Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Эхний ээлжинд “Магнай трейд”, “М-Ойл”, “Зам зуур” компаниуд хуурамч шатахуун нийлүүлж байгааг олж тогтоосон гэдгийг тэд зарлав. Үүнийгээ Уул уурхайн яам, Хүнд үйлдвэрийн яам, Газрын тос, Ашигт малтмалын газар, Стандарт хэмжилзүйн газар зэрэг эрх бүхий байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан гэлээ. Тухайлбал, А-80 шатахуунд октан дээшлүүлэгч нэмж АИ-92 болгох, керосин дээр нафта бодис холин дизель гаргах зэргээр хуурамч шатахуун гаргаж авч байгааг Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Амбер” компанийн лабораторид хийсэн шинжилгээгээр баталж байна. Харин энэ асуудлыг дээрх газрууд зөвшөөрсөн ч зөвхөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Эрдэнэчулуун үгүйсгэж байгаа ба өдөр бүр нефтийн бүтээгдэхүүн холигдон зарагддаг “Трансгайд” агуулахад мэргэжлийн хяналтын байцаагч нарыг ч оруулдаггүй гэнэ. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр “Нефтийн татварыг үгүй болгосон нь хуурамч шатахуун оруулж ирэх үндэс болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хуурамч шатахуун үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг шаардаж байгаа. Гэсэн ч төр засгийн шийдвэр удаан байгаагаас иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна” гэж байв. Хуурамч шатахуун зөөдөг “Магнай трейд”, “М-ойл” зэрэг компанийн машинууд шөнийн цагаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Багахангай дүүрэгт 1200-1300 төгрөгөөр ихэнх шатахуунаа түгээдэг гэв. Уг хуралд хуурамч шатахуунаас болж эд хөрөнгөөрөө хохирсон жолоочдын төлөөлөл ирсэн бөгөөд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо 80470303 гэх утсанд хохирсон жолоочдын мэдээллийг хүлээж авах юм байна. Энэ мэтчилэн хуурамч шатахуун түгээж буй компаниудыг цаашид илрүүлсээр байх ба мянга мянган жолоочтой хамтран тэмцэхээ тус холбооны зүгээс илэрхийллээ.