Нөхөр /өгүүллэг/

2018 оны 06-р сарын 25 өдөр, 16 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
80c2b4edcaf95d99big

Өнөөдөр нөхрийнхөө машины арын суудалд сууж явлаа. Ихэвчлэн урд нь зэрэгцээд суудаг болохоор элдвийг эргэцүүлэх боломж ховорхон олддог байж. Аар саархныг ярилцаж яваад гэнэт бууралтсан үсийг нь сэтгэл шимшрэн ажиглалаа. Ажаад л суулаа. Буурал суухыг нь ажралгүй удаж дээ. Миний цагаан үс гарчихаж гээд л шанханд гялалзах хэдхэн үсэндээ үргэлж будаг нялдаг хэрнээ нөхрийнхөө бууралтсан үсийг нь будаад өгчих сэтгэл цөөхөн төрдөг болохоо анзаарлаа. Амьдралын эрхээр чи минь ядарч дээ.
Шанага шар айраг уусных нь маргааш эрүүний шөл уулгана уу гэхээс аяга шөл уулгасан нь гарын таван хуруунд багтах болов уу даа. Харамсаж сууна, одоо л хайрлая.

Амьдралд аль маргалдахыг хэлж барах вэ. Байсхийгээд л өмсөх хувцас алга гэж бачимдан орилдог хэрнээ цөөхөн гэгддэг хувцсаа торлож үзэхэд тэрэг дүүрэхээр ачаа болохыг хараад, шаралхсандаа хоёр тор түнтийтэл чихээд цаана нь үлдсэн хувцас дундарсан шинжгүй хоцрохыг хараад нөхрийнхөө хувцас руу өөрийн эрхгүй харвал тааз шүргэсэн хувцасны шүүгээнд дундхан тавиур хоёр байхад нь өөрийн эрхгүй өрөвдөж билээ. Хайрлахгүй авч дээ чамаасаа бүхнийг.

Өвдлөө гэхийг нь би сонсоогүй ээ. Өөрөө л өчнөөн зовоосон. Хааяа нэг өвчин хэлэхэд нь хар усных гээд амыг нь ажрахгүй таглана. Өөдөөс минь зовлон тоочих биш дээ. Үглүүлсээр байгаад сэтгэл нь цаанаа нэг халширсан байхыг үгүйсгэхгүй. Уйлж байхыг нь хараагүй ээ. Урдаас нь би зоргоороо байдаг хойно. “Ийм ханьтай азтай даа би“ гэж бардамнаж бодсон нь цөөхөн байх шүү. Азгүйдээ чамтай суулаа гэж өөрийгөө мэдэхгүй тэнхээ мэдэн хашгичих мөч олон. Хаа нэг бөмбөрсөн нулимс минь дэндүү жаргалтайнх байж. Айлын хүүхнээс ганган явсан гэж бодож үзэлгүй, илүү дутууг нэхдэгээ бодоод өөрийн эрхгүй зүрх ёгхийлээ. Агшин бүрт чи минь жаргааж явсан нь үнэн шүү.

Асуудал дэврэх бүрийд чиний минь ухаан үнэтэй. Айлын дайтай айлыг ганцаараа авч явахад аагтай цайг нь сайхан чанаж чадсан бил үү? Намайг түмэн салаа санал гаргаж байхад ханийн минь гаргасан ганцхан шийдэл ямар оновчтой зөв болохыг ухаараад гайхах үе амьдралд өчнөөн тохиолддог. Өнөр бүлийг ганцаараа жаргааж явахад нь өчүүхэн ч туслаж чадсан бил үү дээ би. Авчирсан болгонд нь би л эзэн суудаг. Аанай ингэж бичихэд маргах хүн байхгүй ээ. Ээжийн хайртай хүү, аавын ачтай хүү юм сан. Ачлаж чадсан бил үү ханийнхаа хайрыг.
Насандаа баймгүй сайхан төрхтэй гэж магтах нэг нь өдий насанд минь таарах болж. Өнөөдөр л ухаарч байна. Чиний минь буян юм шүү. Санасан бүхнээ би л гүйцээж явснаа энэ мөчид ухаарч сууна. Хүссэн жаргал бүхнээ чамаасаа эрдэг байж. Хатуурхсан гэж суусан цагаасаа эхлэн гомдол эрсэн хэрнээ хайранд бялхуулж байсныг чинь тоотойхон тоочсон байх юм.
Өр нимгэн хүн юм даа чи, өөдөөс минь ганц олигтойхон гомдол эрээгүй байх юм. Хүн буурлынхаа буянг үргэлжлүүлэн эдэлж амьдардаг гэнэ билээ. Надад буурлын буян байсан учраас бурхан надад чамайг бэлэглэсэн байж. Агуу хайр гэж байдаг учраас амсаж сууна даа, одоо би.
Гүүгэлийн Соёлгэрэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (192.168.8..***)
    2018/07/04 15:34

    Ягл миний амьдрал байна дээ одоо л нээрээ бодох ноо тийм бна шүү Одоо өвгөнөө хөдөөнөөс ирэхээр нь л хайрлаж халамжилъя Гоё өгүүллэг бнаа

    (0) (0)
  2. Anonymous
     (192.168.8..***)
    2018/06/25 19:45

    Yg vnen shvv goy ogvvlleg bnaa bayrallaa

    (0) (0)