Б.Батболд: Тулай өвчний үед гэнэт гишгэж чадахгүй болдог, маш хүчтэй өвддөг

2018 оны 06-р сарын 14 өдөр, 18 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tulai

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх, судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболдтой сүүлийн үед ихсээд буй тулай өвчний талаар ярилцлаа.

-Дээхэн үед цөөн тохиолддог байсан, “хаад, ноёд”-ын гэх тулай өвчин сүүлийн үед ихсээд байна гэх юм. Энэ өвчний үүсэх шалтгаан юу байдаг вэ?

-Дээр үед 1,000 хүн тутмын гурав нь өвддөг байсан, хаадын хэмээн нэрлэж асан тулай гэх өвчин (подагра, gout) сүүлийн үед элбэгшээд байгаа нь буруу хооллолт, таргалалт, архины хэрэглээтэй холбоотой, бодисын солилцооны багц хямралын нэг илрэл юм. Бодисын солилцоо гажуудаж, явдаг зам жамаараа явахаа болиод уургийн илүүдэл, хүнд хоол унд, архи, дарс хэт их хэрэглэснээс болоод бие организмд өөрчлөлт орж, цусан дахь шээсний хүчил ихсээд ирдэг. Ер нь сахарын өвчний адил хүн төрөлхтний гуравны нэгийг шахуу хамрах гээд байна.

-Энэ өвчин гэнэт л шөнийн дотор үүсдэг гэдэг нь ямар учиртай юм бэ. Цусны шинжилгээгээр нэг өмнө нь илэрч, хянах боломжгүй гэсэн үг үү?

-Цонхон дээр цан цохиод талст үүсдэг дээ, яг тэрэн шиг үен дээр зүү шиг талстууд үүсэж, тэр нь маш аюултай өвдөж хавддаг. Гэнэтхэн эхэлдэг. Цус эргэлдэж байх үөд талст үүсгэж амждаггүй. Цусны урсгал багасч, туналт, зогсонгишилт үүсээд, аажмаар эргэлдэж ирэх буюу шөнө унтаж байх үед гэнэт талст үүсч эхэлдэг. Эн тэргүүнд цусан хангамж хамгийн багатай хөлийн эрхий хурууны нэгдүгээр үед илэрдэг. Яг л зүү орсонтой адил маш хүчтэй үрэвсэл, өвдөлт өгч, шөнийн дотор л улайгаад хавдаад, гишгэж болохгүй болоод ирдэг.

Тулайтай хүмүүс яая даа гэсэн байдалд ордог. Гэхдээ энэ бол зөвхөн үенд илэрч байгаа илрэл. Хүн бол ил харагдаж байгаагаар нь үе мөч өвдөж хавдсаныг тулайтай болчихлоо, ядарч байна, ойрхон ойрхон дахиж байна гэдэг. Гэтэл үүний цаана далд байгаа зүрх судас, бөөрний эмгэгүүдийг маш их хурдасгадаг, хүндрүүлдэг, нигуур маш муутай эмгэг. Цаана нь организмд бол бөөр, зүрх болон бүх эрхтэнд адилхан нөлөөлдөг.

Зүрхний судасны хатууралтай болох, бөөрний чулуу үүсгэх, чулуу үүсэхгүй ч бөөрний үйл ажиллагааг доройтуулах зэргээр хүндрэл өгдөг. Мөн тулай үүсгэхгүй, үенд өөрчлөлт өгөхгүй ч шээсний хүчил хэт өндөр байдаг хүмүүс зүрх судас, бөөрний дутагдалд ордог. Тэгэхээр зөвхөн үе гэмтсэнээр илэрдэг юм байна гэж бодож болохгүй. Цаад талдаа маш аюултай эмгэг байдаг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

-Эмчилгээний хувьд төгс эмчлэгддэг үү. Ойрхон дахиж байна гэдэг юм билээ?

-Эмчилгээний хувьд асар хэцүү, яг сахарын өвчин шиг. Шээсний хүчлийн гаралт, ялгаралтыг сайжруулдаг эмүүд, мөн нөгөө талдаа үүсэлтийг нь багасгадаг эмүүд бий. Ийм хоёр чиглэлийн л эм уудаг. Эмээ тогтмол ууна. Манайхан 7-14 хоног, cap уугаад л эмээ хаячихдаг. Тэгэхээр эдгэхгүй, хэзээ ч хүчлийн үйлдвэрлэл зогсохгүй шүү дээ. Бид хоёр төрлийн эмээр эмчлэхээс гадна цус ханах эмчилгээ хийж байна. Дэлхийд тулайг эмчлэх тодорхой амжилт олсон, гарцаагүй сайн эм байхгүй, туслах чанарын эмүүд л байгаа. Тэгэхээр тулайтай хүмүүс байсхийгээд дахиад байна, янз янзын хүндрэлүүд гараад байна гэдэг нь ерөөсөө сайн эмчилж чадахгүй байна гэсэн үг.

Энэ өвчнийг эмчлэхэд дэглэм их шаардана. Ялангуяа хоолны дэглэмийг маш сайн барьж, хөнгөн хооллох ёстой. Архи, дарс хорино. Одоо үед хоол ундны чанар сайжирч уураглаг хоол их иддэг, архи дарсны хэрэглээ маш өндөр, энерги, жингийн илүүдэлтэй байгаа нь өвчний шалтгаан болж байна. Тэгэхээр энэ өвчнөөр өвчилсөн бол өлөн зэлмэгдүүхэн байж дэглэм барина, мөн хөдөлгөөнтэй байна. Ийм маягаар дэглэм барьж чадвал дахилт харьцангуй багасна. Түүнээс яг бүрэн эдгэнэ, сайжирна гэдэг хэцүү. Г эхдээ бүр эдгэршгүй айхавтар юм биш.

Сүүлийн үеийн судалгаагаар, зөвхөн архи дарс ч биш, чихэрлэг, хийжүүлсэн ундаа хүртэл тулайг үүсгэхэд нэмэртэй, нөлөөтэй байна гэж байна. Хүмүүс би архи дарс их уугаагүй, айхавтар мах шөлтэй, өндөр уураг, илчлэгтэй юм идээгүй байхад яагаад тулайтай болчив гээд байдаг. Гэтэл бодисын солилцооны үндсэн явах зам нь нэгэнт эвдэрсэн, гэмтсэн, хямарсан болохоор тэр нь чихэрлэг ундаа уусан ч үүсч байх хэмжээний болоод байна. Нөгөө талдаа шингэн сайн уухыг зөвлөдөг. Өдөрт гурван литрээс доошгүй шүлтлэг талдаа ундаа, ус шингэн уувал шээсний хүчлийн ялгаралтыг сайжруулж өгч байна.

-Шинж тэмдгийн хувьд хөлийн эрхий хурууны үе хавдсанаар илрэх үү?

-Тулай өвчний шинж тэмдэг тэгж эхэлдэг ч сүүлдээ хүндрээд ирэхээр энд тэндгүй овгор овгор биет үүсгэдэг, үл мэдэх өөрчлөлтүүд гардаг. Ерөөсөө л цусан хангамж удаан үргэлжилдэг захын мэдрэлүүд, хөлийн эрхий хурууны үе, чихний омгон дээр жижиг бондгор гардаг. Тэр нь шээсний хүчлийн хуримтлал үүсэж, тэндээ үрэвсэл өгөөд, ээдэм шиг юм үүссэн байдаг ч тэрийг нь микроскопоор харвал яг л зүү шиг үзүүртэй талстууд байдаг. Маш их өвддөг, маш зовуурьтай. Гэхдээ чих хөдөлгөөн багатай учир өвдөлт нэг их өгөхгүй.

Сахартай хүмүүс хэмжүүлээд, үзүүлээд, анхаараад явдаг. Гэтэл шээсний хүчилд тэгж анхаарч чадахгүй байна. Уг нь энэ хоёр бараг ах дүү хоёр шиг цуг явж байдаг гэж ойлгож болно. Төмрийн илүүдэл, өөх тосны илүүдэл, шээсний хүчлийн илүүдэл, сахарын илүүдэл зэрэг бүгд багцалж явдаг. Зөвхөн сахарын, эсвэл төмрийн илүүдэлтэй байна гэж байхгүй. Сахарын өвчтэй, эсвэл өөх тосны илүүдэлтэй хүнд шээсний хүчил ихэссэн байдаг. Тэгэхээр бид бодисын солилцоонд цогцоор нь анхаарах ёстой юм.

-Түрүүнд та цус ханах эмчилгээ хийж байна гэж ярьсан. Хэр үр дүнгээ өгдөг юм бол?

-Манайд цус ханах эмчилгээ нэвтрүүлээд арваад жил боллоо. Ялангуяа бодисын солилцооны багц хямралтай, өөх тосны, жингийн, сахар, төмрийн илүүдэлтэй байгаа хүмүүст цус ханах эмчилгээ хийж байгаа. Жилдээ, улиралдаа, ялангуяа 40-50-иас дээш насныхан эсрэг заалт байхгүй бол цусаа хануулж байхад маш их үр дүн өгдөг. Иймэрхүү эмчилгээнүүдийг бид хийгээд, ажиглаад, цусан дахь бодисыг хянаад явбал тулай өвчнөөс ангид байж болно.

Цус ханана гэдгийг сүүлийн үед хүмүүс сайн ойлгохгүй байна. Хэдхэн мл цус авхуулаад цусаа хануулсан гэж ярих юм. Жишээ нь, банк тавьж, хануур самнуур хийж хануулахад 40, 50-100 мл-ээс илүү авахгүй байгаа. Харин бид цус ханах эмчилгээний тактикаар 500 мл хүртэл авдаг. Тэгж авч байж сая үр дүнд хүрдэг. Тэр нь цус багадалт, уураг багадалтад хүргэдэггүй. Харин ч бие нь хөнгөрөөд, царай нь шингэрээд, нөгөөх шээсний хүчил, цусан дахь өөх тос маш сайн буурч ирж байгаа. Тийм эмчилгээнүүдийг хийх нь тулайтай хүмүүст үр дүн сайтай байдаг юм.

-Хүйсийн хувьд эрчүүд дийлэнх, мөн 40-өөс дээш насныхан илүү өвчилдөг гэж үнэн үү?

-Ихэнх нь, бараг 70-80 хувь нь эрчүүд байдаг. Гэхдээ тулайтай эмэгтэйчүүд бас байна. Гэхдээ цөөхөн. Энэ нь эмэгтэй хүний дааврын зохицуулга, онцлогтой холбоотой. Cap бүр сарын тэмдэг ирдэг, муу цусыг гадагшлуулж байдаг зэрэг нь байгалиасаа хануулж, тулай үүсгэхгүй байх шалтгаан болж байдаг. Тиймээс эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа, ялангуяа 55-аас дээш насанд илүү анхаарах хэрэгтэй.

-Зарим хүн үе хавдахаар үе мөчний өвчинтэй андуурдаг юм билээ?

-Үе мөчний өвчин бол тусдаа өвчин, холбогч эдийн эмгэг, гэмтэл, дархлааны гаж урвал юм. Тулай гэдэг бол ерөөсөө л цусан дахь шээсний хүчил хэт ихсээд талст үүсгэдэг эмгэг. Түрүүнд хэлсэн, хөлийн эрхий хурууны нэгдүгээр үеэс өвдөж эхэлдэг нь унтах, хэвтэх үед тэнд цусан хангамж нь хамгийн удаан, буурсан байдагтай холбоотой. Үе бол тэжээл багатай байдаг болохоор хамгийн боломжийн нөхцөл болдог.

Тэгэхээр талст үүсмэгц маш хүчтэй үрэвсэл, маш хүчтэй өвдөлт явагддаг. Нэг шөнийн дотор хөдөлж чадахгүй болдог. Хөнжлийн даавуу ч хүргэхээргүй маш хүчтэй өвддөг. Гэхдээ энэ өвдөлт бол эмч хүний хувьд хэлэхэд мөсөн уулын орой, жижигхэн хэсэг нь гэсэн үг. Яг цаагуураа маш аюултай, бөөр, зүрх судасны эмгэгийг үүсгэдэг учир өргөнөөр нь бодож, сууриар нь эмчлэх ёстой.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Дэлгэрцэцг
     (122.201.21.***)
    2022/05/18 12:59

    Мэдээлэл таалагдлаа 1 р эмнэоэгт танайд очиж үзүүлж болно биздээ холбоо барих утас аа та өгч болох уу

    (0) (0)