Монголын сайхан бүсгүй тодруулах уралдаан усны хувцастай үзүүлбэрээс татгалзлаа

2018 оны 06-р сарын 21 өдөр, 10 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3r1h7qf5m84vvbhjb784ubk28d_b

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Монголын сайхан бүсгүй шалгаруулах уламжлалт уралдаан эргэн ирлээ гэсэн үг. 11 жил завсарласан тэмцээнийг сэргээж буй зохион байгуулагчид наадмын хугацааг зарлаж, алтан эрдэнийн өргөмжлөлт бүсгүйн хүртэх титмийг танилцууллаа.

Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ холбооноос Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааны болон бусад ижил төстэй уралдааны хүрээнд нэгэн чухал өөрчлөлт, шинэчлэлтийг авчирчээ. Энэ нь “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмаас эхлэн уралдааны шалгуурын нэгэн төрөл болох “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр.Эмэгтэй хүний эрхэмсэг нандин гоо байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг, цогц сайхан байдлыг тодотгон ирсэн уламжлалт уралдааны нэр хүндэд дээрх өөрчлөлтийг нийцнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. Энэ нь ч оролцогч охид, үзэгч, дэмжигчдэд таалагдаж байгаа нь гарцаагүй. Ирээдүйн эмч, багш, удирдагч, манлайлагч, ирээдүйн ээж болох охид, бүсгүйчүүдийг усны хувцастай дүр төрхтэйгөөр нийтэд таниулж үлдээхээс орчин үеийн ижил төрлийн уралдаанууд татгалзах болсныг Монголын Хатан эрдэнэ холбоо дэмжин, ийм шийдвэр гаргасан нь зөв юм. Тухайлбал, АНУ өнгөрсөн жилээс мөн гоо бүсгүйн уралдааныхаа усны хувцастай үзүүлбэрийг хассан билээ.

ГОО САЙХНЫ ТЭРГҮҮН НААДМЫН УРИАЛГА

  • Зөв бодол
  • Зөв үг
  • Зөв үйлдэл
  • Зөв хандлага
  • Өв тэгш хойч ирээдүй, төв тэгш бүсгүйчүүдийг нээн, уг наадмаар дамжуулан төлөвшүүлэх. Бүсгүй хүний нандин, ухаалаг, нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролтой хослуулан хөгжүүлэхийг хүсдэг Монголын охид, бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг таниулан, нийгэмд байр суурь эзлэхэд нь хөшүүрэг болох, алдаршуулах, хүмүүнлэг үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг болохыг зорьжээ.

“МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ” УРАЛДААН ЯМАР ТҮҮХТЭЙ ВЭ?

  • Анхны уралдааныг 1989 онд зохион байгуулсан. Анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэрьяа тодорч байв. “Монголын сайхан бүсгүй” уралдаан нь гоо зүй, загвар, урлаг соёлын хүрээнд хамгийн нэр хүнд бүхий улсын чанартай уралдаан байж ирсэн. Тус уралдааны оролцогч бүсгүйчүүд өдгөө Монголын улс төр, нийгэм, соёл боловсрол, бизнес, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт манлайлж, үлгэр жишээ болж яваа нь энэхүү наадмын цар хүрээ, үнэ цэнийг илтгэдэг.
  • 2007 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах 14 дэх удаагийн наадмаас хойш уралдааныг түр завсарласан бөгөөд энэ оноос дахин сэргээн зохион байгуулж байна.

АЛТАН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ, МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙЧҮҮД

  • 1989 он Г.Биндэрьяа (Улаанбаатар хот)
  • 1990 он Н.Мөнхцэцэг (Улаанбаатар хот)
  • 1991 он Ч.Мичидмаа (Улаанбаатар хот)
  • 1992 он Ч.Чулуун-Эрдэнэ (Улаанбаатар хот)
  • 1993 он Ц.Сарантуяа (Дархан-Уул аймаг)
  • 1994 он О.Оюунтуяа (Дархан-Уул аймаг)
  • 1995 он С.Бүрэнжаргал (Дархан-Уул аймаг)
  • 1997 он Б.Түмэнхүслэн (Улаанбаатар хот)
  • 1998 он Ц.Сансармаа (Улаанбаатар хот)
  • 2001 он Ё.Нямжав (Завхан аймаг)
  • 2002 он Д.Уянгалянхуа (Увс аймаг)
  • 2003 он П.Ариунбилэг (Улаанбаатар хот)
  • 2004 он А.Сарнай (Булган аймаг)
  • 2007 он Г.Гантуяа (Орхон аймаг)

ИЖИЛ ТӨРЛИЙН ШАЛГАРУУЛАЛТААС ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

  • Монголын анхны гоо сайхны наадам. Сайхан гэдэг үгээр дотоод агуулга, гадаад хэлбэр хоорондын зохистой нийлэмжийг илэрхийлдэг. Тийм ч болохоор уралдааныг онцлог, уламжлалынх нь дагуу гадаад үг хэллэг, илэрхийллээс татгалзах хэлбэрээр нэршиж байгаа.
  • Монголын охид, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, оюун билэг, авьяас, нийгэмд нөлөөлөх давуу талыг нээн дэмжихэд зохион байгуулагчдын зүгээс анхаарал хандуулна. Бүсгүйчүүдийн өв тэгш байдал, хүмүүжил, төлөвшилд бодлогоор дэмжлэг үзүүлдэг.
  • Ирээдүйн ээж, эмч, багш, удирдагч болох эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг хүмүүнлэгийн үйлсэд нэгтгэн, тэднийг нийгэмд үлгэр жишээ үзүүлэх хөтөлбөрт хамруулахаараа ач холбогдолтой. Бүсгүй хүн бүр хүмүүнлэг нийгмийн элч, түүчээ байдаг билээ.

ЕСӨН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛ ЭРГЭН ИРЛЭЭ

“Монголын сайхан бүсгүй-2018” тэргүүн наадмын явцад

  • Оюунлаг
  • Хүмүүнлэг
  • Авьяаслаг номинацийн эздийг шалгаруулна.

Төгсгөлийн шатны шалгаруулалтад есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүд тодорно.

  • АЛТАН ЭРДЭНЭ: Тэргүүн байрын эзэн “Алтан Эрдэнэ”-ийн өргөмжлөл, мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн Од”, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал.
  • МӨНГӨН ЭРДЭНЭ: Дэд байр буюу “Мөнгөн Эрдэнэ”-ийн өргөмжлөл, шигтгээт мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн од” , 10 сая төгрөгийн мөнгөн шагнал.
  • ЗЭС, ШҮР, СУВД, ОЮУ, НОМИН, ТАНА, ГАН эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйчүүд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэнэ.

МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ ТОДРОХ ӨДӨР

Финалын шалгаруулалт 2018.06.30-ны 18:00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно. Наадмын тасалбарын орлого “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн “Монгол өв, соёл, гэр” төсөлд зориулагдана. Энэхүү шалгаруулалтад та бүхнийг хүндэтгэн урьж байна.
​​

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАТАН ЭРДЭНЭ ХОЛБОО

Энэхүү наадмын Ерөнхий зохион байгуулагч “Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбоо” 1992 онд байгуулагдсан. Эх хүн, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, оюун билгийг дээдэлж ирсэн монгол уламжлалыг сэргээн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой. Холбооны ерөнхийлөгч Д.Энхсайхан.  Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг анх санаачилсан, гол зохион байгуулагч.  Өнгөрсөн хугацаанд “Miss World University” уралдааны анхны шагналын цом, Олон улсын шүүгчийн анхны цом, Олон Улсын Соёлын холбооны Энх тайваны шагналыг тус тус хүртсэн.

Холбооны үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэдний эрүүл аюулгүй  амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, орон гэргүй, сургууль завсардсан хүүхэд, асрамжийн газар, Эх нялхсын эрүүл мэндийн төвд тусламж дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч энэ санаачилгууд үргэлжилсээр байх болно. Улирал бүр хүмүүнлэгийн үйлс өрнүүлдэг уламжлалтай. “Монголын сайхан бүсгүй-2018” тэргүүн наадмын хүрээнд мөн хэд хэдэн хүмүүнлэгийн болон нийгэмд тустай ажлуудыг хийхээр төлөвлөсөн ба тэдгээр нь бидний хойч ирээдүй болсон хүүхдүүдэд Монголын уламжлалт өв соёлыг уламжлуулан өвлүүлэх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн санаачилга, төслүүд байх болно.

Т.ЦЭНГЭЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх