2020 онд хотын дарга нар Сөүл, Чанчунд чуулах уу гэдгээ шийднэ

2018 оны 06-р сарын 19 өдөр, 13 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
35533761_1463152507122039_6618706227050315776_n_20180619102402

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын   форум өнөөдөр “АСЕМ вилла” цогцолборт зохион байгуулалтын хуралдаанаа хийж байна.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар чуулдаг энэхүү форумын цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн хотууд өндөр ач холбогдол өгч, оролцоо нь нэмэгдэх болсон. Нөгөө талаар бүс нутгийн эдийн засаг, соёл, боловсрол, тогтвортой хөгжил гээд олон асуудлыг ч уг форумаар хөндөн ярилцаж, нэгдсэн шийдэл гаргах боломжтой гэж хотын дарга нар үзэж байна.  Тиймээс уг форумыг санаачлагч хот буюу Улаанбаатарт чуулж байхдаа байнгын ажиллагаатай институц болгох, хэлэлцэх сэдвийн хүрээг тэлэх, зохион байгуулах хотууд саналаа өгч, өрсөлдөөний механизмыг бүрдүүлэхийг Зүүн хойд Азийн хотын дарга нар дэвшүүлж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот Зүүн хойд Азийн форумыг санаачлагчийн хувьд нарийн бичгийн дарга нарыг байгуулах, байнгын үйл ажиллагаатай болгох, мөн 4 жилд нэг удаа өөрийн хот буюу  Улаанбаатар хотод зохион байгуулах саналаа хотын дарга нарт уламжилж байна” гэж илтгэлдээ онцолсон. Харин форумыг 2 жил тутам зохион байгуулахаар дүрмэндээ тусгах нь зүйтэй хэмээн тэрбээр тодотгосон юм.

Цаашид “Зүүн хойд Азийн форум” байнгын ажиллагаатай “Нарийн бичгийн дарга нарын газар”-тай байх асуудал болон 2020 онд хаана чуулга уулзалт хийхээ өнөөдрийн хуралдаанаараа шийдэж, төгсгөлийн бичиг баримтаа хотын дарга нар гаргана.  Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан удирдаж, “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг байнгын үйл ажиллагаатай механизм болгох нь” сэдвээр Форум зохион байгуулах ажлын хэсгийн зөвлөх Б.Бадрал танилцуулга хийлээ. Мөн  2020 онд  Зүүн хойд Азийн форумыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, өрсөлдөж байгаа Сөүл, Чанчун хотууд танилцуулгаа хийх юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Өчигдрийн хуралдаанаар хотууд бодлого, технологийн дэвшил, инновацийн мэдээллээ хуваалцсан. Хуралдаан зохих үр дүнгээ өгч, бүс нутгийн хотуудын хамтын ажиллагаа, бидний нийтлэг бэрхшээл  болж буй байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөд жинтэй хувь нэмэр болох бодлого шийдэл, хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй төслүүд танилцуулагдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум  маань хот суурин газруудын тулгамдсан асуудлаар санал солилцон, туршлага хуваалцдаг бүс нутгийн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ болжээ гэж  Улаанбаатар хотын зүгээс дүгнэн, форумын үйл ажиллагааг тогтомолжуулан, хотуудын хамтын ажиллаагааны байнгын механизм болгох урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна” гэлээ.

Форумд оролцож байгаа хотын дарга нар нууц санал хураалтаар дараагийн форум зохион байгуулах хотыг сонгоно. Ингэснээр  2020 онд  Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулах газар нь тодорхой болохын зэрэгцээ, форумынхаа дүрэм, нарийн бичгийн  дарга нарын газрын үйл ажиллагааны  механизмыг тодорхойлно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх