ажиллаарай” гэлээ.
УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв
Үүний дараа “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт, тодруулга хийгээгүй, иймд дээрх төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх горимын саналыг дэмжсэн тул УИХ-ын 95 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох тухай төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүд 74.5 хувийн саналаар дэмжснээр “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоол батлагдсан юм.
УИХ дахь АН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авав
“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар нараас тогтоолын төслийн 1 дэх заалтын 1, 4, 5 дахь заалтын дэд заалтуудыг өөрчлөн найруулах, бүтээн байгуулалтын ажилд ус ашиглах тухай дэд заалт нэмэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нар “Эрдэнэс Монгол” компанийн 49 хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, УИХ-ын 2010 оны 39 дэх тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтын “охин” гэснийг, мөн “орд ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах” гэснийг хасах санал гаргасныг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн аж.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, А.Сүхбат, Н.Тэмүүлэн нар ард түмнээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг хувьчлахтай холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийг оролцуулахгүй байгааг, уурхайн ус ашиглалтын талаарх судалгаа, төлөвлөлт, боломжийн талаар, “Эрдэнэс Монгол” компанийг хувьчлахтай холбоотой гишүүдийн саналын талаар тодруулан Д.Сумъяабазар сайд болон Ажлын хэсгээс хариулт авлаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан IPO гаргахтай холбоотой тооцоо, судалгааны талаар тодруулахын зэрэгцээ эхний ээлжинд бэлтгэл ажлыг хангаад энэ талаар УИХ-д танилцуулсны дараа шийдвэр гаргах тухайд Ажлын хэсэг ямар байр суурьтай байсныг асуун хариулт авсан юм. Мөн Х.Болорчулуун гишүүн үнэлгээтэй холбоотой асуудлаарх байр сууриа илэрхийлсэн бол Л.Энх-Амгалан гишүүн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, шийдвэр гаргахад оролцоог хангахтай холбоотой асуудал болон IPO гаргахтай холбоотойгоор компанийн засаглалыг сайжруулах шаардлагын талаар санал хэллээ. Мөн компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор IPO гаргахыг хүлээлгүй дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэв. Ийнхүү гишүүд асуулт, тодруулга хийж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авч, “Эрдэнэс Монгол” компанийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг нягтлах шаардлагатай гэлээ. Ийнхүү тус бүлгийн хүсэлтийг хүлээн авч ажлын хоёр өдрийн завсарлага өгөхөөр УИХ-ын дарга шийдвэрлэсэн юм.
Иргэний нисэх болон төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулахыг дэмжив
Иймд дараагийн асуудал болох “Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Төсөл санаачлагч нь төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед гишүүд төмөр замын бодлогын асуудал нь зөвхөн УИХ-ын мэдэлд биш, Засгийн газар, ард түмний мэдэлд байдаг бөгөөд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын амин чухал асуудал учраас бодлогоо зөв гаргах, ард иргэдийн саналыг авч, хэн ямар мөнгөөр, хэний өмчлөлд яаж барих, хаашаа хэрхэн ачаа зөөх, үр ашгийг нь хаана үлдээх зэрэг асуудлаа УИХ дээр нухацтай ярих хэрэгтэй гэсэн саналыг гаргасан гэв.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 71.7 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамжаар бус, суудлын багтаамжаар тохирох зохицуулалтад хүрэхийг эрмэлзэх замаар хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан дарамт, хүчин чадлын дутуу байдлыг арилгаж, үндэсний агаарын тээвэрлэгчид ач холбогдолтой уян хатан зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор төсөл санаачлагч төслийг боловсруулжээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудал бол Монгол Улсын хувь заяаны асуудал учраас сайн ярих хэрэгтэй, манайх шиг хүн ам цөөн, нутаг дэвсгэр томтой улсын хувьд агаарын тээврийн хөгжил амин чухал ач холбогдолтой гэдгийг хэлсэн байна. Мөн тэрбээр, нэлээд хүч хөдөлмөр зарж байж өөрийн онгоцтой, үндэсний агаарын тээвэрлэгч болсон иргэний нисэхийг ард түмэн хувьцааг нь эзэмшсэн, нээлттэй, 100 хувийн хяналттай нислэгийн компани, нислэгийн үйлчилгээ болгох ёстой гэсэн саналыг гаргаж байсныг М.Оюунчимэг гишүүн танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санал хэллээ. Иргэний нислэгийн асуудал хэлэлцэж буйтай холбоотойгоор орон нутгийн нислэгийн татаастай холбоотой асуудлаар, дотоодын нислэгийн үнэ тарифыг бууруулах шаардлагатайг хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийн Б.Баттөмөр гишүүн танилцуулсан юм.
Сангийн сайд танилцуулгадаа, УИХ-ын 2018 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэсэн билээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үед үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл, суутган татварын хувь, удирдлагын зардал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг судлан үзэж, төслийг дахин боловсруулан танилцуулж байна. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах зохицуулалтыг уул уурхай, олборлох салбарын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд хэвээр үлдээж, хуулийн төслийг илүү ойлгомжтой болгох үүднээс тодорхой техникийн засваруудыг хийсэн гэв.
Мөн Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн тухайн өрийн хэрэгслийн хүүгийн орлого, хувьцаа, нэгж эрхийн ногдол ашгийн орлогод 5 хувиар ногдуулах заалтыг олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Татварын хуулийн шинэчлэлийг цогцоор нь хийх, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах үүднээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэх шаардлагатай болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцлов.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Д.Эрдэнэбат, Х.Болорчулуун, Н.Амарзаяа, Т.Аюурсайхан, Г.Тэмүүлэн нарын гишүүд асуулт асууж, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад Сангийн сайд болон ажлын хэсэг дэлгэрэнгүй хариулт өгсөн. Үүний дараа төслийн үзэл баримтлалыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 70.2 хувийн саналаар дэмжлээ. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Ингээд хуралдааны төгсгөлд хэд хэдэн хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор Лхагва гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.