Цасангаа (Өгүүллэг)

2018 оны 06-р сарын 21 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
A young northern Mongolian woman herder.

Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд ер бусын хүн зогсож байна. Хав хар царайтай үс нь ширэлдээд дашны эсгий шиг болчихсон, шагайг нь хүрсэн өргөн өмд нь урагдаад, шилбэ нь цухуйчихсан, хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэгхэн хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн болохыг илтгэх мэт.
Тоссон алган дээр нь хэдэн чихэр тавьтал ухаангүй баярлан, инээмэр аядахад нь зөрж ургасан хэдэн шар шүд нь ярзайж харагдлаа. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн, бужигналдан одов. Ах маань над руу инээмсэглэн харж:
-Цасангаа гэдэг юм. Манай нутгийн ганц мэдрэл муутай хүүхэн дээ гэж танилцуулсан юм. Ингээд би Цасангаа гэдэг шинэ танилтай боллоо.

Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй, хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм. Цасангаагийх сумын баруун захад нилээн зайдуу хэсэгхээн унь шовойлгоод эсгийн навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоон туйлсан тэмээ гэлтэй. Дотор нь орвол битүү юм дэвсэж хэсэгхээн газрыг хонхойлгоод ор болгочихсон, гурван чулуу тавьж дээр нь хөө тортог болсон хар хувин тавиастай. Түүнийгээ нэрж усыг нь ууж, тосыг нь долоож амьдардаг юм.

Гэхдээ хүмүүс Цасангааг гартаа нөлөөтэй гэж ярьдаг. Унасан туссан хүүхдийн толгойг хэд илээд л зүгээр болгочихно. Өвдсөн, зовсон, бэртсэн, гэмтсэн үедээ л хүмүүс Цасангаа гэж буянтан бий дээ гэж санана. Баярласан хүмүүс аягахан хоол хэдхэн чихэр өгөөд л гаргахад Цасангаа баярлаад л гүйж одно доо.

Ингээд нэг удаа голын цаад захад орших Ойлон Зундуй гуайн охин амаржих гэж олон шөнө дуншиж өвдөөд хоёр яс салж чаддаггүй. Охиныг амь тавьдагийн даваан дээр Зундуй гуай хөтөлгөө морьтой давхиж ирээд Цасангааг авч явсан юм. Цасангаа дөнгөж очуут хөөрхий охины хэвлий дээгүүр наймын тоо хэлбэртэй зурах шиг болоход л хүүхдийн дуу час хийн дуугарч хорвоод шинэ хүн мэндэлснийг зарлажээ. Буянтай амьтан гэж Зундуй гуай магнайныхаа хөлсийг арчин, баярлахдаа Зундуй гуайн эхнэр хэлэх үг нь ч олдохгүй нулимс дуслуулан суусан юм.

Ингээд аягахаан хоол цай идүүлээд, Цасангааг үдэх болоход, Зундуй гуайн хүүхдүүд морьдынхоо эмээлийг аваад аль хэдийн тавьчихсан байлаа. Зундуй гуай:
-Үгүй ээ хө эхнээр, энэ Цасангааг яалтай билээ? Унтаад яв гэдэг юм билүү? Үгүй ядахдаа энэ тэнгэр муухайрч, цасан шуурга тавих нь гэвэл, Зундуй гуайн эхнэр:
-Хнн, яршиг л байна ш дээ, наадах чинь хоносон айлдаа нойтогночихдог юм гэнэ лээ хөөе гэж ирээд тун их дургүйцсэн юм. Ингээд эхнэр, нөхөр хоёр удаан ярилцсаны эцэст, голын цаана бүдэгхэн ёлтойж байгаа гэрлээр баримжаа болгоод Цасангааг үдэх боллоо. Цасангаа навтас шиг болсон муу малгайгаа бүчилж:
-Жундуй гуай, Мэндээ гуай хоёр минь баярлалаа гэж дультраатуулан хэлээд гараа гозгонуулан гүйж оджээ. Шөнөжин цасан шуурга балбаж, дээлтэй хүн тэсэхийн аргагүй хүйтэрч байхад, эхнэр нөхөр хоёр эзэнгүй орчлонгийн буурал мандалд торойх , хөөрхий тэр нэгэн эмэгтэйг санахын ч аргагүй нойрсож хоносон биз. Хэд хоног өнгөрч хүүхдүүд Цасангаагийн бяцхаан муу урц овоохойг зөнч болжмор шиг тойрсоор л…

Гэлээ ч хөөрхий муу Цасангаа эргэж хэзээ ч ирээгүй юм. Хэн ч түүнийг дурсаагүй .
Харин уулан дотор улилддаг байсан чонын дуу нэг хэсэгтээ л намдсан юм гэнэ лээ….

/Г.Жамъян/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. БИ
     (202.9.46.8.***)
    2020/01/09 13:06

    гоё өгүүллэг байна

    (2) (0)
  2. Хулан
     (66.181.182.***)
    2019/11/10 13:40

    үнэхээр гоё ѳгүүллэг бнаааа

    (1) (0)