Little Kickers хөл бөмбөгийн франчайзингийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа байгаа Кидс Сока компанийн менежер Б.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.
Сайн байна уу, юуны өмнө хөтөлбөрөө бидэнд танилцуулаач?
Литл Кикерс хөтөлбөр нь 18 сартайгаас 7 нас хүртэлх насны хүүхдэд зориулсан хөл бөмбөгийн франчайзинг юм. Хүүхдийн 2-5 насандаа олж авсан мэдлэг, чадвар насан туршийнх нь боловсролын суурь болдог учир хүүхдийг багаас нь амьдралын зөв дадалд сургах, биеийн болон оюуны хөгжлийг дэмжих нь чухал байдаг. Гэхдээ үүнийг танхимын аргаар биш спортоор дамжуулан хөгжилтэй, тоглоомын аргаар сургах нь маш үр дүнтэй байдаг байна. Энэ хөтөлбөрийг 2002 онд анх эхлүүлсэн хатагтай Кристин Станчус энэ шаардлагыг өөр дээрээ мэдэрч, хүүхэд багачуудыг өөртөө итгэлтэй, спортлог, зөв хүн болж төлөвшүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахаар хөтөлбөрийг анх зохиосон түүхтэй. Өнөөдрийн байдлаар 26 улсын 340 гаруй франчайзингийн 2000 гаруй дасгалжуулагч энэ хөтөлбөрийг дэлхийн өнцөг булан бүрт нэг стандартаар орж байна. Монгол Улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй 27 дахь улсаар бүртгэгдэж, дэлхийн стандартыг Монголдоо нэвтрүүлж байгаад баяртай байгаа.
Бид франчайзинг гэдгийг KFC, Burger King гэдгээр илүү мэднэ. Харин энэ франчайзинг юугаараа ялгаатай вэ?
Франчайзинг гэдгээрээ олон зүйлээр төстэй. Гэхдээ Литл Кикерсийн онцлог тал нь бид цэвэр бизнесийн биш нийгмийн бизнесийг хийдэг. Бид ирээдүй болсон хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, өрсөлдөх чадвартай иргэд болгохыг зорьж байна. Хоёрдугаарт, энэ фрайнчайзинг нь сургуулийн өмнөх хөл бөмбөгийн сургалтын дэлхийн №1 хөтөлбөр. Их Британийн франчайзингийн гишүүний зэрэгцээ олон улсын хэд хэдэн шагналтай. Эцэст нь бизнесийг судалгаанд суурилан тасралтгүй хөгжүүлж байдаг. Өдөр бүр шинэ дасгал, тоглоомыг хөгжүүлж, дэлхийн даяар зааж, эргээд бүгдээрээ суралцан хөгжиж байдаг тасралтгүй процесс.
Яагаад хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон бэ? Бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ?
Компанийн үүсгэн байгуулагчдын зарим нь Австрали Улсад суралцаж байхдаа хүүхдүүдээ төстэй хөл бөмбөгийн хөтөлбөрт явуулдаг байсан. Монголдоо буцаж ирээд хүүхдүүдээ хөл бөмбөгийн спортоор үргэлжлүүлэн хичээллүүлэх гэсэн боловч манай улсад бага насны хүүхдэд зориулсан гадаад, дотоодын аль ч хөл бөмбөгийн хөтөлбөр байгаагүй. Иймээс Литл Кикерс хөтөлбөрийг сонгож, жил гаруйн хугацаанд оруулж ирэх бэлтгэл ажлыг хийсэн.
Сургалтын талаарх мэдээлэл, үнийн хувьд?
Литл Кикерс хөл бөмбөгийн хөтөлбөр нь 18 сар- 2 нас 3 сар, 2 нас 3 сар – 3.5 нас, 3.5-5 нас, 5-7 нас хүртэлх 4 насны ангиллаар, долоо хоногт нэг удаа 45 минутаар хичээллэнэ. Хичээлийн хөтөлбөрийг 16 жилийн турш тасралтгүй хөгжүүлж ирсэн ба тухайн хүүхдийн насны ангилалд таарсан тоглоом, хөл бөмбөгийн хичээлээр дамжуулан хүүхдэд өнгө, дүрс ялгах, байршил тогтоох, тоо тоолох, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадварыг зааж сургадаг.
Зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор зөвхөн Зайсанд байрлах Урса Спорт Клубт элсэлт авч эхэлсэн. Сургалтыг ням гараг бүрийн 10-14 цаийн хооронд явуулахаар тогтоод байна. Хөтөлбөрийн стандартын дагуу нэг ангид 16-аас ихгүй хүүхэд хичээллэж, сургалтыг 1 дасгалжуулагч багш, 2 туслах багш явуулна. Манай дасгалжуулагч багш маань Хөл бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчин бол, туслах дасгалжуулагчид маань бага насны хүүхдийн сэтгэл судлалын чиглэлээр суралцдаг, хөл бөмбөгийн сонирхогчдын түвшинд хичээллэдэг оюутнууд байгаа. Дасгалжуулагч багш нарыг олон улсын сургагч багшийн хөтөлбөрийн дагуу сургаж, дадлагажуулдаг.
Бусад хөл бөмбөгийн сургалтаас ялгарах онцлог, давуу тал?
Хүүхэд бага насандаа буюу 2-5 насандаа олж авсан мэдлэг, ур чадвар, зан аашийг насан туршийн боловсролын суурь болгодог. Энэ үед нь бид хүүхдийнхээ хөгжилд анхаарал хандуулж хүүхдэд хөгжилтэй байдлаар мэдлэг олгон, спортоор хичээллүүлэх нь биеийг хөгжүүлээд зогсохгүй оюун ухааны хөгжилд нь хувь нэмэр оруулах юм. Цаашлаад тухайн хүүхэд бага наснаасаа спортоор хичээллэж эхэлснээр амьдралын зөв дадал хэвшилд суралцан цовоо сэргэлэн өснө. Манай сургалтын хөтөлбөр нь зөвхөн хөл бөмбөгийн чадваруудыг олгоод зогсохгүй хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх, бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулах, бие даан суралцах зэрэг олон чадварт сургахаас гадна хөдөлгөөний эвсэлтэй болгох юм.
Цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна?
Сүүлийн үед бага насны хүүхдүүд маань амьдралын орчин, техник, технологийн хэрэглээнээс шалтгаалан биеийн хөгжил сул, бусадтай харилцдаггүй бүрэг талдаа болох нь их ажиглагдаж байна. Тиймээс бид ирээдүй болсон хүүхдүүд маань дэлхийн иргэн байгаасай, өндөр ёс зүй, мэдлэг, ур чадвартай байгаасай гэж энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Ийм үнэт зүйлийн төлөө, ийм хүүхдийг хөгжүүлэхийн төлөө цаашид үргэлжлүүлэн ажиллана. Төлөвлөгөөний хувьд хөтөлбөрийн үнэ цэнийг улам нэмэгдүүлэх, судалгаа хийх, шинэ ангиуд нээж хүртээмжийг нэмэгдүүлэх, зарим цэцэрлэг, бага сургуультай хамтарч ажиллах зэрэг асуудалд илүү төвлөрч ажиллана.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Танд ч гэсэн баярлалаа. Дэлхийн иргэд олон болтугай.