Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо. Ирэх 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Азийн хөгжлийн банкны зүүн Азийн газрын захирал Эйми С.П Лиун, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагдорж болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.
Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг тус дүүргийн хувьд, 157 мянган оршин суугчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 38 хувьтай байна. Нээлтийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал бодлоо солилцсон юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийг хүртэл нийслэлийн есөн дүүрэг ийм жишиг эмнэлэггүй байсан. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнглөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг жишиг эмнэлэгтэй болох гэж байна. Эмнэлэгийн барилга, угсралтын ажлын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна. Энэ эмнэлэг баригдсанаар нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийн ард иргэдийн эмнэлэгийн тусламж, хүртээмж сайжирна. Энэ эмнэлэг нарийн мэргэшил, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд гээд үндсэн долоон чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ. Энэ эмнэлэгт ажиллах 180 гаруй хүнийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван жилийн хугацаанд тэтгэлэгтэйгээр, үнэ төлбөргүй сургаж байгаа. Энэ 180 хүнээс 150 гаруй нь сувилагч, туслах сувилагч гэдгийг хэлэхэд таатай байна. Хүчин чадлын хувьд жилдээ дунджаар 10 мянган хүн хэвтэж эмчлүүлэх, 47 мянган хүн амбулаториор үйлчлэх боломж бүрдэнэ” хэмээв.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төсөл нь нийт 45.1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 14.5, мөн АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 25 сая, Монгол Улсын Засгийн газраас 4.5 сая ам.долларын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж байна. Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, барилгын зураг төслийг БНСУ-ын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын “Вамед” ХХК ажиллаж байгаа юм.
Төслийн хүрээнд шинэ эмнэлгийн дүрэм журам, стратеги төлөвлөгөөг боловсруулж, бие даасан даасан байдлыг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг шат дараатайгаар хийхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хүн амын өсөлттэй холбоотойгоор нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмж тулгамдсан асуудал болоод байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Улаанбаатар хотод анхны жишиг нэгдсэн эмнэлэгийн барилга, угсралтын ажлын нээлт өнөөдөр болж байна. Үргэлжлүүлээд Азийн хөнгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг барих асуудал яригдаж байгаа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 өрхийн жишиг эмнэлэг, 22 цэцэрлэг, 9 сургууль барихаар болсон” хэмээлээ.
Жишиг нэгдсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтныг сургасан байна. Энэ дагуу өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдлагууд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд батламжийг нь гардуулж өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.