Нэг. Гал түймрийн нөхцөл байдал
2018 оны эхний 6 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2093 удаа гарч, 12.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 44 хүн нас барж, 26 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 912 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 582 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 26.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 4,3 хувиар, учирсан хохирлын хэмжээ 42 хувиар тус тус өссөн байна.
Нийслэл хотод нийт 1371 удаагийн гал түймэр гарч, 2.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 722 удаагийн гал түймэр гарч, 9.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Ой, хээрийн гал түймэр
Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгийн 12 аймгийн 41 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 32667 га ой, 41143 га хээр, нийт 73810 га талбай түймэрт өртөж, түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 1231 алба хаагч 92 техник, хил хамгаалах, хууль сахиулах байгууллагаас 50 алба хаагч 5 техник, орон нутгаас 1334 иргэн 149 техник хэрэгсэлтэй ажилласан байна.
Ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 46,7 хувиар буурсан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 11327 байгууллага, аж ахуйн нэгж, 76999 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 63246 зөрчил дутагдал илрүүлэн, 26834 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 3010 заавал биелүүлэх албан шаардлага, 4226 мэдэгдэл, 155 танилцуулга, 546 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 65 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 104.6 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1235 удаа, дадлага 963 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1177 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Онцгой байдлын ерөнхий газар