Ц.Отгонбаяр: Хүнд эд эрхтнээ хандивлах нь өглөгийн дээд өглөг, буяны дээд буян юм

2018 оны 06-р сарын 20 өдөр, 11 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15294648965b29c8405c123

Монголын бурхан шашинтны төв Гандан хийдийн гавж, Дэлхийн монгол туургатаны Бурхан шашинтны чуулганы тэргүүн, доктор профессор, Ц.Отгонбаяртай ярилцлаа.

-Таны нутаг ус, бурхан номын зам мөрийг сонгох болсон тухайгаас ярилцлагаа эхлэх үү?

-Би Архангай аймгийн Батцэнгэл сумын гаралтай хүн. Гэхдээ Улаанбаатарт багадаа ирж, 13-р сургуулийг төгсөн.

Аав маань анх санал тавьж, манайхны удам угсаа 360 гаруй жил Заяа гэгээний ард урд явсан үүх түүх байгаа шүү. Иймээс чи айлын отгон хүүхэд лам болох ёстой гэсэн. Нэг талаасаа  тулгалт  гэх юм уу даа.  Би бол өөртөө дуртай байгаагүй, гэхдээ аавынхаа үгийг дагасандаа одоо болтол баярлаж суудаг юм.  Би том дарга сайд болсонгүй, том хамба болж үзээгүй. Гэхдээ Монгол улсад байдаг эрдмийн бүх цолыг авсан.

-Бурхны шашины цол зэрэг уу?

-Шашины дээд сургуулийг 1986 онд улаан дипломтой, Гаадан хамбын нэрэмжит шагналтай төгсөж байлаа. Тэр үед ингэж төгсөж байсан хүмүүс их ховор байсан. Гандан хийдийн залуучууд дотроос хамгийн түрүүнд 23 настайдаа унзад болж гайхуулж явлаа. Нөгөө хоёр тэмээтэй гэдэг шиг гайхалтай сайхан үе байлаа. Эрч хүчтэй, ном сүрхий цээжилдэг байсан. Миний сайн гэхээсээ илүүтэй багш нар минь тийм мундаг хүмүүс байлаа. Тэгтэл Гандантэгчилэн хийдэд Далай багш  айлчилж Дүйнхэрийн ван айлтгах боллоо. Тийм учраас Дүйнхэрийн номыг сайн сурах асуудал гарч ирсэн. Гандантэгчилэн хийдийн  захиргааны  тэргүүлэгчид хуралдаад Отгонбаяр гэдэг бага унзадыг Энэтхэг рүү явуулах шийдвэр гаргасан. Сурахгүй хүн явуулаад яахав, сурах хүн явуулъя. Уншлага ном сайтайгаар нь энэ Отгонбаярыг явуулъя гэжээ. Ингээд 1991 онд намайг Энэтхэгийн Дарамсала хот руу 5 жилийн хугацаатай томилолтоор явуулсан. Тэндээс шашиныхаа чиглэлээр мастер цол хамгаалаад ирсэн.

-Ирээд ямар ажил алба хашиж байв?

-Ирээд Дашчоймбол, Дүйнхэр дацаны да лам болсон. Тэгээд Дашчоймбол дацанд номоо үзэж байгаад гэвшийн дамжаа барьсан. Гэвш гэдэг маань нэг ёсондоо философийн ухааны магистр юм даа. Үүнийхээ дараа гавжийн дамжаа барьсан, гавж хүн.

-Гавж гэдэг маань  шинжлэх ухааны бусад салбарт бол доктортой дүйцэхээр юм уу?

-Шашины эрдмийн цол зэрэг юм л даа. Доктортой дүйх эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энд байгаа дээд цол. Улмаар Шашины дээд сургуулийн профессор болсон. Үүний зэрэгцээ миний хувьд бурхан шашины ном судрыг монгол хэл дээр буулгах ёстой гэсэн байр суурьтай явдаг хүн. Монголын бурхан шашины төв гэсэн мөртлөө бүх юм нь төвд хэл дээр яваад байхаар чинь Монгол дахь төвдийн бурхан шашины төв болчихоод байгаа юм.  Энэ талаар би эмзэглэж явдаг. Тийм учраас би МУИС-д магистр хамгаалсан. Дараа нь мөн сургуулийнхаа шашин судлалын тэнхимд 3,7 жил суралцаж докторын зэрэг хамгаалсан.  Энэ тэнхмээс төрсөн анхны лам доктор юм даа.

-Ямар сэдвээр эрдмийн цол хамгаалсан бэ?

– Калачакра буюу цагийн хүрдний номлол гэсэн сэдвээр. Одоо бас шинжлэх ухааны докторын судалгааны ажил хийж байна.  Ерөнхийдөө бол би ном л цоохорлодог хүн. “Ногоон дэвтэр” гэж ном хийдэг,10 цуврал болох юм.

-Би танаас нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Энэ оны эхээр эрхтэн шилжүүлэн суулгах харилцааг зохицуулсан Донорын тухай хууль гарсан. Үүнтэй холбоотойгоор эд эрхтний өглөг гэсэн ойлголт гарч ирж байна. Үүнйг бурхны шашинд хэрхэн үздэг юм бол?

-Бурхны шашин дэлгэрэхээс өмнө янз янзын ёс байсан.Монголчууд бөөгийн шашинтай байсан. Бөө бол монгол хүн бүрд байдаг зүйл. Гэхдээ Таны асуултад хариулахаас өмнө монголчуудын  махбодийн талаар товчхон ойлголт өгье.  Бид өөрсдийгөө сайн танин мэдэж байх хэрэгтэй гэсэн үүднээс.

-Аан за. Тэгье тэгье. Сонирхолтой л сэдэв байна.

-Дэлхийн хүн амыг таван махбодод хуваадаг. Манай монголчууд гал махбодтой хүмүүс. Гал махбодтой хүмүүс бөгсөн дээрээ хөх толботой байдаг. Монголчууд замд явж байгаад зогсохдоо заавал өндөрлөг орой газар гарч зогсдог. Яагаад гэхээр гал махбодтой хүмүүс нам  дор, хонхор бүгчим газар зогсдоггүй. Өндөрлөг газар гарч байж хийморь нь дэгддэг. Гэтэл усан махбодьтой европчууд гэхэд байнга ус барааддаг, ямар нэг юм болоход нам газраа барааддаг онцлогтой. Архи уугаад хордоод байдаггүй жишээтэй.

Монгол махбодийн талаар товчхон ярья. Яагаад монголчууд гал махбодтой байдаг юм, яагаад түүнийгээ сэргээж байдгийг мэдээд авчихад илүүдэхгүй л дээ.

Махчин амьтад дандаа гал махбодтой байдаг. Чоноор жишээ авъя л даа. Бидний өвөг ч гэж ярьдаг шүү дээ. Чоно тотем гэсэн утгаар нь авч үзэхэд их сонин. Өвсөн тэжээлтэн амьтан намар нь бүгд тарга хүчээ авчихсан сайхан байдаг. Намар туранхай, турж үхэж байгаа өвсөн тэжээлтэн гэж байдаггүй дээ.

Гэтэл гал махбодитой чоно гэдэг амьтан хавар хорчийсон амьтан байдаг бол намар бүр гувчийсан амьтан  явдаг. Амь нь хаана байна гэмээр. Зун идэш тэжээл нь элбэг байдаг ч тэр бүр идээд байдаггүй. Бүр нэг сар мах идэхгүй мацаг барьдаг. Хажуугаар нь өнчин ишиг явж байсан ч шоглохгүй.

-Хэдий үед ийм байхав?

-За, ойролцоогоор намар 10 дугаар сарын үед гуйвчихсан амьтан явдаг. Ингээд намрын сар дуусч өвлийн эхэн сар эхэлнэ. Хүйтэн тачигнаж эхлэхтэй зэрэгцэн  чоно гэдэг амьтан яаж ийж “сүүлчийн араандаа хийж” байгаад хамгийн өндөр уулын орой дээр  гардаг. Тэгээд хэд улиад,  энэ үед нь видео камераар зургийг нь авч байхад үснийх нь сор босоод  гялалзаад ирдэг. Арай гэж уулын оройд мацаж гарсан амьтан чинь уулнаас буухдаа үлгэрийн юм шиг эрч хүчтэй болсон байдаг. Дээрээс ид шидээ авчихаж байгаа нь тэр. Энэ бол хэдхэн хормын асуудал. Гал махбодтой хүн, амьтан дээрээс, тэнгэрээс ид шидээ авдаг.

Усан махбодтой европчууд, жишээ нь бидний сайн мэдэх орос ах нар бол бие нь эвгүйрхэж ядраад ирхээрээ усанд шумбаж, саундаа сууж байгаад  сэргэчихдэг, бүр водка байна уу гэсээр гарч ирдэг. Шороон махбодтой хятадууд ханзан дээрээ хэвтэж байж  юмаа авдаг. Харин бид бол яг чонотойгоо адилхан, өндөрлөг газар дээр гарч байж хийморио сэргээж эрч хүчээ авч байдаг хүмүүс.

Анхны цас оронгуут манайхан чинь эр эмгүй бүгдээрээ гараад явчихдаг. Зарим нь ан авд явлаа гэж ойлгодог. Үгүй,  Энэ чинь нэгдүгээрт анхны цасан дээр өөрийнхөө тамгыг тавина. Хоёрдугаарт, сойлго авч байгаа нь тэр юм. Даараад чихрээд байгаа морийг уяад хоночихоор сойлго нь таарч чихрээ нь гардаг. Яг үүнтэй адил анхны цаснаар хүүхэд үүхэдгүй хөл нүцгэн шахуу гараад явчихаар эхлээд их  даардаг. Чих час хийгээд явчихна. Эхлээд нэг даарч чичирч байснаа дараа нь халуу дүүгээд ирдэг. Тэгэхээр яг чонотой адил дээрээс юмаа авч байгаа нь энэ. Ер нь уулан дээр, өндөр газар гараад ирэхэээр цээж тэнийгээд, нөгөө давчдаад байсан юм алга болоод сайхан болдог шүү дээ. Энэ чинь л гал махбодитой монгол хүн дээрээс дархлаагаа авч байгаагийн шинж юм.

Манай ёсонд монголчууд өвөл зуны алинд ч Эрдэнэзуу хүртэл явган явж гороо хийдэг, наад зах нь бага гүрэм  гээд Богд уулаа тойроод явган алхдаг байлаа. Гэтэл одоо тийм юм байхгүй болсон. Тэгэхээр дархлаа сул болохоос өөр арга байхгүй. Дээхнэ үед “Их Манла”-ын /Манла гэдэг нь эрүүл мэндийн бурхан/  сүм дотор 404 төрлийн өвчин  бүртгэгэдэж тэмдэглэгдсэн  байжээ. Гэтэл одоо хэдэн төрлийн өвчин байгааг тоолоод барагдахааргүй олон болсон гэнэ. Инээхээс бусад өвчин гэж манайхан ярьдаг даа. Гэтэл одоо бүр инээх өвчин хүртэл бий болчихсон байна.

-Манла гэдэг маань эрүүл мэндийн бурхан. Тэгэхээр Манла бурхны номонд бүртгэгдсэн тэр 404 төрлийн өвчин тоологдохооргүй болтлоо  өсч  нэмэгдсэн гэсэн үг үү?

-Тийм. Яагаад гэвэл цөвүүн цаг гэж байгаа юм. Цөвүүн цаг гэдэг юм ирэхээр үхэхийн шалтгаан үерийн ус мэт үржиж, амьдрахын шалтгаан атга атгаар багасдаг тухай бурхны номонд бий.

-Буддын ухаанд энэ цөвүүн цагийг хэзээ дуусна гэж үздэг юм бол…

-Цагаа бол бид нар тааруулж байгаа юм. Уг нь энэ цөвүүн цаг ирэх арай болоогүй байхгүй юу. Сайн цагийн мянган бурхны дөрөвдүгээр бурхан Шагжтүв гэдэг хүн 5000 жилийн түүхтэй байдаг. Гэтэл цөвүүн цаг яагаа ч үгүй ирээд байгаа байхгүй юу.

-Одоо хоёулаа үндсэн асуудалдаа ороё.  Эд эрхтний өглөг буюу донорын тухайд?

-Манай номонд өглөгийг 3 хувааж үздэг.  Нэгдүгээрт эдийн өглөг, хоёрт номын буюу багшийн өглөг, гурав дахь нь буюу дээд өглөг нь  аюулаас аврахуйн өглөг гэж хуваадаг. Аюулаас аврахуйн өглөг гэдэгт жишээ нь би тэр эрхтнээ өгсөн хүн болон эмч нарыг хэлж байгаа юм. Яагаад гэвэл  нэг хүний бөөр муу байвал түүнийг нь солиод шинэ бөөр тавьж амьдрах хугацааг нь уртасгаж байна шүү дээ.

Манай бурхны шашинд Насны гурван бурхан гэж байдаг. Тэр бурхны маани тарнийг уншаад тэр бурхны итгэл, ээл ивээл шингэж байвал нас уртасдаг гэж бид ойлгодог. Тэгвэл энэ бурхны ивээлтэй дүйцэхүйцээр эгэл нэгэн хүний амийг авраад  насыг нь уртасгаж байвал тэр бол аврахуйн их өглөг юм.  Тэгэхээр эд эрхтнээ хандивлана, өгнө гэдгийг аврахуйн их өглөг гэж ойлгох учиртай.

-Ер нь уламжлал талаасаа ингэж ойлгож ирсэн юм байна. Үүнээс урьд ямр ёс байсан юм бол…

-Бурхны шашин дэлгэрэхээс өмнө монголчуудад ямар ёс байсан бэ гэвэл 85 нас хүрэнгүүт ахмад настандаа сайхан хувцас өмсгөж, найр хийж байгаад аманд нь сүүл үнхүүлж ач хүүгээр нь шаант чөмгөөр гударч алдаг ёс байжээ. Ам барих ач гэж ярьдагийн учир нь энэ. Их өндөр настай хүнийг байлгаддаггүй байсан нь их учиртай, нэг талаасаа байгалийн тулгалт байсан хэрэг. Яагаад гэвэл монгол хүн нүүдэл даах хэрэгтэй байж. Энэ чинь байгалийн шалгарал шаардлага учраас үүнийг буруутгах юм бас биш байхгүй юу. Ийм ёс дэлхийн олон улсад байжээ. Харин бурхан шашин дэлгэрснээр энэ тал дээр ахиц дэвшил ирсэн. Хүний биеийг яах ёстой вэ гэдгийг номолж тайлбарласан.

-Тухайлбал, юу гэж номолж тайлбарласан байх вэ?

-Тухайлбал, хүн гэдэг бол дүрсгүй орчлонгийн нэг тав, дүрстэй  орлонгийн нэг бие юм байна, дүрстэй орчлон дүрсгүй орчлон хоёрыг дамжуулдаг гурвалжин  байна хэмээн буддизм хэлдэг. Дүрсгүй орчлонгоос заяаны таван тэнгэр хүнд бий болдог. Арван учрал найман чөлөө бүрдүүлж байж хүний биеийг олж байгаа юм. Заяаны таван тэнгэр гэдэгт нэгдүгээрт  амин тэнгэр юм. Хоёрдугаарт орны тэнгэр, гуравдугаарт нөхрийн тэнгэр, дөрөвдүгээрт суганд байрладаг эдийн тэнгэр гэж байдаг. Тавдугаар тэнгэр нь баруун зүүн мөрөн дээр сууж байдаг хийморийн тэнгэр юм.

Тэгэхээр хүний бие гэдэг бол такси шиг юм. Тэгэхээр биеийг хөлөглөн замбуулин дээр буучихаад буцаад явахын цагтаа хэрэггүй болсон биеэ орхиод одож байгаа юм.

-Төрсний эцэст үхэх нь үнэн гэж үг бий. Харин тэр  “хэрэггүй” болж байгаа бие цогцосноос эд эрхтнийг нь авч бусдын амь насыг аврах тухай яригдаад байна. Гэтэл монголчууд энэ тухайд сэжиг сүжиг талаасаа яаж ханддаг, бурхны шашин үүнийг юу гэж үздэг вэ?  

-Хүний хамгийн сүүлчийн буян нь нас барсан хойноо өөрийнхөө хэрэггүй болж байгаа цогцосыг  тас шувуунд өгдөг ёсон байж.. Тас шувуу хийморь сайтай амьтан учраас хийморь сүлдийг нь аваад тэнгэр рүү явж байна гэж ойлгодог. Нөгөө талаасаа бас амьтан хооллож байгаа хэрэг. Төвдөд энэ ёс одоо ч хэвээрээ.

Тэгэхээр хүнд эрхтнээ шилжүүлнэ гэдэг бол хамгийн дээдийн дээдийн өглөг юм. Мөн дэээдийн дээд буян юм. Билэг бармида гэж юм байдаг. Энэ юу вэ гэхээр заавал ном үзээд байхгүйгээр өглөг, сахил санваар, тэсвэр  тэвчээр,  хүчин чармайлт зэрэг зургаан оролдлогын аль нэгийг жинхэнэ ёсоор хичээж хийгээд байвал бурхан болж болно оо гэж үздэг. Тэгэхээр өглөг өгсөөр байгаад бурхан болчихсон хүн байна. Ер нь буяны үүдийг нээе гэвэл өглөг өгөх хэрэгтэй. Хармын сэтгэл ямагт буяныг хааж байдаг.

Замбуулин хорвоод урд төрөлд Бадамжунай гэдэг бурхан байхдаа цэцэгнээс дэлгэрч байжээ.Энэ үед хүний сэтгэл диваажин шиг сайхан байж. Гэтэл хувийн өмч гэдэг юм гарч ирснээр хүний сэтгэл  чиний миний, танай манай болж өөрчлөгджээ. Тэгэхээр би шүү, чи шүү гэдэг юм бодит болжээ. Тийм учраас өглөг гэдэг юмыг жинхэнэ утгаар нь хийж чадвал дээшээ явж бурхан болдог.

Түүний нэг жишээ Үлгэрийн далай гэдэг номонд  өлөгчин бард бурхан багш өөрийнхөө биеийг өгсөн тухай өгүүлсэн байдаг.  Бурхан багш долоон бамбартай өлөгчин бартай таарчээ. Тэгээд бодож, энэ бар өлсвөл долоон бамбар нь үхэх юм байна. Энэ хавьд надаас өөр идэх юм энэ өлөгчин бард олдохгүй. Тиймээс би өөрийгөө өгч энэ долоон бамбарын амийг аврах хэрэгтэй юм байна гэж шийдээд өөрийгөө амьдаар нь өлөгчин бард өгсөн тухай өгүүлсэн байдаг. Тэр үед Бурхан багш жинхэнэ утгаараа бурхны дүрийг олооогүй, 34 төрөлдөө янз бүрийн буян  хийж байсан ч Жанчивсэмба явсан. Өөрөөр хэлбэл  янз бүрийн буян хийгээд байсан ч нэг л явахгүй байж, тэгээд өөрийгөө амьдаар амьтанд өгснөөр жинхэнэ бурхан болжээ.

Тэгэхээр өөрийн биеийн эд эрхтнээ хүнд өгнө гэдэг нь яг үүн лүгээ юм. Өөрөөр хэлбэл буяны дээд буян болдог.

-Ярилцсанд баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх