Охидын хүсэл /өгүүллэг/

2018 оны 06-р сарын 11 өдөр, 17 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
34502269_645415642478266_8530846691094429696_n

Миний муу аав намайг явчихаар ганцаараа яанаа. Талд ургасан өнчин хайлаас шиг эр ганц аавд минь наашаа гэх хамаатан саданч үгүй хэцүү юм даа. Ядаж нутаг усандаа байсан бол аштай юу. Хөхөөч амлаагүй өнчирч үлдсэн улаан нялзрай амьтаныг өсгөнө гээд авдаг мөн бөх зүрхтэй хүн шүү аав минь.

Юмны учир ойлгохгүй балчир насандаа – Айлын хүүхдүүд ээжтэй байхад надад яагаад байдаггүй юм гээд аавыгаа мөн ч их зовоодог байж дээ. Хөөрхий аав минь төөрөг хатуу тавилангийн тойрог тоглоомд хожигдож хайраар учирсан бүсгүйтэйгээ ханилахын заяа дутсан ч хоёргүй сэтгэлийнх нь баталгаа болсон хонгор үр намайгаа хүний зэрэгт хүргэсэн ачтан.

Хайртай бүсгүйгээ алдсандаа итгэж ядан дүйнгэтсэн аавын минь өвөр дээр хөхөөч амлаагүй нялзрай намайг шидээд – эхийнхээ толгойг залгисан, өлөн шээсээ аваад зайл хэмээн шороо цацан хоцорсон өвөг эцгийн минь барааг дахин хараагүй гээд аав минь ганц л удаа нулимс унаган дурссан билээ.

Гал халуун хайраас нь соёолсон ганц охиноо өсгөхөөр өөрийгөө мартан зүтгэсэн тоодон Жамбалын охин Гэрлээ дээд сургуулийнхаа төгсөх ангийг гадаадад суралцахаар ангиасаа шалгарч удахгүй явах болчихоод нойр нь хулжин санааширч суугаа нь энэ билээ.

Саяхны нэг өдөр ангийнхантайгаа уулзаж аавыгаа орхиод явж чадахгүй тухайгаа уйлан хайлан ярихад ангийнх нь улаан Баяраа гараа өргөн – Ганц л арга байна. Аавдаа авгай аваад өгчих, Тэгвэл аав чинь ханьтай, чи санаа амар, би очих айлтай хичнээн сайхан байхав гээд бусдынхаа элгийг авчих дөхөв.

Гэтэл өөртэй нь хамт гадаад явах ангийнх бүсгүй , халамжлан хүмүүжүүлэгч Сайхнаа эгч нь – хүүе ээ манай ээжтэй дурлалцуулчих л даа. Хоёулаа жинхэнээсээ эгч дүү болчихно. Би ч бас ээждээ сэтгэл зовоод л байна. Ааваас хойш их ганцаардсан юм. Ханиндаа цайгаа хувааж уугаад сууж байг. Яг таарна гэв.

Хэдийгээр тоглоом шоглоом ч гэлээ энэ яриа Гэрлээд их зөв санагдаж байлаа ч аавдаа энэ тухай ярих ямарч боломж гарсангүй.

Гэтэл өнөө орой Сайхнаа гэрт нь ирээд явахдаа – маргааш ямар нэг шалтаг гарган аав ээж хоёроо уулзуулна. Сайн бодож бай гэчихээд явжээ. Санаандгүй байсан Гэрлээ сандарч орхив. Уг нь Сайхнаагийн ээж налайсан сайхан авгай байдаг билээ. Хичнээн сайхан зантай ч гэлээ насаараа эмч хийсэн цэмцгэр ганган тэр эгч хар бор ажилд гамгүй нухлагдсан бүдүүн бараг аавд нь арай л тохирохгүй санагдана.

Тэгээд ч насаараа ганцаар явсан аав нь дэргэдээ ханьтай байлаа гээд таарч тохирохгүй бүр ч хэцүү юм шиг санагдаад шөнөжин тарчилав. Бас… нөгөө аманцар сэргэлэн Сайхнаа эгч юу төлөвлөчихөөд манаргаж яваа бол гэхээс бүр ч сэтгэл зовно. За ямар ч байсан өглөө эрт Сайхнаа эгчтэй уулзаж энэ төлөвлөгөө бүтэхгүй гэдгийг хэлж эртхэн болиулъя гэж бат шийдээд сэтгэл жаахан тайвширч, түр дугхийв.

Өглөө эрт боссон Гэрлээг аав нь – Миний хүү хаашаа явах нь вэ. Унтахгүй яасан юм гээд гайхангуй ширтэхэд – Ааваа би удахгүй ирнэ. Хүнтэй уулзах ажил байна. Та гарахгүй биз дээ гээд эрхлэн үнэсүүлээд гарч одов .

Сайхнаа тэр хоёр нэлээд ярилцаж, баахан төлөвлөгөө зохиосны эцэст азаа үзэхээр шийдэцгээв.

Эхлээд Сайхнаагийн ээжтэй уулзав. Урьд өмнө нь хичээл ном, шалгалт шүүлэг гээд хоёр гэрээрээ орж гардаг болохоор ээж нь сүйд болон угтлаа. Насаараа эмч хийсэн тэр сайхан ээж Гэрлээд урьд урьдаас дотно санагдах нь сонин байлаа.

– За миний хоёр охин хүний газар эв найртай байгаарай. Бие биендээ туслацгааж яваарай.

– Тэгэлгүй яахав ээ. Ээжээ харин манай Гэрлээ аавдаа санаа нь зовоод явахаа болий гэнээ. Гэрлээгийн оронд манай нөгөө ангийн аймаар архи уудаг нэг залуу явна гээд гүйгээд байгаа гээд Гэрлээрүү нүд ирмэн жуумалзав.

– Еэ бурхан минь юу гэсэн үг вэ. Тийм аймаар залуутай явах бол ээжийнх нь санаа зовоод сууж чадахгүй.

– Аав нь яасан юм. Миний охин яагаад санаа зовиноод байгаа юм.

– Ээжээ Гэрлээгийн ээж нь төрөхийн хүндрэлээр бурхан болчихсон гэнээ. Аав нь охиноо өөрөө өсгөх гэж зүтгэсээр байгаад эхнэр ч аваагүй гэсэн. Тэгээд одоо ах дүү ч үгүй болохоор ганцаар нь үлдээхээс манай Гэрлээ санаа нь зовоод байгаа юм.

– Өө харла аргагүй ш дээ. Эвий дээ зайлуул. Бие хаа нь гайгүй юү. Настай хүн бол санаа зоволгүй яахав. Бие хааг нь би үзүүлээд өгөх юмсан.

– Тэгээч ээжээ. Таны шавь нар байгаа биз дээ. Бас та аавтай ярилцаад үзэл дээ. Би ганцаараа архичин залуутай хүний газар яах ч юм билээ.

– Тэгье охин минь би дагуулаад эмнэлэгээр явья.

Хөөрхий хүний эх болсон хойно ганц охиныгоо гэсэн сэтгэлээр нь далимдуулж хэрхэн тоглож байгааг нь харахад мэргэжлийн жүжигчнээс дутах юмгүй аж.

– Ээжээ Гэрлээгийн аав нь бид хоёрыг аваад өдрийн амралтанд явъя гэсэн. Та цуг явчих. Тэгэнгээ та танилцаад биеийг нь үзээд өг тэгэх үү.

– Ээж нь таньж мэдэхгүй юм чинь яаж цуг явах вэ.

– Та цуг явчихаа. Аав бид гурав л явна. Манай аав дуугай хүн. Та жаахан уйдах байх.

– Өө манай ээж ёстой хөгжилтэй. Тиймээ ээжээ . За тохирсон шүү. Юмаа бэлдээрэй.

Сайхнаа Гэрлээд гарч бай гэж дохиод ээждээ аминчирхан: – Ээжээ Гэрлээ боличихвол би яахын. Та аавыг нь сайн найраад өгөөрэй гээд нүд ирмэн гарч гүйлээ.

Хоёул хөтлөлцөн гүйсээр гэрээсээ холдмогц элгээ хөштөл инээлдэв.

– За одоо танайд очно. Одоо чиний ээлж шүү .

– Би яанаа аавд мэдэгдчих вий дээ. Намайг худлаа хэлэхээр аав анзаараад байдаг юм.

– Тэгвэл хамаг төлөвлөгөө нурна шүү. Ядаж чи эхлээд өг.

Тэр хоёрыг ирэхэд аав нь хуушуур хайрч суув. – Өө миний охид хуушуур ид.

– Ааваа Гэрлээ ээжтэйгээ та бид хоёрыг маргааш өдрийн амралтанд урьсан. Маргааш эрт явна шүү.

– Аав нь яах юм бэ. Миний охин яваад ир.

– Өө тантай манай ээж танилцаж, бид хоёрын оюутаны байрны зардал мөнгийг ярья гэсэн юм.

– Зүгээр л уулзчихая. Би тийм амралтын газар мазар очиж үзээгүй хүн. Юм мэдэхгүй шившиг болно. Юүхэв юүхэв.

– Ааваа Сайхнаагийн ээжийг та гуйгаад өг л дөө. Тэгэхгүй бол гадаад оюутаныг негр мегртэй оруулдаг гэсэн. Би тэгвэл явахаа болилоо. Та ч гэсэн ганцаараа хэцүү.

– За за олон хүн явахгүй бол явъя явъя.

ххх ххх ххх

Сайхнаа, Гэрлээ хоёрын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байсан ч гэлээ эцсийн үр дүнд хүртэл болоогүй л байлаа. Тэр хоёр аль аль нь ээж аавдаа эрхэлж явсанаас илэн далангүй ярилцаж байгаагүйгээ ойлгож, ярилцахаар хэд хэдэн удаа оролдсонч бүтэлтэй болсонгүй.

Харин Сайхнаагийн үгэнд итгэсэн ээж нь тоодон Жамбалыг дагуулан хэд хэдэн эмнэлэгээр орж нарийн мэргэжлийн шинжилгээ өгөхдөө Гэрлээг сургуульд явуулахыг л ухуулж байлаа.

Үе насны үхэр хонин жилтэй хоёр хөгшин хоёр хүүхдийнхээ юм хумыг хамтдаа бэлдэж, дэлгүүр хоршоогоор хамт явж хоорондоо овоо нүүр хагарчээ. Ихэнхдээ Нансал эмч сонгож, тоодон Жамбал нэг их зөрөхгүй, толгой дохин зөвшөөрч явав. Энэ үед Сайхнаа, Гэрлээ хоёр санаа амар гадуур зугаалж явав.

Онгоц нисэх өглөө тэр дөрөв нисэх буудалд уулзацгаав. Гэрлээ нулимстай нүдээр Сайхнаагийн ээжрүү хараад – Аниа хоёулаа уулзаадах уу гэж гараас нь хөтлөн холдсоноо – Та энэ захидлыг намайг явахаар аавд өгчихгүй юү. Би өгөхөөр уйлчихгээд байна. Бас аавтай минь ярилцаж байгаарай. Таныг би ээж шигээ л санаж явна гээд дугтуйтай захиа өглөө. Харин энэ үед Сайхнаа тоодон Жамбал гуайг аргадангуй хараад – Та Гэрлээд битгий санаа зовоорой. Би дүү шигээ л харж , хамгаалж явна. Харин та ээжид минь хань болж, эргэж тойрч яваарай. Бас энэ захидлыг намайг явсаны дараа ээжид өгчих. Одоо өгөхөөр би уйлчихна гээд дугтуйтай захиа өглөө.

Хоёр хүүхдээ үдэж өгөөд бяцхан хямарцгаасан хоёр хөгшин яльгүй тайширцгаан салхинд зогсоцгоосоноо нөгөө захидлуудаа гэнэт санацгаан, – Өө мартах нь май захиагаа ав, хүүе надад бас өөрт чинь өгөөрэй гээд үүнийг өгсөн гэцгээн бие биерүүгээ сарвайсанаа санд мэнд уншицгаагаад хоёулаа бие биенийхээ нүүр өөд харж чадахгүй сандран байв. Юу гээд байгаа хүүхэд вэ хэмээн Жамбал бувтнасанаа эргэлзэж тээнэгэлзсэн шинжтэй зориггүйхэн хараад – Энэ, энэ танай охины захиа, үгүй ээ танай охин надад бичиж гээд захидлаа сарвайвал, Нансал эмч ч бас нүд дүүрэн нулимстай – Энэ ч бас Гэрлээ надад бичиж гээд салганасан гараар захидлаа солин хоёр тийшээ харан захидлаа үзэнгүүт, хоёул эхэр татан уйлалдан захидлаа уншицгаав.

Гэрлээгийн захидал: Аниа таныг энэ захидлыг уншиж байхад би эгчтэйгээ хамт нисээд явж байна. Би өнөөдрөөс эхлэн таныг – Ээжээ гэж дууддаг болохсон. Миний аав ганцхан миний төлөө амьдарч, залуу сайхан насаа ганцаар өнгөрөөсөн. Аав минь намайг зүйрмэглэж хэвтэхэд надруу харан чимээгүйхэн уйлж байхыг би олонтоо харсан. Надад ээж, эгч хэзээч байгаагүй. Би хэзээч – Ээжээ гэж дуудаж үзээгүй. Миний аав их сайн хүн, та миний аавыг битгий голоорой. Таныг харах бүр ээж гээд дуудмаар санагддаг. Та миний ээж болоорой. Дараа дөрвүүлээ жаргалтай уулзая гэсэн байлаа. Харин Сайхнаагийн захидал : — Жамбал ахаа Гэрлээ бид хоёр эгч дүү болохоор шийдсэн. Таны хийсэн амттай хуушуурыг идэж байхдаа ийм сайхан аавтай болохсон гэж мөрөөддөг байсан. Ээж минь их ганцаарддаг. Цагаан сараар, битүүний өдрөөр ээж бид хоёр хоёулахнаа сууж байдаг. Хөдөө ганц удаа явахад хээр дугуй хагараад сольж чадахгүй шөнөжин айж хонож байлаа. Тийм үед ээжийгээ их өрөвддөг. Гэрлээ бид хоёрын хүслийг та хоёр биелүүлээрэй. Би дүүгээ хүний газар сайн харнаа баяртай ааваа. Дараа дөрвүүлээ хөдөө гоё явна. Баяртай гэсэн байлаа.

Адилхан ганцаардсан, сэтгэл нь догдолсон хоёр хөгшин анх удаа бие биенээ огт өөр нүдээр харцгаан, түүнээсээ болж хэн хэн нь ичиж, нүүр буруулах ажээ. Урд урдаасаа харан уйлан суугаа хоёр хөгшинийг хажуугаар нь өнгөрөх залуус өхөөрдөн өрөвдөн харцгаах ажээ.

Магадгүй хувь заяаны эргүүлэгт төөрч будилсан хоёр амраг, насны намар айлчилан ирэхэд хоёр биенээ олж уулзсан байхыг үгүй гэх газаргүй билээ.

Жаргал зовлон ээлжилсэн хүмүүний амьдрал баян дүүрэн ажээ.

Зохиолч С.Пүрэвсүрэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх