Удам залгах үр (Өгүүллэг)

2018 оны 06-р сарын 22 өдөр, 14 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
35973100_1948451195207542_8611877223432978432_n

Цайлган сэтгэлтэй Монголчууд маань хүний нутагт гарч ажил хийгээд хичнээн ч жилийг үдэв дээ, бусдад муу юм хийхгүй гэж ариун цагаан хөдөлмөрөөрөө гүрийж авсан хэдэн төгрөгөө ар гэрлүүгээ гуйвуулахдаа хамгийн баяртай байдаг тэдний хувьд цагаан сар болохоор ижий ааваа санан гэгэлзэж, гэртээ нэг харьчихаад ирэх юмсан гэж интернэтээр монгол дуутай клип үзэн сэтгэлээ тайтгаруулж сууна. Тэдний л нэг нь Баярбат хэмээх ид хийж бүтээх насан дээрээ яваа сайхан монгол аавын хүү дөрвөн жилийн өмнө Солонгос хэмээх улс амьтны үлгэр домог шиг ярьдаг диваажин мэт газар руу явлаа хэмээн найз нөхдөөрөө дайлуулж, сүр дуулиантай явж байжээ.
Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрч тэрээр харийн нутагт олон намрыг үдэж, энэ жилийн цагаан сараар өмнө нь авч үзээгүй чөлөөгөө ганц удаа нүүр бардам аваад эх нутагтаа нэг очиж ээждээ нэг бараагаа харуулж, аяганд дэвтээж өгсөн ааруул, өрөм цөрмийг нь хүлхэж нэг сууя даа хэмээн бодов. Тэгээд нэгэн өдөр сонгос захирлаасаа чөлөө гуйхаар орлоо. Гэвч түүнд чөлөө өгөхгүй, энэ жил ажил их, захиалга овоорчихоод байхад юуны чинь чөлөө, болохгүй ээ гээд харь хэлээр шулганан хавьтуулсангүй гэнэ. Толгой дундуураа тоосгоор цохиулсан юм шиг болсон түүний сэтгэлийг харь улсын хүйтэн гудамжинд хэн ч анзаарах сөхөөгүй ажиллацгаана. Гэвч Баяраа өөрийн сэтгэлийн дуудлагыг дагаж, ямар ч байсан явна гэж шийджээ. Ингээд тэрээр ажлаасаа чөлөө ч авсангүй гэрээнийх нь хугацаа ч дуусаагүй болохоор эргээд ирж болно биз хэмээн бодож, юм хумаа баглан сэтгэлийн гэгээн хойморт нь хүүхэд байхдаа тоглож өссөн Дулаан хайрханаа дүнхийн эх нутгаа зорин нислээ.
Өсөж төрсөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумандаа буун эргэн тойрноо хараачлан зогсоход үүн шиг жаргал энэ хорвоо дээр үгүй мэт санагдан нутгийнхаа шороог сөгдөн байж имрээд, салхиар нь цээж дүүрэн амьсгалаад “Хүү нь ирлээ…” гэж дотороо битүүхэндээ залбирлаа. Сургууль амарчихсан байгаа болохоор дүү нь ахыгаа тосохоор хөтөлгөө тэмээтэй иржээ. Өөрийг нь явахад дөнгөж төрөөд нялх байсан хар хүрэн ботго одоо бүр тэнгэрт тулсан сайхан ат болжээ. Баяраа тэмээнийхээ хар хүрэн зогдорыг илэн ижийнхээ гараар томсон бурантгаас атган алсыг ширтэн жонжуулж явахад юм юм л бодогдох аж. Тэрээр дүүтэйгээ хууч хөөрөн хол ойрын сонин сайхныг ярилцан явахдаа зөвхөн ээжийгээ л бодож байлаа.
Хөөрхий эх нь түрүү жил эцгийг нь өвчнөөр өөд болоход түүнийг ирж чадахгүй гэхэд юу гэж бодсон бол гэж тэрээр эмзэглэнэ. Айлын том хүү байж аавыгаа хүндээр өвдөөд хүүгээ хүлээсээр байгаад үхэх гэж байхад арчаатайхан эр хүн байсан бол амжиж ирээд л уулзах байсан даа гэж өөрийгөө буруутгана. Тэр үед өнөө л захиралдаа учир байдлаа хэлж, аавынхаа ажил явдалд оролцоод ирье гэж хэчнээн удаа гуйлаа даа, гэвч бас л зөвшөөрөөгүй. Эргээд бодоход түүн шиг харамсал хүний амьдралд байхгүй юм шиг түүнд санагдаж зүрх сэтгэл нь байнга хөндүүр явж ирсэн учир энэ удаад ядаж л ээжийгээ амьд байхад нь ирж уулзъя гэж шийдэн ийнхүү зориглон ирсэн нь энэ юм. Гэрийнхэн нь түүнийг хөл хөөртэй угтан авч,
-Овоо доо… муу хүүд минь дарга нь энэ жил чөлөө өгч гэнэ, муу хэлэлтгүй сайн хүн юмаа гэж ээж нь орсон гарсан хүмүүст сайрхана даа хэмээн бодож амжив.
Сумаасаа бараг л ганцаараа шахуу тодрон, хөдөө малын бэлчирээс салж үзээгүй хүү харь нутгийг зорин амжилт бүтээл гаргаад ийнхүү олон жилийн дараа хүндтэй ирж байгаад ус нутгийн хүүхнүүд нүд унагах нь байтугай эрчүүл ч сэм атаархах нь дамжиггүй. Баярбат багийн сурлага сайтай, сэргэлэн цовоо хүүхэд байсан болохоор солонгос хэлний шалгалтанд богино хугацаанд шаргуу бэлдэн түүртэлгүй тэнцэж чадсан нь түүний бас нэгэн бахархал нь. Одоо түүний сэтгэлд ээжийнх нь дараа хүндтэй байр эзлэх хүн бол хар багаасаа тоглож өсссөн Гэрэлмаа хэмээх бүсгүй. Түүний хөөрхөн алаг нүд, инээмсэглэсэн царай нь нүдэнд нь харагдахад бушуухан шиг түүнтэйгээ уулзах юмсан, ямаршуухан сайхан хүүхэн болсон бол… гэх бодол цээжнийх нь цаана зүрхийг нь бөмбөрдөхөд улам ч хурдан жонжууллаа.
Түүнийг ирэхийг хүлээн ээж нь дуран тавин, хөтөл даваад нэг юм бөртийх бүрийд хүү минь ирлээ, цайгаа чанаарай…гэж хөөрцөглөхөд гэрийнхэн нь ч мөн адил тогтож сууж чадахгүй өндөлзөх аж. Баярбат ээжтэйгээ золгон, эцгийн эзгүйд ханхайж хоцорсон хоосон зайг дүүргэн хойморт суухад ээж нь хүүдээ гарынхаа цайг аягалан барилаа. Намхан буурал ижийнхээ чанасан цайг хоёр гардан авахдаа санчиганд нь буурал суусныг олж хараад дотроосоо нурах шиг болов. Хэдийдээ муу ээж минь ингэж их хөгширчихөв дөө, дөнгөж л 50 хүрч байгаа залуу хүн шүү дээ. Хөөрхий… аавыг минь нас барснаас хойш л ингэж хурдан өтөлчихлөө дөө, хүн гэдэг санааны амьтан аж хэмээн бодов.
Холоос ирсэн хүнийг хол ойрын бодлууд салахгүй ээрдэг гэдэг үнэн бололтой. Тэрээр хэд хоног гэртээ байхдаа бодсон санасан олон ч юмаа амжуулж, төв орж цагаан сарын бэлтгэлийг нь ч бүрэн базааж өглөө. Ээж нь хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа нь илт. Зөрсөн, өнгөрсөн хүн болгон руу миний хүү ирсэн гэх шиг сэтгэл дүүрэн бардам харах нь саяхан л загнаж зандарч шилбүүр тасхийлгэн тугалын хойноос гүй гэж байсан зан нь хаашаа алга болчихсон юм бол гэх бодол ч зурсхийн орж ирнэ.
Ингээд тэд хэвийн боов, буузны гурил, тавгийн чихэр, ах дүү хамаатан садныхаа гар дээр тавих хэдэн хайрцаг бэлэг аваад буцахаар болов. Удтал санаж байсан Гэрэлмаатайгаа л уулзчих юмсан гэж бодож явсан болохоор тэднийхийг зорив. Гэрэлмаа Баярааг ирсэн гэж дуулсан ч өөрөө ирэхгүй байхад би яаж гүйж очих билээ, улс амьтан ч юу гэх юм билээ гэж намба заан суугааг нь Баярбат ч гадарласан болохоор ийнхүү гэрийнх нь босгыг даван гэргий болох түүнийхээ царайг харахаар яваад очиход ичиж сандарсан бүсгүй бушуухан дээлээ өмсөн буурлын ёсыг даган золгоцгоов. Хархан нүд нь багийнх шигээ дэрвэлзсэн, хайрын харц нь яг л хэвээрээ тунаран байх түүнийгээ харсандаа сэтгэл нь ханан тэд элдвийг ярилцан шөнө дөл болтол сууцгаав. Гэрэлмаа сургууль соёлд орж чадаагүй болохоор ах эгч хоёртоо туслан мал хуйг нь харахад туслан цуг амьдарч байгаа аж. Тэрээр хэн нэгэнтэй гэрлээгүй, зөвхөн түүнийг л үнэнчээр хүлээсээр өдий хүрсэн гэдгийг нь Баяраа дуулаад хязгааргүй их баярлажээ. Тэр шөнө ах эгч хоёр нь төв яваад эзгүй байсан болохоор Баяраа тэднийд хоноод явахаар боллоо. Хоёр биенээ санасан хосууд гар гараасаа атгалцан хайрын үгсээ солилцон суухад тэнгэрийн одод тооноор мишээн, тэргэл саран хотыг гэрэлтүүлэн үлгэр адил нам гүмхэн байв.
Маргааш эрт Баяраа, Гэрэлмаатайгаа эхнэр нөхөр шиг эртлэн босож хөдөөний ажилд шамдан орлоо. Гэрэлмаа хэдэн тэжээвэр ишиг хургандаа өвс тавьж өгч дараа нь бас бяруу тугалаа ч мартсангүй бүгдийг нь хооллож дуусаад сараандаа орж үхрийнхээ баасыг цэвэрлэв. Баяраа хэдхэн хоногийн өмнө л солонгосчуудын өмнө бөхөлзөн, химийн хортой арьсны үйлдвэрт хамгийн хүнд хүчир ажлыг нь хийж, эрүүл мэндээрээ хохирч зогссон бол өнөөдөр малын хашаанд хайртай хүнтэйгээ үхрийн баас арилгаад цан хүүрэг татуулан зогсож байгаа нь хамаагүй жаргалтай байв. Тэд хамтдаа арилгасан баасаа тэвшинд хийн хоёр талаас нь өргөн аваачиж асгаад ажлаа дуусган гэрт орлоо. Өнөөдөр хажуу айл нь хонь хариулах ээлжтэй тул Гэрэлмаа Баярааг даган гэрлүү нь явахаар боллоо. Ээж нь шинэ сар болох гээд түмэн завгүй байгаа учир ойр зуурын ажилд нь тус болъё хэмээн Гэрэлмаа боджээ. Тэгээд ч энэ нь Баяраатай байх сайхан боломж байлаа. Хос залуус голын хөлдсөн мөсөн дээгүүр морьтойгоо болгоомжлон гаруут цас бударган давхиулав.
Хэд хоногийн дараа цагаансарын шинийн нэгэн болж, айл хотлоороо золгох цаг ирлээ. Баярбат өглөө эртлэн босож, эрэгтэй дүүтэйгээ хойд талын хадат энгэрийн овоон дээр гарч идээ цагаа өргөж, ирэх жилийнхээ ажил үйлсийг нутгийнхаа уул усанд даатгаад хөх тэнгэртээ сүслэн залбирч, хөрст газартаа гурвантаа мөргөөд буун ирлээ. Цэнхэр хадаг өврөөсөө гаргаж ирэн гол модонд уяад нэг их амьсгаа аван уулан дээрээс өсөж төрсөн нутгаа нэг сайн харж авлаа. Эх нутгийнх нь дов толгод нь ч мөн адил хүүгээ харах гэсэн шиг өндөлзөн буй мэт санагдахад буцаад очиход захирал маань юу гэх бол доо гэсэн бодол төрж, хөнгөхөн гунигтай уулнаас буулаа.
Үеийн нөхөд нь түүнийг ирснийг дуулсан болохоор үерийн ус шиг цутган орж ирж, ээжтэй нь золгонгоо цугтаа айл хунараар оръё гэж түүнийг шалав. Тэрээр найзуудтайгаа уулзаагүй удсан болохоор хамтдаа айл хэсэхэд дургүйцэх шалтгаан байснгүй. Залуус олон айлаар бууж, ууж идэж явсаар нэлээд согтоцгоожээ. Баярбат тэднээс салан ганцаараа харанхуй шөнө гэрлүүгээ явж байгаад нэг жалганд морь нь үргэн унаж орхилоо. Аз болж гэрийнхээ ойр ирээд унасан болохоор хоточ банхар нь гүйж ирэн хуцаж чимээ өгснөөр дүү нь ирж түүнийг гэрт нь орууллаа. Тэрээр нэлээд их уусан учир маргааш нь босож чадахгүй орондоо хэвтсээр байв. Шартчихаж дээ гэж ээж нь гурил алгадан бантан хийж өгч хүүгээ дулаан хучлагаар хучин хэвтүүлэхэд учиргүй хөлс нь гаран бие нь тавирсан бололтой зөөлөн хурхиран унтаж орхив. Тэгээд хотныхоо ноосыг түүн бөгтөлзөж явсаар орж ирэхэд хүү нь ихэд даарсан бололтой аавынхаа сэгсүүргэн үстэй дээлийг давхарлан нөмөрсөн байдалтай атийн хэвтэж байв.
– Ээ.. галдаа аргал нэмэхээ мартчихаж, муу хүү минь бүр даарчихаж… хэмээн эмгэн үглэсээр галдаа аргал хөрзөн нэмж өрдөөд хүүгийнхээ хучлагыг сөхөхөд эрүү өвдгөө нийлүүлэх шахам атиралдан хүү нь хэдийн бурхан болсон байлаа.
-Хөөрхий минь… их өвдсөн болоод тэгж их биеэ хураасан байж л дээ гэж ээж нь дараа нь Гэрэлмаад уйлан хайлан ярьж суув. Нөхөрөө алдаад сэтгэлийн зовлон нь нимгэрч амжаагүй байхад нь ганц итгэл найдвар болсон хүү нь ингээд хүний нутагт хар ажил хийж биегүй болоод ирсэнд ерөөсөө итгэж өгөхгүй байв. Тэгээд юунаас болов гэдгийг мэдэхээр хамаг мөнгөө гарган хотод ирж задлан хийлгүүлэхэд бүр ч их цочирдон хариу аван тэр дороо ухаан алдан унав. Хүүгийнх нь элэг уушги.. гээд дотор бүх эрхтэн нь химийн хорт бодисонд хордож, авах юмгүй болсон байна гэсэн дүгнэлт гарчээ.
Хорингуравхан настай хонгорхон сэвлэгтэй, цоо эрүүл хүү нь харийн нутагт ар гэртээ мөнгө явуулах гэж эрүүл мэндээ барьцаалан хэдэн халтар төгрөг олж байсныг хөөрхий эх нь яахан мэдэх билээ. Бусдаас дутуугүй цагаансар хийх гэж элбэг хангалуун идээ будаа бэлдэхээс өөр юм бодохгүй том хүүгээ дагуулан зээлийн газраар явж байснаа бодохоор цээж нь харанхуйлан гашуун нулимс хоолойд нь зангирна.
Шинжилгээний хариуг сонссод, “би чинь юу хийчих нь энэ вэ…” гэж өөрийгөө зүхсээр нутаг буцлаа. Хүүгийнхээ амийг хэнээс нэхэх вэ, тэр харьд байгаа үйлдвэрийн эзнээс үү, аль эсвэл төр засгаасуу, хэнд ч гэлээ түүний үг хаданд хашгирсан цуурай мэт сонсогдоно гэдгийг мэдэж байсан учир юу ч дуугаралгүй хүүгийн алтан шарилыг тэвэрсээр аавынх нь дэргэд аваачин оршууллаа. Буцах замдаа хань нь болно гэж хөөрч догдолж байсан золгүй бүсгүйн нулимсыг арчин өгч, сэтгэлийг тайтгаруулан явав. Эргээд санахнээ хүү нь үхнэ гэдгээ мэдсэн юм шиг сүүлийн өдрүүдэд нэг л өөр байсныг саналаа. Тэрээр шалмагхан орж гаран ээждээ түлээ түлшийг нь бэлдэж өгөн яг л хол явах гэж байгаа хүн шиг бүх юмыг нь нямбайлан засаж сэлбэн, урьд нь гаргаж байгаагүй зангаа гаргаж байхад гадаад яваад ажил хийгээд хүү минь овоо юм сурч дээ л гэж бахархан бодож байв. Бас дүүдээ сургаал айлдан ахынхаа эзгүйд ээжийгээ сайн харж хандаж байгаарай, одоо чи л айлын том хүү болон энэ гэр оронг авч явна шүү дээ гэж хэлж байсныг нь саналаа. Тэгж хэлэхэд нь хүүгээ буцаад Солонгос явах болохоор л дүүдээ тэгж хэлж байна гээд нэг их тоогоогүй өнгөрсөнсөн.
Бас дэлгүүр орон ээждээ дээлийн өнгө авч өгөнгөө,
-Ээжээ та үүгээр дээл хийж өмсвөл ямар сайхан харагдах бол, даанч хүү нь харж чадахгүй нь дээ гэж хоолойгоо зангируулан хэлэхэд нь мэдэх байсан юм. Тэр үед тэнэг би,
-Өө янзын сайхан зохино оо, ээж нь дээл хийж өмсөхөөрөө хүүдээ зургаа авахуулаад явуулнаа гэж хэлж байснаа бодохоор өнөөх эх хүний зөн совин гэгч нь хааччихсан байсан юм бол гэж өөрийгөө зүхэн сэтгэл нь өмрөн зам зуураа Гэрэлмаад ярьж явахад тэр ч бас өөрт нь бөгж авчирч өгснийг үзүүлээд,
-Надтай гэрлээч гээд тэр орой энэ бөгжийг өгсөн юм. Тэгээд дараа нь хэрэггүй ч өгөв үү дээ гэсэн шиг алив бөгжийг минь буцаагаад өгчих өө, би чамд наад бөгжийг чинь өгөх эрхгүй хүн гэж хачин юм ярихад нь би уурлаж,
-Ганц бөгж өгчихөөд юун сүртэй юм бэ, чи харамсаад байгаа юмуу, би чамайг сэвгүй ариун сэтгэлээр олон жил хүлээсэн юм шүү, гэтэл чи ганц бөгж өгчихөж чадахгүй байгаа юм уу гэж хатуу үг хаяхад минь тэрээр яагаад ч юм намайг тэврэн учиргүй ихэр татан уйлсансан. Би бүр сандраад яагаа вэ, юу болоо вэ гэж шалгаахад,
-За яахав миний хайрыг санаж яваарай…гэснээс өөр юм хэлээгүй. Гэтэл би тэрнийг буруугаар бодож буцаж яваад ирэхгүй гэж байгаа юм байна л даа гэж битүүхэндээ гомдож явсныг минь яана гэж хоолой нь зангирахад
– Миний хүү хүний дээд хүн байсан юм шүү, зайлуул нутагтаа л очиж л ясаа тавья гэж бодож л дээ. Дэлгүүр хоршоогоор явж байхад л -Юу хэрэгтэй байна ээжээ, хүү нь бүгдийг нь аваад өгье гэж байн байн хэлээд байхад нь л мэдэх байсан юм гэж тэнхэл нь барагдсан эх цааш гишгэж чадахгүй,
-Хүү минь ижийгээ уучлаарай гэж газарт сөхрөн унахад нь Гэрэлмаа түшин авав. Хоног өдөр өнгөрч Гэрэлмаагийн гэдэс томорсоор байлаа. Тэрээр Баяраатай хоносон тэр шөнө хэвлийдээ түүний үрийг тээжээ. Тэрээр олны хэл амнаас айн эцэггүй хүүхэд төрүүлэх үү, яах уу гэж эргэлзэн байхад нь Баяраагийн ээж түүнийг нэг өдөр хараад зөнгөөрөө мэдрэн маш их баярлан дахин хүү нь амилаад босоод ирэх шиг л санагджээ. Өнгөрсөн хугацаанд тэрээр хүүгээ удам залгах үр ч үгүй өнгөрлөө дөө гэж харамсан гашуудаж явсан бол түүнийг хараад л буурал тэргүүнт эхийн сэтгэлд нар мандах шиг болж, амьдралдаа үзсэн хоёр ч гашуун хагацал зовлонгийн дараа бурхан түүнтэй дүйцэхүйц бэлгээ илгээжээ хэмээн залбирч Гэрэлмааг ятгаж эхлэв. Охин минь хүүгээ гарга, ижий нь өсгөе, миний охин юунд ч санаа зовж, сэтгэл хоёрдох хэрэггүй гэж хэлжээ.
Гэрэлмаа ч хүүгээ алдсан эхийн сэтгэлийг дэвтээж, хүүгээ төрүүлэхээр болж арван сарын дараа аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан хөөрхөн хүү гарлаа. Тэр бяцхан амьтан аавын хүү биш гээд хэлчихвий гэсэн шиг баруун хөмсгөн дээрх мэнгийг нь хүртэл өвчсөн юм шиг дуурайжээ. Цовоо сэргэлэн хүү өдөр ирэх тусам аавтайгаа адилхан болж, энэ хорвоо дээр Баярбат гэж хүн амьдарч байсан юм шүү гэсэн шиг өсөхөд хоёр эхийн сэтгэл тайтгарч, амирлах ажээ. Хорвоо гэдэг нэг нь явж байхад нөгөө нь үйлийг нь гүйцээхээр төрж байдаг ажээ…
О.ӨНӨРЦЭЦЭГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх